Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучин циркт гарсан гал гагнуурын очноос үүдэлтэйг тогтоожээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 9 сарын 25
www.ikon.mn
Зураг зураг

БСШУ-ны дэд сайд Б.Тулга өнөөдөр хуучин цирк буюу Циркийн сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа. 

Энэ оны зургаадугаар сарын 23-нд гал гарч дээвэр, доторх нь шатсан циркийн сургуулийн сурагчдыг Хөгжим бүжгийн коллеж руу түр хугацаагаар шилжүүлж, Циркийн сургуулийн шинэ байрыг Хөгжим бүжгийн коллежийн хашаанд барихаар төлөвлөөд байгаа билээ.

Харин хуучин циркийн барилгын ашиглалтыг хариуцан ажиллаж ирсэн “Циркийн ахмадын холбоо”-ны зүгээс барилгыг циркийн зориулалтаар үргэлжлүүлэн ашиглах хүсэлтэй байгаагаа дэд сайдад илэрхийлсэн юм. 

“Циркийн ахмадын холбоо”-ны дарга Г.Доржнамжил “Монгол Улсын циркийн хөгжил энэ байшингаас эхтэй. 1940 онд Монгол Улсад циркийн сургууль, цирк байгуулах тухай тушаал гарч, Дондогдулам хатны цогчин дуганы дотоод заслыг өөрчилж цирк байгуулсан түүхтэй.

Тиймээс өнөөдрийг хүртэл байшин дотор болон хашаанд  Археологийн хүрээлэнгээс малтлага судалгаа хийж байгаа. Саяхан шатсанаас хойш бас ирж барилгын дотор малтлага хийсэн.

Усны шугамыг засварлаж, гагнаж байх үед гал гарсан

Бидний зүгээс 3,500 метр квадрат талбай бүхий хашааны газрынхаа кадастрын зургийг авхуулсан ч одоог хүртэл газрын гэрчилгээ аваагүй байгаа. Хажууд байрлах Дашчойлин хийдийн зүгээс Майдар бурхан барих гэж байгаа учраас газраасаа өгөх хүсэлтийг манайд олон жилийн өмнөөс тавьж ирсэн. Бидний зүгээс татгалзаж байсан ч газрын гэрчилгээ байхгүй бас манай хоёр байгууллага хоёулаа төрийн байгууллага учраас энэ оны эхээр зөвшилцөж, хийдэд 0.7 га газрыг шилжүүлээд байна. Ингэхдээ Дашчойлин хийдийн зүгээс  манай цахилгааны гадна шугамын утаснуудыг бүгдийг нь сольж өгч, хагарчхаад байсан шугамуудыг засварлаж, барилгын гурван жилийн цахилгаан, дулаан, усны мөнгийг даах, жилд хоёр удаа циркийн ахмадуудыг хийд хүлээж авах гэсэн асуудлууд дээр тохиролцсон юм. Тохиролцооны дагуу усны шугамыг засварлаж, гагнаж байх үед гал гарсан бөгөөд би саяхан хөөцөлдөж байгаад галын шалтгааныг тодруулсан. 

Геологийн төв лабораториос шинжилгээний хариуг авч  ОБЕГ-т хандан, мэргэжлийн хүнээр тайлбарлуулсан. Галын шалтгаан нь гагнуурын очноос үүдэлтэй бөгөөд цахилгааны ямар нэгэн шалтгаан байгаагүй гэдгийг шинжээч хэлсэн.

Гал гарсны дараа хуучин циркийг засварлахад зориулан 170 сая төгрөг шийдвэрлэлээ гэх мэдээлэл гарч бид их тухайн мэдээллийг их баяртай хүлээн авсан ч тэгж байгаад чимээгүй болчихсон. Тэгээд Соёлын өвийн газрын зүгээс энд ахиад цирк байгуулахгүй. Соёлын үнэт өв учраас музей байгуулна гээд байгаа. Дондогдулам хатны цогчин дуган хоёр том, хэд хэдэн жижиг дуганаас бүтэж байсан бөгөөд хоёр том дуганы нэг нь манай циркийн барилга. Бусад дуганууд хуучин хэвээрээ хадгалагдаж үлдсэн. Тиймээс  дотоод заслыг нь бүрэн өөрчилж, 75 жилийн турш циркийн зориулалтаар ашигласан энэ барилгаа цирк хэвээр нь авч үлдмээр байна. 

Энд зөвхөн циркийн сургууль хичээллэхээс гадна, 200 гаруй циркчид бэлтгэл сургуулилтаа хангадаг. Монголын циркчдийн холбооны гишүүн бие даасан уран бүтээлчид гуравдугаар сараас арваннэгдүгээр сарыг хүртэл гадны орнуудаар аялан тоглолт хийж яваад өвөл эх орондоо ирж бэлтгэлээ хийдэг. Тэдгээр циркчид “Аса” циркт багтахгүй. Өнөөдрийн байдлаар өөр циркийн зориулалтаар ашиглах барилга байхгүй” хэмээн ярилаа.

Уулзалтын төгсгөлд БСШУ-ны дэд сайд Б.Тулга “Нөхцөл байдалтай танилцлаа. Эргээд бүгдээрээ холбогдох албаны хүмүүсийг байлцуулаад асуудлаа зөвшилцье” гэлээ.