Зам Тээврийн сайд М.Зоригт долоо хоног бүрийн Даваа гарагт шуурхай хурлаа хийж, харьяа газрынхаа дарга нартай уулзаж, үүрэг даалгавар өгдөг болсон билээ. Тэгвэл сайдын шуурхай хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм.
Тухайлбал, НАЗГ-ын дарга Д.Нанзаддоржид нийтийн тээврийн автобуснууддаа GPS суулгахыг үүрэг болгов. М.Зоригт сайд “Авто тээврийн үндэсний төв өнөөдрийн байдлаар 640 тээврийн хэрэгсэл, таксины үйлчилгээнд явж байгаа машинуудынхаа 90 гаруй хувьд нь GPS тавиад байна. Харин Нийслэлийн нийтийн тээврийнхэн хот дотор явж байгаа автобуснуудад GPS тавиулахгүй гэсэн байна. Заавал GPS тавих ёстой. Танай галзуу хулгана шиг автобусан дотор жирэмсэн эмэгтэй төрмөөргүй байна шүү" хэмээн хатуухан сануулсан байна.
Үүнээс гадна М.Зоригт сайд авто зам, тээвэр, төмөр зам, агаарын тээврийнхэнд зориулж, аюул осол зөрчлөөс сэргийлэх онцгой албан даалгавар хүргүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!