ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа.
-Цас, бороо ойр ойрхон орсны улмаас энэ жилийн ургац хураалтын урьдчилсан балансад өөрчлөлт орох нь тодорхой болсон гэсэн мэдээлэл байна. Бодит байдал ямар байгаа вэ?
-Жил бүрийн намар өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ жилийн намар тариалан эрхлэгчдэд хүндрэл ихтэй болж өнгөрлөө. Есдүгээр сард нэг өнжөөд л бороо орсон.
Сүүлдээ дөрвөн ч удаа цас орлоо. Есдүгээр сарын 21, 22-нд орсон цас нийт 35 мянган га хамарсан. Үүнээс болж тариа налах, хугарах асуудлууд гарсан. Харин аравдугаар сард газар тариалангийн бүсэд харьцангуй бага цас орсон учраас нэг их хүндрэл учруулаагүй.
Тариалан эрхлэгчидтэй уулзаж байхад цас орсноос хойш нэг га-гаас авах ургац хураалт 1.5-2 центнерээр буурсан гэсэн. Энэ нь тариа налсан, хугарч унасантай холбоотой. Үүнээс гадна цаг агаарын нөхцөл байдлаас болж ангилан хадалт явуулалгүйгээр шууд хурааж байгаа учир хаягдал хорогдол ихтэй байна.
Ургацын урьдчилсан балансаар бид 404 орчим мянган тонн ургац хураах боломжтой гэсэн тооцоог гаргаад байсан. Өөрөөр хэлбэл нэг га-гаас 14.8 центнер улаан буудай хураана гэсэн үг. Ургац хураалтын ажил өнгөрсөн сарын 5-наас эхэлсэн.
Энэ сарын 23 гэхэд тариа хураалтын ажил дуусч, тариаланчдад дараагийн шатны ажил буюу үр тариагаа борлуулах ажил өрнөнө дөө.
-Өнөөдрийн байдлаар хэдэн тонн улаан буудай хураагаад байна вэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 350 мянга орчим тонн үр тариа хураагаад байна. Дунджаар нэг га-гаас 13 центнер буудай хураасан гэсэн үг. Одоогийн байдлаар өмнөх балансаас 10 орчим хувиар дутуу ургац хураах болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ энэ тоо ургац хураалтын төгсгөлд өөрчлөгдөх болно.
-Тариаланчдаас худалдаж авах улаан буудайн үнэ нэмэгдсэн. Дээрээс нь ургац хураалт тааруухан байна?
-Буудайн үнийг төр тогтоохгүй гэсэн зарчмыг баримталж байгаа. Гэсэн ч ямар нэгэн байдлаар оролцохгүй бол болохгүй байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалт эхлэх үеэр хөнгөлөлттэй зээл олгодог.
Зээлийн эргэн төлөлтийн 30 хувийг нь бэлэн мөнгөөр, үлдсэнийг нь намар бүтээгдэхүүнээр нь авдаг. Энэ бол хүүгүй зээл учраас эдийн засгийн хувьд аж ахуйн нэгжүүдэд ямар ч дарамт учрахгүй.
Тариалан эрхлэгчдээс өрөндөө буудай авахын тулд салбар яамнаас үнэ хэлэх шаардлагатай болно. Энэ үнийг тогтоохдоо тухайн жилийн улаан буудайн өөрийн өртөг, гадаад зах зээлийн үнэ ямар байгаа гэх мэтийг дундчилж харьцуулаад үнэ тогтоодог. Энэ жилийн хувьд нэг тонн буудайг 320 мянган төгрөг гэж тогтоосон.
Дээрээс нь үнэ тогтворжуулах хөтөлбөр, тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор Засгийн газраас нэг тонн буудайд 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа.
-Тариа хураалт урьдчилан тооцоолсноор 10 хувиар буурсан тохиолдолд дотоодынхоо зах зээлийг хангаж чадах уу?
-Энэ жил манай Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр нөөцийн будаа үндсэндээ байхгүй. Өмнөх жилүүдэд хуримтлуулсан улаан буудайгаа энэ жил үйлдвэрт нийлүүлчихсэн. Харин гурилын үйлдвэрүүдэд нөөцөлсөн хэдэн тонн буудай бий гэсэн нарийн тоо гаргаагүй байна.
Ойролцоогоор “Алтан тариа” ХХК 30 орчим мянга, “Улаанбаатар” 6-10 мянган тонн гээд гурилын үйлдвэрүүд өөр өөрийн гэсэн буудайны нөөцтэй байгаа.
Урьдчилсан балансаар тооцож үзэхэд үр нөөцлөөд, тэжээл, үйлдвэрийн буудайгаа хангаад гурилын үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангахаар байсан.
Харин одоо ургац хураалтын эцсийн дүнг гаргахдаа байгаа бүх нөөцөө тооцож үзнэ. Магадгүй тодорхой хэмжээний буудай импортлохыг үгүйсгэхгүй.
-Өнгөрсөн жил буудайн чанар муу байна гэсэн шүүмжлэл их гарсан. Харин энэ жилийн бороо хур буудайн чанарт хэрхэн нөлөөлөв?
-2012 оны наймдугаар сарын 20-ны үеэр ихэнх нутгаар цочир хүйтэрч хяруу унаснаас болж нийт ургацынхаа 60-70 хувийг хяруунд цохиулж байсан. Ингээд гүйцэд боловсроогүй буудай хяруунд цохиулснаар цавуулаг нь муудсан тал бий.
Энэ жил хяруу жам ёсоороо есдүгээр сарын дундуур унасан. Тиймээс буудайн чанар сайн байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!