Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн төлөөлөл "Нүүрс хөтөлбөр"-ийг ахин хэрэгжүүлэхийг хүслээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Үндэсний мэдээллийн төвд гэр хороололд амьдардаг хэсэг иргэд өнөөдөр нүүрсний асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс хөтөлбөр”-ийг ахин хэрэгжүүлэх нь иргэдийн амьдралд чухал хэрэгтэй байна гэсэн мэдээлэл өглөө.


Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн II хорооны иргэн С.Уранчимэг “2012 оноос хэрэгжүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газрын “Нүүрс хөтөлбөр”-ийг ахин хэрэгжүүлэх хүсэлт тавьж байна.

Тухайн үед портер нүүрс 280 мянга хүрч байхад нэг тонныг нь 80 мянга хүртэл буулгаж ард түмэндээ жинхэнэ бодитой дэмжлэг үзүүлж байсан. Мөн тэр үед Улаанбаатар хотод нүүрсний 160 гаруй цэг ажиллаж, мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, амжиргаанд нь тус болж байсан.

Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрээ тэтгэврийн бидэн шиг хүмүүс ажлын байраар хангагдаж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн юм. Би тэр үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар цэг дээр ажиллаж байсан бөгөөд сард 900 мянган төгрөг аваад хоёр ачигчдаа 150 мянган төгрөг өгч байлаа.

Тухайн үед тогооч, жолооч нартайгаа нийлээд тус хөтөлбөрийн хүрээнд 1,042 хүн ажлын байртай болсон гэдэг тоо бий. Тэр хүмүүсийн цаана ар гэр нь байгаа гээд бодохоор аль аль талдаа наалдацтай хөнгөлөлт үйлчилгээ байсан гэж бодож байна” гэв.

Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн Ц. Доржготов “Яг амьдрал дээр одоогийн байдлаар нэг шуудай нүүрс 3,000 төгрөгийн үнэтэй гээд мэдээллээр гараад байгаа боловч 4-4.5 мянган төгрөг байна. Бид өдөрт 20 кг нүүрс түлдэг.

Одоо цаг агаар хүйтэрч байгаа үед үүнээс илүүг түлнэ. Энэ нь бидний амьдралд үнэхээр хүнд тусч байна. 50-аас дээш насны тэтгэвэрт суугаагүй, хөдөлмөр эрхлээгүй хүмүүс орлого байхгүй учраас 4,000 төгрөгөөр нэг өдөрт нүүрс авахаар амьдралд мөнгө хүрэлцэхгүй.

Тийм учраас Засгийн газрын хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг ахин хэрэгжүүлээч гэж хүсч байна” гэв.


“Нүүрс хөтөлбөр” хэрэгжиж байх үед иргэд нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бол одоо “Хангай” зах дээр нэг кг нүүрсний үнэ 4,000 төгрөг байгаа аж. Одоо хүйтрээгүй байхад ийм байгаа нүүрсний үнэ цаашид улам нэмэгдэнэ гэж санаа зовж байгаагаа иргэдийн төлөөлөл онцолж байв. Мөн хоёр жил хямд нүүрс хэрэглэж байсан хэрэглэгчид 1111 рүү яриад “Нүүрс хөтөлбөр”-ийг ахин хэрэгжүүлэхийг шаардахыг уриалсан юм.