Төрийн ордны хонгилоор алхаж явсан чинь ардын язгуур урлагийн “Бөртэ” хамтлагийн ахлагч, урт буржгар үсээрээ Монголчуудын хэдийнэ танил болсон хөгжимчин, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв сууж байх юм.
Монголын ардын язгуур урлагийг даян дэлхийд таниулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн эрхэм уран бүтээлч төрийн ордны эл хульхан хонгилд юу хийж суугаа нь сонин санагдаад яриа өдөн уулзлаа. Харин П.Ганпүрэв аргагүй л уран бүтээлч хүн гэсэндээ удахгүй болох томоохон арга хэмжээнийхээ талаар холбогдох албаны хүмүүстэй уулзахаар хүлээж суусан нь тэр байжээ.
-Ид ажлын цагаар завтайхан сууж байхаар тань сонирхоод хүрээд ирлээ. Ямар ажил хөөцөлдөж явна даа?
-Харин тийм ээ. Жил жилийн намар эгшиглэдэг “Алтан намар” урлагийн наадмынхаа ажлыг хөөцөлдөөд л явж байна. Хүнтэй уулзах санаатай.
-Өөрийг тань ардын язгуур урлагийн “Бөртэ” хамтлагийн ахлагч гэдгээр тань Монголчууд андахгүй. Танай хамтлагаар сонин сайхан юутай вэ. Ойрд ямар уран бүтээл хийж байна?
-Манай хамтлаг 2011 онд Монголдоо ирснээс хойш байнгын үйл ажиллагаа бараг явуулахгүй байгаа. Ерөнхийдөө манай хамтлагийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөж “Монгол угсаатны хөгжмийн товчоо”-н дээр төвлөрч байна.
Ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, “Алтай" хамтлаг, дөрвөөс 12 үеийн язгуурын өв бүтээгчид, дээрээс нь 1400 жилийн өмнө бүтээгдсэн “Алтайн ятга’’-ын судалгаа, эртний Монголчуудын ордны хөгжмийн зэмсгийн нэг Авхаг их ятгын судалгаан дээр бидний ажил үндсэндээ зангидагдаж байгаа. Түүнээс гадна ордны тойрон бүжиг гэж том соёл байсныг нарийвчлан судалж байна. Ерөнхийдөө иймэрхүү эртний Монголын соёл, түүхийн судалгаан дээр голлон ажиллаж байна.
-Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ Хөгжим бүжгийн коллежийн багш болж залуу ятгачидыг бэлтгэж байгаа юм билээ. Та бас багшилж байна уу?
-Миний хувьд энэ жилээс Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Гүйцэтгэх захирал хэмээх сонгуульт ажил хийж байна. Түүнээс гадна хөгжим бүжгийн коллеж дээр Олон улсын жааз хөгжмийн төсөл хариуцан ажиллаж байгаа. Гэхдээ миний ажлын гол цөм бол эртний Монголын хөгжим, соёлын судалгаа юм.
-Тэгвэл 2011 оноос “Бөртэ” хамтлагийн уран бүтээл үндсэндээ зогсонги байдалтай байгаа юмаа даа?
-Үгүй юм. Бид маш их уран бүтээл хийсэн. Бид “Алтай ятга”- ыг бүтэн гурван жил судалж гаргаж ирээд зөвхөн “Алтай ятга”-нд зориулан шинээр 14 уран бүтээл хийсэн. “Алтай ятга” маань 1,400 жилийн өмнөх эртний соёлын биет бус өвийг сэргээсэн төсөл шүү дээ. Энэ нь өөрөө соёлын хувьд маш их үнэ цэнэтэй зүйл. Хэдийгээр олон нийтэд төдийлөн цацаж амжаагүй байгаа ч тун удахгүй нийтийн сонорт хүргэнэ. Миний хувьд “Алтай” хамтлаг дээр 12 цоо шинэ уран бүтээл хийсэн. Саяхан АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн “Ауди” компанийн цоо шинэ "Q7” загварын рекламны хөгжим дээр ажиллаад ирсэн. Одоогоор Германы “Сонотан” компанийн Михайл Холштейн гэдэг төлөөлөгч ирчихсэн хөгжмийн студи дээр 36 уран бүтээлчтэй хамтран шинэ уран бүтээл хийгээд өнөөдөр дуусч байна.
Мөн Олон улсын жааз төслийн маань хүрээнд дөнгөж өнөөдөр Австрийн шилдэг гурван хөгжимчин Улаанбаатарт ирсэн. Эдгээр хөгжимчид маань энэ сарын 24-нд тоглолтоо хийх бөгөөд зохион байгуулалтыг нь мөн л би хариуцаж байгаа. Одоо хөөцөлдөж яваа ажил маань Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” урлагийн их наадмын нээлт энэ сарын 21- нд нээлтээ хийж, 23-нд дан хөгжмийн, 25-нд хүндэтгэлийн гала тоглолт хийх гээд бэлтгэл ажлаа хангаад дуусч байна. Товчхондоо иймэрхүү л ажил амжуулаад гүйж явна.
-“Алтан намар” урлагийн их наадмын бэлтгэл ажил гэж овоохон юм байх уу?
-Уг нь гайгүй л дээ. Гэхдээ энэ жил “Алтан намар” наадам маань 34 дэх жилдээ явагдаж байгаа юм. Бид энэ жилийн “Алтан намар” наадмаа Монголын алдарт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хийж байгаа юм. Энэ хүн бол Монголын орчин цагийн хөгжим, соёл урлагт үеийн үед балрашгүй агуу түүхэн гавьяа байгуулсан хүн шүү дээ. Орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүхэл бүтэн үеийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд нь хүргэж өгөөд явсан агуу гавьяатай буурал юм.
1957 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбоог үүсгэн байгуулж, үе үеийн хөгжмийн зохиолчдыг хуучнаар ЗХУ-д хөгжмийн дээд боловсрол эзэмшүүлсэн нь өнөөдөр Монголын хөгжмийн урлаг өдий зэрэгтэй хөгжих, залуу хойч үе нь тасрахгүй байх үндэс суурийг тавьсан үнэхээр алсын хараатай, ухаалаг хүний ажил байжээ. Өнөөдөр л гэхэд Ардын жүжигчин төрийн хошой шагналт Н.Жанцанноров, төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гээд С.Гончигсумлаа гуайн бэлтгэн гаргасан алдартай хөгжмийн зохиолчид Монголын хөгжмийн урлагийг нуруундаа үүрч явна.
Ер нь нийтдээ С.Гончигсумлаа агсны шавь нараас төрийн хошой шагналтан гурав, төрийн соёрхолт 18, өчнөөн Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтнүүдийг төрүүлэн гаргасан үнэхээр агуу хүн л дээ. Үнэндээ төр засаг болон яамны зүгээс энэ сайхан хүнийхээ мэндэлсний 100 жилийн ойд олигтой ажил ерөөсөө зохион байгуулж чадахгүй байсаар өнгөрүүлж байна. Бодлого боловсруулдаг яамны хэмжээнд аваад үзэхэд л С.Гончигсумлаа гуайг мэддэг, хөгжим ойлгодог олигтойхон сийрэг толгойтой дарга, даамал байдаггүй юм шиг байна л даа.
Хэдийгээр мэндэлснийх нь 100 жилийн ой нам жимхэн өнгөрч байгаа ч яах вэ чадлынхаа хэрээр төр засгийн бодлого боловсруулдаг хүмүүст нь “Алтан намар” наадмынхаа хэмжээнд ажил зохион байгуулчих санаатай ярьж, дуулгах гээд л явж байна.
-“Алтай ятга”-ыг түүхийн үнэт олдвор дээр тулгуурлан шинээр сэргээн хийж байгаа байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Энэ хөгжим бол жинхэнэ нүүдэлчин ард түмний, ялангуяа ордны хөгжмийн зэмсгийн салшгүй нэгээхэн хэсэг нь байж. 2008 оны зургаадугаар сард Ховд аймгийн Манхан сумын “Жаргалант хайрхан”-ы хормойгоос энэхүү “Алтай ятга” маань олдсон юм шүү дээ. Анх олдоход энэ маань хөгжмийн ямар зэмсэг байсан бэ гэдэг нь төдийлөн сайн ялгагдахгүй байсан. Бид нарийвчилсан судалгааг уйгагүй хийж, хөгжмийн зэмсгэн дээрх сорвижилт, тэмдэглэгээнүүд тэвх, тэвхэн дээрх нүх, чавхдас татах чиглэлүүдийг маш нарийвчлалтай судалсны үндсэн дээр чавхдас татах системийг нь үндсэн бүрдүүлэн тогтоож чадсан. Товчхондоо энэ маань ямар хөгжмийн зэмсэг байх боломжтой вэ гэдгийг маш нарийвчлалтай бүх талынх нь өгөгдлүүдлийг тогтоосны үндсэн дээр эртний нүүдэлчдийн Нуман ятга байжээ гэдгийг тогтоосон.
Монгол нутагт эртнээс амьдарч ирсэн нүүдэлчид бол ихээхэн дайчин ард түмэн байсны бас нэг илэрхийлэл нь энэхүү Нуман ятга хөгжмийн зэмсэг юм. Тэр нь яаж илэрч байна вэ гэвэл нум сумаараа хүртэл хөгжмийн зэмсэг хийж чаддаг байж. Ер нь нэг тийм аман сурвалж яриа хадгалагдан үлдсэн байдаг л даа. Нуман ятга гэдэг нь нумалж хийсэн ятга шүү дээ. Гэхдээ “Алтайн ятга” маань өнөөдрийг хүртэл эртний хөгжмийн зэмсгийн төрөл зүйлийн дотор төдийлөн тэмдэглэгдэн үлдээгүй байдаг. Товчхондоо ер нь тааварлагдаж байгаагүй шинэ хөгмийн зэмсэг гэж ойлгож болно.
Ж.Бадраа агсан, түүний өмнөх Г.Бадрах агсан нар бол Монгол орчин цагийн хамгийн том соёл, түүх урлагийн судлаачид хэрнээ тэдний судалгаанд ч “Алтай ятга”-ын талаар ихээхэн өөр өөрөөр бичигдэн үлдсэн байдаг. Хамгийн гол нь нуман ятга буюу “Алтайн ятга”-ыг язгуурын өв соёлд магтаал хэлэх, хайлах, цуур хөгжмитэй хослуулан хэрэглэх маш их боломж харагдаж байгаа. Манхан сумаас олдсон эх олдвор нь одоо Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Эх олдвор дээрх бүх хэмжээн дээр үндэслэн “Алтайн ятга"-ыг нутагшуулж байна.
Түүнээс гадна нүүдэлчдийн урлаг, соёлын үнэт өв гэдэг утгаар нь гадаадын дөрвөн улсын Ерөнхийлөгч нарт бэлэглэсэн байгаа. Турк улсад судалгааны ажлаар хэд хэдэн удаа очиход Түрэг угсаатанд “Алтайн ятга” нэлээн түгж, сайтар танилцуулагдаж байгаа юм билээ. Яагаад гэвэл Монгол болон Түрэг угсаатнууд бол эртний нүүдэлчин аймгууд дотроо хамгийн хүчирхэг, урлаг соёлын хөгжил өндөртэй нь байж. Түүхийн явцад энэ хүчирхэг хоёр аймаг нэгдэн нягтарч явсан ч үе байдаг юм билээ. Өнөөдөр Монгол, Турк улсуудыг соёлын хувьд ойртуулах, харилцан бие биенээ хүндэтгэхэд “Алтайн ятга” хөгжим ихээхэн чухал үүрэгтэй юм.
Эхнээсээ Турк улсын их, дээд сургуулиуд “Алтайн ятга” хөгжмийг судлах хичээлийг өөрсдийн сургалтын програмдаа оруулъя гэсэн санал санаачлага гаргаад явж байна. Ингэхийн тулд эхлээд Монгол Улс өөрөө "Алтайн ятга” хөгжмөө маш сайн судалж мэдэх шаардлагатай. Гэхдээ одоогоор улсын зүгээс “Алтайн ятга” хөгжмийн талаар төдийлөн нэгдсэн ойлголттой болж, анхаарал тавихгүй л байна.
-“Алтайн ятга” хөгжмийг орчин үеийн хөгжмийн оркестрийн бүрэлдэхүүнд оруулж, жишээлбэл Улсын филармонийн найрал хөгжмийн бүрэлдэхүүнд оруулах боломж харагдана уу, та хөгжимчин, хөгжмийн зохиолч хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Миний бас нэгэн албан тушаал нь Монгол Улсын “Ятгын холбоо”-ны ерөнхий менежерийн алба хашдаг. Энд нэг зүйл хэлэхэд 12 дугаар зуунаас өмнөх эртний нүүдэлчдийн өв соёлд ятгын маш олон төрөл зүйл байсан нь түүхийн олдвороор баталгаажсаар байна.
Жишээлбэл Ж.Бадраа агсны номонд найман төрлийн ятга тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэтэл тэднээс нэг нь ч өнөөдөр уламжлагдаж ирээгүй. Яваандаа эдгээр эртний ятга хөгжмийн зэмсгүүдийн судалгаанд “Алтайн ятга” судалгааны маш чухал өгөгдөхүүн болох юм. Маш сайн судалгаа хийж, биетээр бүтээж байж бие даасан эртний ятгын чуулга үүсгэх боломжтой болно. Тэр үед “Алтайн ятга” хөгжим суурь хөгжим болох бүрэн боломжтой нь харагдаж байгаа. Одоогоор зургаан утастай энэхүү хөгжмийн зэмсгийг бүр сайн баяжуулж, шинэчлээд 13, юмуу 21 утастай болгох ч боломжтой.
Эртний нүүдэлчдийн энэ сайхан хөгжмийн зэмсгүүдийг эх хэвээс нь хэмжээ авч, шинэчлэн бүтээгээд бүхэл бүтэн чуулга байгуулвал ирээдүй хойч үед маань маш их хэрэгтэй, жинхэнэ нүүдэлчдийн ухаанаар урлагийн гайхамшигт хүмүүжил олгох боломжтой.
Сонсох, харах мэдрэмжээр Монголчуудын их өвөг дээдэс болсон нүүдэлчдийн хөгжмийн зэмсгээр залуу хойч үеэ хүмүүжүүлвэл урлаг, гоо зүй, түүхийн талаасаа ч ихээхэн өвөрмөц нээлт болох учиртай.
-Өнөөдөр орчин үеийн хөгжмийн оркестрийн салшгүй нэгэн төрөл болсон “Босоо ятга” буюу Арфа хөгжимтэй “Алтайн ятга” ямар нэгэн хэлхээ холбоо байж болох болов уу?
-Ятга дотроо гурав ангилагддаг л даа. Симфони найрал хөгжимд байгаа “Босоо ятга” буюу Арфа хөгжим нь Европ өрнө дахинд ихээхэн хөгжсөн төрөл. 1700-аад оны үед педальтай болоод их найрал хөгжмийн салшгүй нэгэн төрөл болсон түүхтэй. Ирландаас гаралтай гэж үздэг. Бидний яриад байгаа нуман ятга буюу “Алтайн ятга" нь Ази тал руугаа ялангуяа Алтайн сүрлэг уул нуруудаас олдвор нь ихээхэн түгээмэл байдаг.
Бас Алтайн өмнөд хэсгээр “Конхоу” ятгын төрөл нэлээд хөгжсөн байдаг. Өвөрмонголоос “Конхоу” ятгын гурав, дөрвөн төрөл олдсон байдаг. Тэдгээр нь дахин сэргээж тоглох бараг боломжгүй. Өнөөдөр Монголд болон Хятадад тоглогдож байгаа ятга нь “Кежин” харин Солонгос ятга нь “Каяагум” Японых бол “Кото” төрлийн ятга юм. Эдгээр нь ерөнхийдөө хэвтээ ятгын төрөл юм. Юань гүрний үед ордны хөгжмийн зэмсэг 412 төрөл зүйл байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэхдээ одоо тэр болгоныг сэргээх эдийн засгийн болон бусад сонирхол хязгаарлагдмал юм даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|