Улсын Их Хурлын Нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос хэлэх үг байна уу гэж асуусан.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын бүлэг завсарлага авсан шалтгаан бол Хууль зүйн байнгын хороон дээр авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд өршөөгдөх асуудал дэмжигдсэнтэй холбоотой байсан.
Гишүүд чуулганы хуралдаан дээр үг, саналаа хэлэлцэх ёстой гэж үзэж, Хуульзүйн байнгын хороонд санал оруулсныг дэмжсэн учраас өнөөдөр чуулганаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх боллоо” гэлээ.
Үүний дараа Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсан юм.
Ингээд Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хаалттай хэлэлцэх эсэх дээр гишүүдийн саналыг сонссоны дараа "Шударга-Ёс" эвслээс тав хоногийн завсарлага авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!