Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Оросын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа

open.parliament.mn
2015 оны 10 сарын 22
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа. 

Хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх байв.

Хэлэлцүүлгийн эхэнд уг асуудалтай холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нэмэлт тайлбар хийсний дараа хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь нь дэмжсэнээр хэлэлцээрийг соёрхон баталлаа.

Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьсан. ОХУ-ын ЭСЯ-ны 2013 оны 3 дугаар сард ноот бичгээр оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн байна.

Энэ дагуу Засгийн газраас өргөн бариад байсан Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан.

Оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” болгон өөрчлөх саналыг ирүүлсэн

Тэрбээр, манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо оросын талын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газар төсөлд Оросын талын хувьцаа эзэмшигчийг “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Үүний мөрөөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн юм.

Оросын талд тус асуудлыг уламжилсан боловч манай талын саналыг  хүлээж аваагүй, харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэж санал дахин тавьсан. Иймд асуудлыг Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэн. Гарын үсэг зурах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 136 тоот захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд Р.Жигжид  2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан болно.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйл, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлтэд дээрх протоколыг Засгийн газрын өргөн мэдүүлсэнээр соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, А.Бакей, Ж.Энхбаяр нарын гишүүд асуулт асууж, тодруулга хийв.

Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа.