Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл зүйн далд нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалъя

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

СЭТГЭЛЗҮЙЧ. Энэ нэр томьёог сонсож байснаас бус асуудлаа “барьж” очоод хандаж байсан нь үгүй. Магадгүй та ч бас миний нэгэн адил байх.

Гэтэл сэтгэл судлалын шинжлэх ухаан дэлхий нийтэд бүрэлдээд хоёр, манайд үндэс сууриа тавиад хагас зууныг үдэж. Гэвч бид сэтгэл судлаачийг өөрсдөөс хөндий тусгаж, хүлээж авдаг хэвээрээ л байна.

ТАНД АСУУДАЛ БИЙ ЮУ?

Хэрэглээний бүх төрлийн зээлээ хэрхэн барагдуулах вэ, гэр бүлийн хүчирхийлэл, таагүй уур амьсгалаас хэрхэн ангижрах вэ, ажлын байрны дарамтаас яаж гарах вэ, цалин хангамжаа хэрхэн зөв зохистой зарцуулах вэ, үр хүүхдүүдийн боловсрол, хүмүүжлийг аль чигт залах вэ, ажилгүйдэл, өвчин эмгэгээ хэрхэн даван туулах вэ гээд сэтгэл зовоосон том, жижиг олон асуудал хүн бүрт бий.

Өвчнөө анагааж чадах гол анагаагч нь ТА ӨӨРӨӨ юм. Эм, тариа ердөө таны ТУСЛАГЧ.

Харин бидний хэчнээн нь өөрт тулгамдсан эдгээр асуудлыг бусдад ярьж сэтгэл санаагаа уудалж чаддаг бол. Магадгүй энэ бүгдийг дотроо хадгалж, сэтгэлдээ тээж явдаг нь олонтоо байх.

Тэгвэл сэтгэл судлалын шинжлэх ухаанд дээрх хүчин зүйлээс үүдэлтэй буюу сэтгэл зүйн учир шалтгаанаас болж зарим төрлийн өвчин эмгэг үүсэх үндэс суурь нь болдог гэжээ.

ЯАВАЛ ДЭЭР ВЭ?

Олон улс, тэр дундаа АНУ-ын хүн амын дунд явуулсан нарийвчилсан судалгааны дүнд амьдралынхаа туршид гэр бүл, найз нөхөдтэйгөө байнгын харилцаатай байдаг хүмүүс ганц бие болон харилцааны цөөн хүрээлэлтэй хүмүүсээс илүү урт, эрүүл насалж байгаа нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, өөрийн зовлон жаргалыг бусадтай хуваалцаж байх нь хүнийг зүрх судасны өвчлөл болоод бусад өвчин эмгэг тусах эрсдэлийг хэд дахин бууруулдаг аж. Түүнчлэн байнгын стресстэй байх нь хүний дархлааг сулруулж өвчинд нэрвэгдэх гол үндэс нь болдог гэнэ. Мэдээж хүний дархлаа сулрах тусам олон янзын өвчин тусах гол шалтгаан болно.

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судас, хавдар, амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны өвчлөл багтаж байна. 

Ханиад, харшил, нойргүйдэл, үрэвсэл тэр ч бүү хэл цагаан мах эргэх үзэгдэл хүртэл хүний сэтгэл зүйтэй шууд холбоотой гэж сэтгэл судлаачид хэлж байна.

Өнөөдөр бид их хотын хөгжлийг дагаж түүнд дасан зохицох гэсэн эрмэлзлэлээсээ болоод байнга хямарч, уурлаж, бухимдах нь ихэссэн. Гэтэл энэ бүх стресс таны өвчний голомт болдог гэж сэтгэл судлалын шинжлэх ухаанд үздэг аж.

Өнөөдөр Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судас, хавдар, амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны өвчлөл багтаж байна. Энэ бүгд хувь хүний амьдралын хэвшлээс шалтгаалаад зогсохгүй тэр дундаа сэтгэл зүйн нөлөөлөөс хамаарсан байхыг үгүйсгэх аргагүй билээ.

Иймд бусдад сэтгэлээ уудалж, аль болох сртессдэхгүй байж зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тодорхой хугацааны давтамжтай сэтгэлзүйчид хандаж, асуудлаа гарган тавьж, шийдэх арга замыг нь олж авах нь чухал байх нь. Түүнчлэн сэтгэл сэтгэлзүйчид хандах нь хэвийн үзэгдэл гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрүүлж, бусдаас тусламж авсанаар өөрийн амар тайван амьдрах орон зайг бүрдүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаарай.


Зарим өвчлөл сэтгэл зүйн учир шалтгаанаас үүсдэг гэж дээр дурдсан. Тухайлбал, ямар нэгэн зүйлийг эсэргүүцэх эсэргүүцлээ илэрхийлж чадахгүй байх үед хүн харшил тусах магадлал өндөр байдаг гэнэ. Тэгвэл сэтгэл зүй, өвчин хоёр хэрхэн холбогддог вэ. Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд хэрхэн тайлбарласан байдаг юм бол?

  • Аллерги буюу харшил - Хэн нэгнийг тэвчиж чадахгүй байх, өөрийн хүч чадлыг үгүйсгэх. Харшилтай хүмүүсийн эцэг эх нь ихэвчлэн амьдралыг үзэх үзэл зөрчилтэй байсан байдаг.
  • Ангин буюу хоолойны үрэвсэл - Өөрийгөө илэрхийлэх чадваргүй байх, бүдүүлэг үг хэллэгийг тэвчих. Ямар нэгэн нөхцөл байдлын учрыг олж чадахгүйгээсээ болж уурлаж, бухимдах.
  • Бронхит буюу архаг уушигны үрэвсэл - Гэр бүлийн тавгүй уур амьсгал. Хэрүүл маргаан, амар тайван байдал алдагдах. Уур хилэн, санал шүүмжээ гаргаж болохгүй байх буюу тэвчих.
  • Нойргүйдэл - Айдас. Амьдралын аливаа үйл явцад итгэлгүй байх. Өөрийгөө буруутай гэж мэдрэх. Амьдралаас зугтах, амьдралын хар бараан талыг хүлээн зөвшөөрөхгүй байх. Байнгын тэмцэл, асуудлуудтай зууралдах. Өөрийгөө байнгын эргэлзээ тээнэгэлзээ, сэтгэл санааны хямралаас салгаж чадахгүй байх. Дарагдсан сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэхгүй байх.
  • Гемморой буюу цагаан мах эргэх - Тогтсон цагтаа ажлаа амжуулахгүй байхаас айх. Өнгөрсөнд уурлаж бухимдах, хуралдсан асуудал, гомдол шаналлаасаа салж чадахгүй байх. Амьдралын хамаг баяр баясгалан гуниг харуусал, уур бухимдалтай байх. Салалт, хагацлаас айх.
  • Шүд буйлны үрэвсэл - Шийдвэр гаргаж чадахгүй байх. Амьдралд хандах тодорхой хандлага үгүй байх.
  • Ходоодны өвчнүүд - Айдас. Шинэ зүйлийг хүлээн авч, эзэмшиж, дасч чадахгүй айх. Уур бухимдлыг хүлээн авч ойлгохын оронд тэдгээрийг үгүйсгэх, мартахыг хий оролдох. Бусдаас тусламж, хайр халамж авч, анхаарлыг нь татахаасаа санаа зовох, ичих.
  • Бөөрний өвчин - Өөрт байгаа хэрэггүй, үеэ өнгөрөөсөн зүйлсээсээ салж чадахгүй байх. Бодит байдал, үйл явдлын талаар яаран дүгнэлт хийх. Бодит байдлын эсрэг байгаа зүйлсийнхээ учрыг олж чадахгүйдээ бухимдах.
  • Хамрын ханиад - Тусламж гуйж буй дотоод "уйлалт" гэж ойлгож болно. Өөрийгөө хохирогч, золиос гэж үзэх, өөрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч /мэдэрч/ чадахгүй байх.
  • Ханиад багтараа - Нэг дор хэт олон үйл явдал давтах. Эмх замбараагүй байх. Жижиг гомдлууд хуралдах. Энэ мэтчилэн А-Я хүртэл нэрлэж болох бүхий л хүний психосоматик өвчлөлд сэтгэлзүйн хүчин зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг байна.

Харин өвчнөө анагааж чадах гол анагаагч нь ТА ӨӨРӨӨ юм шүү. Эм, тариа нь ердөө таны ТУСЛАГЧ юм.

Бид энэ сэдвийн хүрээн дэх дараагийн цувралдаа өсвөр наснынханы сэтгэл зүй, залуу гэр бүлд тулгардаг бэрхшээл түүнийг даван туулахад сэтгэл судлаач ямар хэрэгтэй вэ гэдэг талаар хөндөх болно.