“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн О.Энхмаа өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ "Анх 2010 онд Нийслэлийн Дөрөвдүгээр Амаржих Газрын барилын ажилд зориулж улсын төсвөөс нийт 18 тэрбум 707 сая төгрөг төсөвлөн 2013 онд багтаж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч барилгын ажил санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар 50 хувьтайгаар зогсоод удаж байна. “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ дээрх асуудлаар холбогдох Төрийн байгууллагуудад удаа дараа хандаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй өдийг хүрлээ. Эцэстээ энэ асуудлаар энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр АТГ-т хандсан боловч бас л ямар ч хариу авч чадаагүй байна." гэв.
Мөн тэрээр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн газруудыг энэ асуудлын талаар ард түмэнд бодитой мэдээлэл хүргэж олон нийтийн санал цуглуулах ажилд түлхэц болохыг уриалсан юм.
Харин тус байгууллагаас Нийслэлийн СХД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэр болох Тахилтад 120 ортой /төрөх, мэс засал, нярай хүүхэд, лаборатори / цогц шийдэлтэй эмнэлгийг шинээр барьж байгуулах санал дэвшүүлсэн нь дэмжигдэж барилгын зураг нь батлагдсан нааштай мэдээ байна.
Тахилтын эмнэлгийн барилгын ажлыг хурдан эхлүүлэх зорилгоор “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас санаачлан хандивын аяныг хоёр дахь удаагаа эхлүүлээд байна. Энэ удаагийн аяны хүрээнд 2015 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” нэртэй хандивын тоглолт зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолтоос цугларсан мөнгөөр Тахилтын эмнэлгийн барилгын суурь цутгах ажил санхүүжих юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!