Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бамбайн дааврын дутмагшилтай тохиолдолд УРГИЙН ХӨГЖИЛД сөрөг нөлөө үзүүлнэ

Монголын мэдээ
2015 оны 10 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Оюунаа эмчийн булан” та бүхэнд хүрч байна. ЭХЭМҮТ-ийн Удам зүйн кабинетийн эмч, удамзүйч, Анагаах ухааны доктор Ө.Оюунчимэг жирэмсэн эмэгтэйчүүд болон хэвлийд тань бойжиж буй үрийн тань хөгжилд тун ч их хэрэгтэй чухал зөвлөгөөнүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. 

Энэ удаад цөөнгүй тохиолддог бамбайн дааврын дутмагшил өвчний талаар болон хэвлийдээ тээж буй бяцхан үрд тань ямар нөлөө үзүүлдэг болох талаар мэдээлэл бэлтгэжээ.


БАМБАЙ БУЛЧИРХАЙН ҮҮРЭГ

Бамбай булчирхай нь хүзүүний өмнөд хэсэгт байрладаг бөгөөд тироксин (Т4), трийодгиронин (ТЗ) гэдэг даавар ялгаруулдаг. Өнчин тархинаас бамбайн ТЗ, Т4 дааврыг идэвхжүүлэгч даавар (TSH) ялгардаг.

Эдгээр дааврууд нь хүний бодисын солилцоо, төв мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах тогтолцоо, сэтгэхүй, сэтгэл хөдлөл, хэвийн бэлгийн үйл ажиллагааг хангахад оролцдог. Мөн бамбай булчирхай нь арьс, үс, хумс болоод хүний гоо сайханд чухал үүрэгтэй эрхтэн гэж үздэг. 

БАМБАЙН ДААВРЫН ДУТМАГШИЛ

Бамбайн дааврын дутмагшилд хүргэх үндсэн шалтгаан нь иодын дутагдал нөлөөлдөг гэж үздэг. Иодыг хоол хүнсээр авч тодорхой хэсэг нь бамбайн даавар үүсэх үйл явцад оролцдог байна. Бамбай булчирхайн даавар нь ургийн хэвийн өсөлтийг хангахад оролцдог учраас жирэмсэн үед бамбайн дааврын хэрэгцээ харьдангуй нэмэгддэг.

ЖИРЭМСНИЙ ЯВЦАД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БОЛОХ ВЭ

-Жирэмсний хожуу хордлого гүнзгийрэх, артерийн даралт ихсэх 
-Үр зулбах
-Ихэс ховхрох
-Төрсний дараа цус алдах эрсдэлтэй
УРГИЙН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ нөлөө
-Хөгжлийн гажиг (Тархи, зүрх судасны хөгжлийн гажиг)
-Ураг жин багатай байх
-Ураг эх дотроо амьгүй болох
 -Өсөлтгүй болох, эх доторх өсөлтийн саатал илрэх

ТӨРСНИЙ ДАРАА ХҮҮХДЭД ИЛРЭХ ШИНЖ

-Төрөлхийн бамбайн дутмагшилтай хүүхэд төрөх 
-Оюун ухаан хомсдох 
-Өсөлт зогсох, өсөлт хоцрох, одойрох 
-Хөдөлгөөний эрхтэн саажих 
-Хэл ярианы хөгжил хоцрох 
-Дүлий, сонсголын бэрхшээлтэй болох

БАМБАЙН ҮИЛ АЖИЛЛАГААНЫ ДУТМАГШЛЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Сэтгэл санаа тогтворгүй уцаарт хоолны дуршил муудах, амархан ядрах,  аливаа зүйлд бодол санаа нь төвлөрөхгүй байх, арьс, хумс, үс хуурайшиж унах гэх мэт шинж илэрч болно. Зарим үед хавагнаж, жин нэмэх хандлагатай болно.

Бамбайн булчирхайн үйл ажиллагаа хямрах үед өндгөвчний үйл ажиллагаа алдагдаж, сарын тэмдэг, мөч өөрчлөгдөх, жирэмсэн тохиодолд үр зулбах, хугацаанаасаа өмнө төрөх эрсдэлтэй.

ОНОШИЛГОО

Даавар тодорхойлох: Эмнэл зүйд шинж тэмдэг багатай бамбайн үйл ажиллагааны дутмагшлын үед бамбайн дааврыг сэдээгч (ТТГ) даавар хэвийн хэмжээнээс ихэссэн, харин Т4 хэвийн хэмжээндээ байна. 

Шинж  тэмдэг илэрхий байгаа хэлбэрийн үед ТГ ихэссэн, Т4 буурсан байдаг. 

Бамбай булчирхайн хэт авиан оношилгоо хийнэ.

Шаардлагатай тохиолдолд өнгөт доплер, эдийн шинжилгээг оношилгоонд ашиглана.

ЭМЧИЛГЭЭНИЙ ТАКТИК

Жирэмсэн үед бамбайн дутмагшилтай тохиолдолд шинжилгээний үр дүн дээр тулгуурлан нарийн мэргэжлийн эмчийн хяналтын дор бамбайн даавар орлуулах эмчилгээг хийнэ. Энэ үед ургийн өсөлтийн  явцыг үнэлэх, хянах шаардлагатай.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Эмэгтэй та жирэмслэхийн өмнө жирэмсний явцад бамбайн үйл ажиллагааны байдлыг үнэлэх шинжилгээнд хамрагдах нь хүүхдээ эрсдлээс хамгаалах чухал урьдчилан сэргийлэлтийн нэг болно.

 

Зураг