ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Баялгийнхаа 80 хувийг газрын гүндээ нуусан Оюу толгойгоос...

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 10 сарын 13
iKon.MN
 

Өмнийн их говь дахь  “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр нь Монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог гэдгийг бид мэднэ. Ашигт малтмалын нөөцөөрөө ч дэлхийд эхний гуравт бичигддэг. Өнөөдрийн байдлаар Оюу толгойн ордын өмнөд Оюугийн хэсгээс ил олборлолт явуулж байгаа бол ирэх 2016 оноос зогсонги байдалд байгаа далд уурхайг ашиглаж эхлэх чимээтэй. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар Оюу толгойн ил уурхайн явц, баяжмалын үйлдвэрийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай хэвлэлийн багийнхан танилцлаа.

"Оюу толгой" компанийн 2015 оны төлөвлөгөө: 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган тонн унци алт агуулсан баяжмал үйлдвэрлэнэ.

Бид "Аэро Монголиа" компанийн "Фоккер-50" онгоцоор Ханбогд сум дахь “Хан бумбат” нисэх будалд газардав. Тус нисэх буудал Ханбогдын сумын төвөөс 40, "Оюу толгой" компанийн уурхайгаас найман км зайтай бөгөөд ямар ч том хэмжээтэй онгоц буулгах бүрэн бололцоотой гэж байлаа. Ийнхүү нисэх буудал ашиглалтад орж, тогтмол нислэгтэй болсноор "Оюу толгой" компанийн ажилчдаас гадна Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд Улаанбаатар руу түвэггүйхэн хүрдэг болжээ. Түүгээр ч барахгүй нутгийн иргэд 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг аж.

ДӨРВӨН НАСТАЙ УУРХАЙ БУЮУ 20 ХУВИЙН БАЯЛАГ

Өнөөдрийн байдлаар Оюу толгойн өмнөд Оюугаас ил аргаар олборлолт явуулж байгаа бөгөөд дөрвөн настай энэ уурхайн амны диаметр нь 600, гүн нь 220 метртэй байлаа. Ил уурхайн хувьд Улаанбаатар хотын дайны хэмжээний зэсийн нөөцийн 20 хувь нь. Үлдсэн 80 хувь нь хоёр жилийн өмнө зогссон далд уурхайд шигтгээтэй байгаа юм. Харин далд уурхайн үйл ажиллагаа 2016 оноос сэргэх мэдээтэйг түрүүхэн дурдсан.

Ил уурхай нь нийт 1.5x2.7км харьцаатай талбайг хамрах бөгөөд 650 метр орчим гүнтэй байна.

Учир нь Оюу толгойн ордын хамгийн сайн чанарын нөөц нь газрын гүндээ бий. Тиймээс блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглах иж бүрэн далд уурхайг барьж байгуулахаар зорьж байгаа аж. Блокчлон олборлох арга нь техникийн хувьд нарийн түвэггтэй боловч хамгийн аюулгүй, хамгийн үр ашигтай юм. Оюу толгойн далд уурхайд 14 километр урт хөндлөн хонгил барьжээ. Цаашид 1,300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюу толгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх гэнэ. Далд уурхайн үйл ажиллагаа эхэлбэл, өдөрт 95 мянган тонн хүдрийг өрсөлдөхүйц зардлын түвшинд олборлохоор төлөвлөжээ.

Одоогийн байдлаар баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. Ил уурхайгаас ашигт малтмал олборлох үйл явц тэсэлгээ, малталт, хөрс хуулалт, анхдагч бутлуур гэсэн дөрвөн үе шатаас бүрддэг аж. Ил уурхайд экскаватор-автосамосвал болон ачигч-автосамосвал гэсэн технологийн хослолоор 15 метр өндөртэй доголоор олборлолт явуулна. Доголуудыг 40 метр өргөн траншейн замаар холбох бөгөөд үүгээр 290 тонны даацтай автосамосвал хөрс, хүдрийг анхдагч бутлуур, эсвэл овоолго руу ангилан тээвэрлэдэг байна.

Ил уурхайд ашиглаж байгаа 290 тонны даацтай өөрөө буулгагч 28 автосамосвалын дөрвийг нь эмэгтэй жолооч барьдаг бөгөөд ажилдаа тун хянуур, гярхай, нямбай, алдаа эндэгдэл гаргадаггүй гэж “Оюу Толгой” төслийн удирдагч С.Санждорж гуай сайшааж байлаа.

БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ХОНОГТ 100,000 ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛДАГ

“Оюу толгой” компанийн баяжуулах үйлдвэр нь Монголд барьж байгуулсан хамгийн том үйлдвэр. Үүнийг бүтээн босгоход Эйфлийн цамхаг гурвыг барих хэмжээний ган төмөр орж, 15.7 сая хүн/цагийн хөдөлмөр зарцуулсан бөгөөд барих явцад 6.68 сая шоо метр газар шорооны ажил хийж, 171,055 шоо метр бетон цутгажээ. Үйлдвэрт нийтдээ 20,927 тонн ган төмөр ашиглаж, 688,727 метр цахилгааны утас хэрэглэсэн байна. Баяжуулах үйлдвэр ойролцоогоор 255 метр урт, 144 метр өргөнтэй. Тус үйлдвэр 2013 оны хоёрдугаар сарын 1-нд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж, мөн оны долоодугаар сарын 9-нд экспортод гаргасан түүхтэй билээ. Харин энэ оны хоёрдугаар сард үйлдвэр нэг сая дахь тонн зэсийн баяжмалаа үйлдвэрлэн гаргасан байна.

Анхдагч бутлуураас газар дээрх туузан дамжуулагчаар хүдэр баяжуулах үйлдвэрт хүрч, тэндээ хэд хэдэн механик, химийн иж бүрэн дамжлагаар боловсруулагдаж, экспортод гаргахад бэлэн эцсийн бүтээгдэхүүн болно. Баяжмал хэмээх уг нарийн ширхэгтэй нунтаг бүтээгдэхүүн нь 25-30 хувийн зэсийн, мөн бага хэмжээний алт, бусад металлын агуулгатай бөгөөд үйлдвэр хоногт 100,000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай аж.

Баяжуулах үйлдвэрийн дамжлагуудаар дамжсаны дараа баяжмалыг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой хоёр тонны багтаамжтай уутанд савлаж машинд ачна. Эдгээр ачааны машинуудын цуваа “Оюу толгой”-н уурхайгаас 80 км-ийн зайд орших Гашуун сухайт хилийн боомтод хүрдэг байна. 

Дашрамд дурдахад, "Оюу толгой" ХХК 2010-2015 онд Монгол Улсад 4.97 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгийн, 

  • 76 хувийг Монголын компаниудад,
  • 19 хувийг Монгол Улсын төсөвт байгууллагуудад (татвар, нийгмийн даатгал гэх мэт),
  • 5 хувь нь үндсэн болон гэрээт ажилтнуудын цалинд зарцуулагдсан байна.  

“ОЮУ ТОЛГОЙ”-Н АЖИЛЧДЫН 95 ХУВЬ НЬ МОНГОЛЧУУД

Эд бүтээн байгуулалтын үед 10,000 гаруй хүн ажиллаж байсан “Оюу толгой”-н уурхай өнөөдрийн байдлаар 2,800 ажилтантай, хоёр ээлжээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ажилчдын 95 хувь нь монголчууд бөгөөд тэдний 21.6 хувь нь Өмнөговь аймгийнхан.

Компанийн зүгээс ажилчдынхаа аюулгүй ажиллагаан дээр өндөр ач холбогдол өгөх бөгөөд эрсдэлтэй, аюултай гэж үзвэл ажлаа тэр даруй зогсоох эрх үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүрт бий. Түүнчлэн аюулгүй ажиллагааны сургалтын төвийг нээсэн нь “Оюу толгой”-н хувьд төдийгүй “Рио Тинто” компанийн хувьд анхдагч болсон гэж сургалтын төвийн ахлах мэргэжилтэн Ч.Отгонбямба хэлж байлаа. Тэрбээр, “Сургалтын төвийг 2011 онд байгуулсан бөгөөд үндсэн ажилчид болоод гэрээт компанийн ажилчдыг хамруулдаг. Ингэхдээ сургалтыг мэдлэг олгох болон ажиллах зөвшөөрөл олгох гэсэн хоёр түвшинд явуулдаг” гэсэн юм.

2015 оны байдлаар компанийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт маш сайн гарсан бөгөөд хүний амь нас эрсдэж, хөдөлмөрийн чадвар алдсан тохиол гаргаагүй байна.  

 

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА БҮХ ТӨРЛИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭНЭ

"Оюу толгой" компани ажилчдынхаа аюулгүй байдалд анхаарал хандуулахаас гадна эрүүл мэнд, боловсрол, эрүүл зөв амьдрах хэвшилд нь анхаардаг байна. Энэ ч үүднээс гарбөмбөг, сагсанбөмбөг, теннисийн заал, бялдаржуулах төвийг бий болгожээ. Үүнээс гадна ажилчдын байрны гадаа хөлбөмбөг, талбайн теннисний талбай байх бөгөөд 150 хүний суудалтай мини кино театр, номын сан, интернэт төв, пицца захиалгын газар, баартай. Ажилчдын баар 21.30 цаг хүртэл ажиллах бөгөөд 21.00 цагаас хойш пиво зарах хориотой аж.

SOS ЭМНЭЛЭГ 

SOS эмнэлэг нь "Оюу толгой" компанийн ажилчдаас гадна ойролцоох сумдын ард иргэдэд долоо хоногийн 24 цаг үйлчилдэг. Бүхий л төрлийн оношилгоо, шинжилгээг түргэн хугацаанд хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл жижиг хэмжээний мэс засал ч хийдэг байна. Мөн гэнэтийн аваар осол гарсан тохиолдолд нэг дор 50 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай гэж эмнэлгийн ерөнхий эмч танилцуулж байлаа.

ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ

"Оюу толгой" компанийн кэмт байрлах энэхүү гэр нь гадаадын зочид, төлөөлөгчдөд говь нутгийн ёс заншлыг сурталчилан таниулах зорилготой аж. Үүнийг Ханбогд сумын иргэд санаачилсан бөгөөд төслөө бичиж, "Оюу толгой" компанид танилцуулсанаар ийнхүү биелэлээ олжээ.