Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Байгальмаа: Барилгын тухай хуулийг зайлшгүй шинэчлэх цаг болчихсон

Д.Энхтүвшин
2015 оны 10 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар “Барилгын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга” өргөн баригдсан билээ. Хуулийн төслийн шинэчилсэн найруулга нь одоо хэрэгжиж байгаа хуультай харьцуулахад харьцангуй дэвшилттэй болсон гэж албаныхан үнэлээд байгаа.

Хуулиа шинэчлэх зайлшгүй ямар шаардлага үүссэн, шинэчлээд ямар дэвшил гарах, үр ашиг зэргийг тодруулахаар Барилга, Хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаатай ярилцлаа.


-Барилгын тухай хуулийг зайлшгүй шинэчлэх ямар шалтгаан, шаардлага байсан юм бол. Ямарваа хуулийг байнга шинэчилж засаад байх нь зөв зүйл мөн үү?

-Анх 1998 онд Барилгын тухай хууль батлагдаж 2008 онд шинэчлэгдсэн байдаг. Тэр цагаас хойш нийгэм, эдийн засаг их өөрчлөгдсөнийг та бүхэн ч харж байгаа шүү дээ. Тухайн үед батлагдаж байсан хуулийн 15 зүйлийн 109 заалтын 30 гаруй хувь нь хэрэгжилт хангалтгүй, өнөөгийн цаг үе, үйл ажиллагаанд нийцэхгүй байгаа тул шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. 

Энэхуү хуулийг шинэчлэхээс өөр аргагүйд хүрсэн маш олон учир шалтгаан байна. Үүнээс хамгийн энгийн хэдэн жишээг татъя. Нийслэл, орон нутагт инженерийн шугам, хоолой шинээр татаж байна. Үүнтэй холбоотойгоор амины болон түрээсийн орон сууцнууд ихээр баригдах болсон. 

Хуучин хуульд энэ тухай  зохицуулалт байгаагүй, шинэчилсэн найруулгад энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулж өгч байгаа юм. Мөн шинээр орон сууцны хорооллууд ихээр баригдаж байна. 

Ашиглалтын хугацаа тодорхой биш байна. Тэгэхээр нэг стандарт тогтоож өгөх хэрэгтэй байгаа юм. Газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууцны барилгын асуудал. Газрын асуудалтай хэсэгт барилга барьдаг явдал, барилгын зураг төсөл, угсралтын явцад алдаа зөрчил илэрснийг мэргэжлийн хяналтын байгууллагууд тогтоосоор байхад Улсын комисс хүлээж авдаг гэх мэт асуудлуудыг хуульчилж өгөх хэрэгтэй байна л даа.

Өөр нэг чухал асуудал бол гадаадын байгууллагуудын боловсруулсан барилгын зураг төслийн инженерийн тооцоо, програм, хийц бүтээцийн үндсэн шийдэл зэрэг нь манай улсын норм дүрмээс өөрөөр төлөвлөсөн байдаг. Харин үүнийг хэрхэн шийдвэрлэх зохицуулалт байдаггүй. Гэх мэтээр хуулийг шинэчлэх бодит шаардлага байсан.

Хууль бол амьдралд хэрэгжүүлж мөрдлөг болгож ажиллах ёстой зохицуулалт байдгаас зүгээр нэг тамгатай цаас биш л дээ. Тэгэхээр хэрэгжихгүй байгаа зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож, шаардлагатай зохицуулалтыг зайлшгүй нэмж өгөх шаардлагатай болсон.

-Шинэчилсэн хууль батлагдсанаар барилгын салбарт тулгамдаад байгаа бүх асуудлыг шийдвэрлэж чадах уу?

-Хот тосгон суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хуульчлан мөрддөггүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олголтын асуудлыг шийдвэрлэдэггүй.

Архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулан батлахдаа хот байгуулалтын хууль, норм дүрмийг зөрчин боловсруулан баталдаг зэрэг олон тооны зөрчил байнга гардаг.

Зураг төсөл боловсруулах ажлыг угсралтын ажлаас өмнө тодорхой төлөвлөн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахгүй байгаагаас хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Мөн зарим барилгууд үерийн усны ам таглах гэх мэтээр эрсдэлийн тооцоогүй баригддаг.

Гэвч энэ талаар хуулийн зохицуулалт байдаггүй нь ихээхэн асуудал дагуулдаг. Мөн хуулийн хэрэгжилтэд хууль хяналтын байгууллагын зүгээс тавих хяналт шалгалтын ажлуудыг эрчимжүүлэх, яам, агентлагуудын ажил үүргийн хуваарийг давхцуулахгүй байхаар зохицуулахаас гадна салбарын, төрийн, төрийн бус байгууллагын оролцоог хуульчилж өгөх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байсан.

Ер нь хуулийг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл нь хуулийн хүрээнд тодорхой бодлого хөтөлбөрийг боловсруулан батжуулж хэрэгжүүлэх явдал байдаг.

-Хуульд шинээр тусгаж байгаа зүйл заалтуудаас хувь иргэнд тааламжтай зориулагдсан ямар шинэчлэлтүүд орсон бэ?

-Шинэчилсэн найруулгад нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг тусгаж өгсөн. Ингэснээр барилга баригдах, төлөвлөхөд гардаг маргааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Мөн барилгын салбарын даатгалыг хуульчилж өгсөн. Барилгын ажил гүйцэтгэгч байгууллага ажилтнуудаа заавал даатгалд хамруулах шаардлагатай болж байгаа юм.

Үүнийг дагаад осол гэмтэл гарах, гарч болох эрсдэлээс хамгаалах тогтолцоо бүрдэнэ гэж харж байгаа. Ашиглалтыг зүгшрүүлэх, тохируулах хугацааг нэг жил гарч болох сантехник, цахилгаан дулаан гэх мэт доголдолуудыг нэг жилийн хугацаанд бүрэн арилгуулах боломжтой гэсэн үг.

Барилга байгууламжийн гадна доторх тохижилт, хийц бүтээцийн ашиглах хугацааг доод тал нь гурван жил байхаар заасан гэх мэт хувь иргэн хэрэглэгчийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийн талаар, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлагуудыг тусгаж өгсөн.

Уг шаардлагыг хангаагүй барилга байгууламжийн баримт бичгийг хүчингүйд тооцох зохицуулалтыг тусгасан байгаа. Дээр миний дурдсан заалтууд бүгд хувь иргэнд зориулж шинээр тусгагдсан заалтууд юм.

-Тэгвэл бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид хандсан ямархуу эрх, үүрэг тусгагдсан бол?

-Иргэд төрийн байгууллагын хүнд суртлын талаар ихээхэн бухимдалтай ханддаг. Барилгын салбарт танил талгүй бол тусгай зөвшөөрөл авах боломжгүй гэсэн нийтлэг ойлголттой явдаг.

Өмнөх хуульд барилгын ажил эхлэхэд зайлшгүй шаардагдах 505 өдөр, 124 гарын үсэг цуглуулдаг байсан бол шинэчилсэн хуулийн төсөлд энэ хугацааг 56 өдөр 35 гарын үсэг болгож хөнгөвчилж байгаа. Барилгын үйл ажиллааг тусгай зөвшөөрлийг гурван байсныг таван жил 10 жилийн хугацаатайгаар олгохоор болсон.

Тендерийн баталгааг даатгалд хамруулах, баталгаа байршуулах хугацааг гурван жил байсныг зүгшрүүлэн тохируулах болгон нэг жил байхаар хуулийн төсөлд тусгасан. Барилга байгууламжийн эдэлгээний хугацааг 25, 40 жилээр тогтоож энэ хугацаа дуусгавар болсноор барилгын үйл ажиллагаанд оролцогч тaлууд хариуцлагаас чөлөөлөгдөх юм. Энэ нь барилгын үйл ажиллагаанд оролцогч талуудад ихээхэн ач холбогдолтой болж байгаа юм.

-Та сая зарим нэг төр бус байгууллагуудын оролцоог хуульчилж өгөх хэрэг гэлээ. Хуулийн төсөлд төрийн бус байгууллагын оролцоог зохицуулаагүй хэрэг үү?

-Төрийн зарим нэг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх тусгасан. Үүнд: Барилгын ажиллагааны тусгай зөвшөөрөл болон барилга байгууламжийн хувийн хэргийн загвар батлах, салбарын мэргэжилтэнг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох дүрэм журам батлах, салбарын мэргэжилтэн , хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, хууль дүрэм журам, норм нормативийг сурталчлах, нэвтрүүлэх, зураг төсөлд магадлал хийх гэх  мэт төрийн байгууллагуудын тэр бүр шаардлагын түвшинд хэрэгжүүлж чаддаггүй атлаа хэрэгжүүлбэл зохих чиг үүргүүдийг шилжүүлэхээр төлөвлөсөн байгаа.

-Ямар нэг хууль батлагдсан дараа дагаад дүрэм журам батлагддаг. Энэ хуулийг дагалдах ямар ямар дүрэм журам батлагдах вэ. Мөн өмнө нь үйлчилж байсан дүрэм журмууд хүчин төгөлдөр хэвээрээ байх уу?

-Шинэ хуулийн төслийг дагалдаад Засгийн газраас Барилгын үйл ажиллагаанд Олон улсын байгууллага, гадаад улсын барилгын норм дүрэм стандартыг хэрэглэх журам, зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, хэрэгжүүлэх журам батлагдах ёстой. 

Салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу яамнаас хорь шахам тооны дүрэм, журам, аргачлал батлагдахаар   төлөвлөгдсөн байгаа. Харин тусгай хэрэглээний газрыг барилгын үйл ажиллагаанд ашиглахад Засгийн газрын шийдвэрээр, нийтийн эзэмшлийн газар, талбайг түр хугацаагаар ашиглахдаа аймаг нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрээр зөвшөөрөл тогтоож болохоор байгаа юм.

-Стандарт нормын евро стандарт мөрдүүлэхээр заасан гэж сонссон энэ үнэн үү. Хэрвээ тийм бол өмнөх стандартаар баригдсан барилгуудыг яах вэ. Норм дүрмээ мөрдөхгүй баригдсан барилгуудыг хэрхэх талаар хуулийн төсөлд тусгасан уу?

-Хуулийн төслийн долоодугаар зүйлд Олон улсын техникийн дүрэм стандарт хүлээн зөвшөөрөгдөх талаар тусгасан байгаа. Тодруулбал “7.1-д Монгол улсын барилга байгууламжийн норм нормативын баримт бичгээр зохицуулаагүй асуудлыг Олон улсын байгууллагын норм дүрэм, стандартаар зохицуулж болно” гэж заасан байгаа.

Цаашид ашиглалтыг хариуцах талаар хуулийн төслийн 50 дугаар зүйлд өмчлөгч, эзэмшигчийн үүрэг хэсэгт оруулсан, бат бэх чанарыг хэрхэн тогтоож баталгаажуулах талаар мөн хуулийн төслийн 49-р зүйлд ашиглалтын гэрчилгээ паспортжуулалт хэсэгт, шаардлага хангаагүй бол хэрхэн шийдэх талаар хуулийн төслийн 28.5-д тодорхой тусгаж өгсөн.

-Тусгай зөвшөөрөл олгох шат дараалал, дамжлагыг цөөлөх нь төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах зөв арга боловч, нөгөө талаасаа хэн дуртай нь барилгын тусгай зөвшөөрөл аваад барилга бариад эхлэхгүй байгаа. Нэг ёсондоо чанаргүй барилгын гүйцэтгэл олширч магадгүй гэсэн болгоомжлол төрж байна л даа?

-Тусгай зөвшөөрөл олгох үе шатыг цөөлөх нь үр дүн ихтэй. Төрөөс үзүүлэх хүндрэлийг багасах, арилгах сайн талтай. Таны хэлсэн чанаргүй барилга олшрох нөхцөл бүрдэнэ гэдэгтэй нэг талаас санал нийлж байна.

Тиймээс хүнд суртлыг багасгах, чанартай барилга барих үйл ажиллагааг нэг нь нөгөөгөө үгүйсгэх биш хамтарч ажиллах чиглэлд зүглүүлэх ёстой. Үндсэндээ барилга байгууламжийн олон талт үе шатны ажлыг мэргэжлийн түвшинд норм, дүрэм, технологид тулгуурлан гүйцэтгэж байх нь хамгийн зөв гэж ойлгож байгаа.

Салбарын бодлого бол төрийн үзүүлэх ёстой үйлчилгээг шуурхай иргэд, ААН-д чанартай хүргэхтэй шууд уялддаг. Тиймээс төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгаад, тавих шаардлага, стандартаа барьж ажиллах нь зүйтэй.

Барилгын чанарыг сайжруулах гэж байгаа нь энэ гээд төрийн үйлчилгээ хүнд сурталтай хойрго байж болохгүй. Ер нь бидний тавьж байгаа гол зорилго бол барилгын чанарыг бууруулахгүйгээр төрийн үйлчилгээг хөнгөвчлөх явдал юм.

 

Зураг