Хөлөг онгоцны тавцан дээр эмэгтэй хүн байх нь азгүйдэл авчирдаг гэж үздэг байсан үед далайн дээрэмчдийн ахмад бүсгүйчүүд байдаг байжээ. Ингээд далайгаар аялагч, хамгийн догшин таван бүсгүйтэй танилцацгаая.
1. Чен И Сао
Хятадын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэй дээрэмчин ажлын гараагаа эмсийн хүрээлэнгээс эхэлжээ. Чен И Сао буюу “Чений эхнэр” Кантон мужид амьдардаг биеэ үнэлэгч байсан бөгөөд 1801 онд далайн дээрэмчин Чен Итэй гэрлэсэн байна. Тэдний дээрмийн бүлэглэл удалгүй Хятадын хамгийн хүчирхэг далайн дээрэмчдийн арми болжээ. Тэд хэдэн зуун зэвсэглэсэн хөлөг онгоц, 50,000 орчим хүнтэй байсан бөгөөд загас агнуурын хөлөг онгоцнуудыг дээрэмдэж, мансууруулах бодис худалдаалан, Хятадын өмнөд эрэг хавийн тосгоноор чөлөөтэй зорчдог байсан аж.
Чэн бол түүхэн дэх хамгийн азтай далайн дээрэмчин.
1807 онд нөхөр нь нас барсны дараа хатагтай Чен өөрийн үнэнч туслах, хайртай хамтрагч нь болсон Чан Паотай гар нийлэх болов. Хэдэн жилийн дотор тэд Зүүн Өмнөд Ази руу хүрээгээ тэлж, олон улсын усан цэргийн флотыг дээрэмджээ. Мөн тэр өөрийнх нь дор байдаг далайн дээрэмчдэд маш өндөр шаардлага тавьдаг байсан аж. Эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлбэл толгойг нь авдаг байсан бөгөөд оргохыг завдвал чихийг нь огтолдог байжээ. Хатагтай Чений цуст ноёрхол түүнийг Хятадын засгийн газрын хамгийн том дайсан болгосон бөгөөд 1810 онд Их Британи болон Португалийн тэнгисийн цэргийн флот хамтран түүнийг барих үүрэг авсан аж. Чен И Сао тэдэнтэй тэмцээгүй бөгөөд харин дуулгавартайгаар зэвсгээ хаян бууж өгснийхөө хариуд буруу замаар олсон хөрөнгөө өөртөө үлдээж чаджээ. Чэн бол түүхэн дэх хамгийн азтай далайн дээрэмчин бөгөөд 1844 онд нас барах хүртлээ мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ.
2. Энн Бонни
Зартай дээрэмчин Энн Бонни нь Ирландын чинээлэг хуульчийн нууц хүүхэд байжээ. Эцэг нь түүнийг эрэгтэй хүүхэд шиг хувцаслан, бичиг цаасны ажилдаа туслуулдаг байв. Энн 1718 онд Америк руу нүүсэн бөгөөд тэндээ нэгэн далайчинтай гэрлэж, хамтдаа дээрэмчдээр дүүрэн Багамын арлуудын нэг болох Нью Провиденс рүү аялжээ. Нөхөр нь түүнийг тэнд орхисон бөгөөд Энн Карибын тэнгисээр худалдаа хийдэг хүчирхэг далайн дээрэмчин “Калико” Жек Рэкхемийн мэдэлд үлдсэн байна.
Бонни “догшин, зоригтой” зангаараа зартай байжээ. Тэр нэг удаа түүнийг хүчирхийлэхийг завдсан эрийг үхтэл нь зодож байсан бөгөөд буу, илд эзэмших чадвараар “Калико” Жекийн багаас хамгийн сайн нь байсан гэдэг. Хожим нь тэр бас нэг эмэгтэй далайн дээрэмчин Мэри Ридтэй нөхөрлөх болсон бөгөөд 1720 оны намар, зун тэд хамтдаа загасчны жижиг завинаас эхлээд худалдааны том хөлөг онгоцнууд руу дайрах болжээ.
Гэвч Боннигийн их далайг эзэгнэх хугацаа нь тус оны аравдугаар сард Калико Жекийн хөлөг онгоц далайн дээрэмчдийн ангуучдад баригдсанаар дуусгавар болсон байна. Калико Жек тэргүүтэй эрчүүд цаазлуулсан бөгөөд Бонни, Мэри нар дүүжлүүрээс мултарч чаджээ. Хожим нь тэд хоёулаа жирэмсэн байсан нь тогтоогдсон байна.
3. Мэри Рид
Мэри Рид XVII зууны сүүлээр Англид төрсөн бөгөөд эхтэйгээ нийлэн залилан хийж амьдардаг байжээ. Адал явдал хайх хүсэлдээ автан нэрээ Марк Рид болгосон бөгөөд эхлээд цэрэг дараа нь далайн худалдаачин зэрэг зөвхөн эрчүүд л хийдэг ажлыг хийх болсон байна. 1710 онд түүний ажиллаж байсан хөлөг онгоц руу далайн дээрэмчид дайрч, түүнийг олзолжээ. Хожим нь тэр өөрийгөө Калико Жек Рекхемийн хөлөг онгоцонд байгаагаа мэдсэн бөгөөд Энн Боннитой танилцаж, өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ хэлсэн аж.
Рид Калико Жектэй хамт хэдхэн сар аялахдаа түүний нэрийг сонссон бүхэнд айдас төрүүлэм нэр хүнд олж авчээ. Түүний хамгийн алдартай тулаан нь 1720 онд далайн дээрэмчдийн ангуучдын эсрэг хийсэн тулаан юм. Тэр тулааны үеэр “Хэрэв эр хүн юм бол эр хүн шиг тулалдаач” хэмээн тавцан руу хашхирчээ. Рид хэчнээн зоригтой байсан ч Каликогийн багийн үлдсэн хүмүүсийн хамт дээрмийн хэргээр баривчлагдсан байна. Рид дүүжлүүлэх ялаас мултрахын тулд “яаралтай” бие давхар болсон ч шоронд байхдаа халуурч нас баржээ.
4. Грейс О Мэлли
Ихэнх эмэгтэйчүүд боловсрол эзэмших эрхгүй цаг үед Грейс О Мэлли 20 хөлөг онгоцтой далайн дээрэмчдийг ахалж Их Британий хаант улсыг эсэргүүцэн зогсож байжээ. Үсээ богино засдаг зуршил нь түүнийг “Грануаль” буюу “халзан” гэх нэрээр алдартай болгосон бөгөөд тэрбээр Ирландын баруун эрэг хавийг эзэмшдэг хүчирхэг овогт төрсөн аж. 1560 онд эрх мэдлийг гартаа авсан Грейс О Мэлли гэр бүлийнхээ уламжлал ёсоор дээрэм хийх болсон бөгөөд Англи, Испанийн хөлөг онгоцыг дээрэмдэхээс гадна дайснууд руугаа ч мөн довтолдог байжээ.
Тэр маш зоригтой хүн байсан бөгөөд хүүхдээ төрүүлээд ганцхан хоносныхоо дараа далай дээр тулалдаж байсан тухай яриад байдаг. Гэвч тэр хүмүүсийнхээ хамт эрх баригчдын уурыг маш их хүргэдэг байжээ. Түүнийг 1574 онд “Rockfleet” цайзад байхад нь бүслэн барьж авсан бөгөөд 18 сар торны цаана суулгасан байна.
О Мэлли суллагдсаныхаа дараа үргэлжлүүлэн дээрэм хийсээр байсан бөгөөд 1590 онд Их Британийн засгийн газар түүний бүх хөлөг онгоцыг хураасан нь жинхэнэ сүйрэл байв. Байгаа бүхнээ алдсан 63 настай далайн дээрэмчин шууд I Елизавета хатан хаанаас тусламж хүсжээ. Ингэхдээ тэр өөрийгөө ядарч зовсон хөөрхий хөгшин хэмээн хэлсэн бөгөөд хатан хаанаас хөлөг онгоцнуудыг буцаан өгч, баривчлагдсан хөвгүүдээс нь нэгийг суллан, үлдсэн амьдралаа амар тайван өнгөрүүлэх боломж олгохыг гуйсан байна. Түүний хүсэл биелсэн ч тэр хэлсэндээ хүрээгүй аж. Тэр 1603 онд нас барах хүртлээ хүү нартайгаа хамт дээрэм тонуул хийсэн хэвээр байжээ.
5. Ричель Уол
Ричель Уолын намтар нь үлгэр домог мэт яригддаг ч хэрэв түүний тухай зарим зүйлсийг үнэн гэж үзвэл тэр дээрмийн хэрэгт гар дүрсэн цорын ганц америк бүсгүй аж. Тэр Пенсилвань мужид төрсөн бөгөөд өсвөр насандаа гэрээсээ зугтан Жорж Уол гэгч загасчны эхнэр болжээ. Хосууд Бостонд суурьшсан бөгөөд ядуу зүдүү байдлаасаа болоод гэмт хэргийн ертөнцөд татагдан орсон гэдэг. 1781 онд Уолын гэр бүл нэг жижиг онгоц түрээслэн, хүнд хэцүү амьдралтай хэдэн далайчидтай нийлэн Нью Инглэндийн эрэг орчмоор хөлөг онгоц дээрэмдэж эхлэжээ.
Уолын хөлөг онгоцны дуут дохио олон арван хөлгийн сүйрлийн дуу болж байв.
Тэдний арга барил нь тун ухаалаг боловч маш хэрцгий байсан аж. Шуурга болсны дараа хөлөг онгоцоо эвдэрч сүйдсэн мэт болгоод, дараа нь үзэсгэлэнт Ричель хөлгийн тавцан дээр зогсоод хажуугаар явах хөлөг онгоцноос тусламж гуйдаг байв. Ямар ч ажиг сэжиг аваагүй хохирогчид тэдэн рүү ойртон ирмэгц дээрэмчид тавцан руу нь дайран орж, хүмүүсийг алж, дээрэм тонуул хийдэг байжээ.
Уолын хөлөг онгоцны дуут дохио олон арван хөлгийн сүйрлийн дуу болж байв. Гэвч 1782 онд тэд жинхэнээсээ шуурганд өртөж, Жорж нас баржээ. Ричель газар дээр хулгай хийх болсон бөгөөд 1789 онд баривчлагдсан байна. Тэрбээр шоронд байхдаа “амралтын өдрийг зөрчсөн, хулгай хийсэн, хуурч мэхэлсэн, эцэг эхдээ дуулгаваргүй байсан гээд хүн алахаас бусад бүх гэм бурууг үйлдсэн” болохоо хүлээн зөвшөөрчээ. Харамсалтай нь ийнхүү гэмээ ухаарсан нь эрх баригчдын сэтгэлийг эргүүлж дөнгөөгүй байна. Ийнхүү тэр Массачусетс мужийн тогтоолоор дүүжлүүлэх ял авсан хамгийн сүүлийн эмэгтэй болжээ.
Эх сурвалж: HISTORY
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!