Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын ATM машин үйлдвэрлэгч Diebold компани өөрийн өрсөлдөгч Германы Wincor Nixdorf компанийг 1.7 тэрбум евро буюу $1.9 тэрбумаар авах санал тавьснаа мэдэгджээ.
Diebold нь Wincor-ын Баасан гарагийн хувьцааны хаалтын ханшнаас 35 хувь илүү үнэ буюу нэгж хувьцаанд нь 52.50 еврогийн бэлэн мөнгө, хувьцаа төлөх санал тавьсан байна.
Ройтерс өмнө нь дөрөвдүгээр сард Wincor хөрөнгө оруулалтын банкнуудад компаниа худалдахад нь хамтарч ажиллах хүсэлт тавьж, харин зургаадугаар сард Diebold-той хэлэлцээр хийж эхэлснийг мэдээлж байв.
Германы банкны үйлчилгээний зах зээл суларсан, Орос, Хятад дахь бизнесийн орчин муудсан, Европт хийсэн хөрөнгө оруулалтууд нь удаан нөхөгдөж байгаа, ATM машины үнэ унаж байгаа зэрэг шалтгаануудаас болоод Wincor гурав дахь санхүүгийн улиралдаа алдагдал хүлээж, ажлын байрнуудаа цомхотгож эхлээд байсан юм.
Ингэж хямрах болсон бас нэг шалтгаан нь онлайн банк болон электрон худалдаа нэмэгдэж, банкнууд зардлаа бууруулах эрмэлзлэлтэй болсноос үүдэлтэй.
Хоёр компаний наймаа ирэх хоёр сарын хугацаанд үргэлжилж дуусахаар байгааг энэ ажиллагаанд ойр байгаа эх сурвалжууд мэдээлжээ. Энэ хугацаанд тохиролцсон нэгж хувьцааны үнэ болох 52.50 евро нь өөрчлөгдөхгүй гэнэ.
Wincor нь NCR Corp, Diebold компаниудын дараа гуравт ордог ATM үйлдвэрлэгч бөгөөд зах зээлийн үнэлгээ нь $2.2 тэрбум юм.
Wincor нь Европын зах зээлд хүчтэй тоглогч, Diebold нь Америкийн зах зээлийн гол тоглогч гэдэг утгаараа тэдний нэгдэл шударга өрсөлдөөний зарим нэг асуудалтай тулгарч магадгүй гэнэ.
Гэхдээ ATM үйлдвэрлэгчдийн хямрал богино хугацаанд үргэлжилж, банкнууд зардлаа хэмнэхийн тулд салбаруудаа хааж илүү олон ATM машин хэрэглэх магадлал бас байгаа юм.
Wincor, Diebold компаниуд нь нийт орлогынхоо 60 хувийг програм хангамж, үйлчилгээнүүдээс олж тоног төхөөрөмжөөс үлдсэн хэсгийг олдог болоод байгаа.
Wincor нь 1952 онд Хайнц Никсдорфийн байгуулсан компани бөгөөд 1990 онд Siemens-худалдагдаж байв. Харин дараа нь 1999 онд KKR, Goldman Sachs Capital Partners-ын хамтарсан консерциум худалдаж авч байлаа. 2004 онд нээлттэй компани болж хувийн эзэмшлүүд нь зарагдсан түүхтэй.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!