Монгол Улсад өрнөж буй бүхий л бүтээн байгуулалтад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн “бүтээгдэхүүнүүд” гар бие оролцож байна. Бид Завханы МСҮТ-ийг төгсөөд хувиараа хөдөлмөр эрхэлж, сургуулийнхаа оюутнуудад дадлага хийх боломж олгож, төгсөгчдөө ажлын байраар хангаж байгаа Б.Отгон, Г.Ганзориг нартай уулзсан юм.
Г.Ганзориг: Өвөл машинаа будвал хавар нь ховхроод уначихдаг.
Завхан аймгийн иргэн Г.Ганзориг МСҮГ-ийг 1992 онд төгссөн. Тэрбээр сургуулиа төгссөнөөс хойш авто засварын газар ажиллуулж эхлээд 13 жилийн нүүр үзэж буй гэнэ. Завханыхан авто засварчин Ганзо гэхээр андахгүй юм билээ. Тэр МСҮТ-ийн оюутнуудад дадлага хийх боломж олгохоос гадна ажлын байраар хангадаг. Ганзо нийт 50 гаруй залууг өөрийн засварын газарт дадлага хийлгүүлж, ажлын дөртэй болгож өгсөн байна. Тэр ч бүү хэл түүний шавь нь төгсөөд Завхан аймгийн Отгон суманд засварын газар нээн ажиллуулж байгаа ажээ.
Г.Ганзориг: Машин засахад хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан учраас завханчууд тэр бүр хот руу явж машинаа засуулахаа больсон.
Уг нь Г.Ганзориг МСҮГ-ийг мужаанч мэргэжлээр төгссөн байна. Гэхдээ сонирхолдоо хөтлөгдөн машин засч эхэлжээ.
Тэрбээр машин засч сурахын тулд Улаанбаатарт ирэх бүртээ вьетнам автозасварын газруудаар орж ажигладаг байж. Ингээд өөрийн засварын газрыг нээж, завханчуудад эвдэрсэн машинаа бага зардлаар засуулах боломжийг олгосон байна.
Г.Ганзориг авто машины бүх төрлийн засвар үйлчилгээг хийдэг. Машин засахад хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан учраас завханчууд тэр бүр хот руу явж машинаа засуулахаа больсон хэмээн ярьж байв. Гэхдээ нэг л хүндрэлтэй асуудал байдаг нь халаалтгүй учраас өвөл ажилладаггүй юм байна. Тиймээс гурваас арваннэгдүгээр cap хүртэл л үйл ажиллагаа явуулдаг аж. Дулааны шугам татах гэхээр дэндүү хол учраас өртөг мөнгө нь хэцүү байгааг Г.Ганзориг учирлаж байсан. Гэхдээ өвөл ажиллахгүй байх нь хоёр сайн талтай юм байна.
Нэгдүгээрт, жилийн дөрвөн улирал кузов засвар ажиллуулах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас биеэ бодоод амардаг.
Хоёрдугаарт, өвөл машины будаг хийхээр хавар нь ховхроод уначихдаг, тогтдоггүй аж. Тиймээс хуурамч юм хийж, хүмүүсийн сэтгэлийг гонсойлгохгүйн тулд өвөл үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн юм.
Тэрбээр “Манайх хамгийн найдвартай нь. Бид хүний нүд хуурсан юм хийхгүй" гэж байсан.
Иймээс ч эднийх Завхандаа хамгийн нэр хүндтэй нь юм байна. Машин нь эвдэрсэн бүх л хүн Ганзоригийг зорин ирдэг. Ганзо Улаанбаатарын засварчдаас ч дутахгүй машиныг нь засаад өгдөг болохоор хүмүүс түүнд ам сайтай. Тийм ч учраас тэр сардаа сая гаруй төгрөгийн орлоготой ажилладаг юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|