Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Николай II хаан болон түүний хатны цогцсыг ахин шинжиллээ

У.Хулан, iKon.mn
2015 оны 9 сарын 24
iKon.MN
Романовын гэр бүл. 1914 он. Зүүн талаас: Ольга, Мариа, II Николай хаан, хатан Александра, Анастасия, ханхүү Алексей болон Татьяна

Оросын шинжээчид 1918 оны бослогын үеэр алагдсан Оросын сүүлчийн хаан болон хатны шарилыг малтан, шинжилгээ хийжээ. Судлаачид шинжилгээний дээжээ II Николай хаан, түүний хатан Александрагийн цогцос болон Николай хааны өвөө, 1881 онд бусдын гарт амь үрэгдсэн II Александр хааны цустай хувцаснаас авсан байна.

Романовын гэр бүл хувьсгалын үеэр Большевикуудад хүйс тэмтрүүлсэн бөгөөд шарилыг нь Санкт-Петербургийн нэгэн сүмд оршуулжээ. 

Тэрхүү Үнэн алдартны сүмийнхэн тэдний цогцосыг ахин шалгуулж, өөр газраас олдсон хааны төрөл төрөгсдийн гэх цогцоснууд хааны гэр бүлтэй үнэхээр холбоотой байсан эсэхийг мэдэхийг хүссэн байна.

1991 онд Уралаас олдсон олон хүний цогцос нь Романов овогтынх болохыг ДНХ-ийн шинжилгээгээр баталсан байна. Үүний дараа 1998 онд л урт хугацааны турш Романовынханы үхлийн шалтгааныг мөрдөж байсан хэргийг хаажээ.

II Николай хааныг хатан Александра, охин Анастасия, Мария, Ольга, Татьяна, ханхүү Алексей болон тэдэнд үйлчилж байсан дөрвөн зарцын хамт 1918 онд, Екатеринбург дахь нэгэн байшингийн хонгилд хөнөөсөн гэдэг.

Тэднийг шөнө унтаж байхад нь дуудаж, гэр бүлийн зураг авах гэж байгаа мэт нэг эгнээнд зогсоосны дараа Большевикуудын цэргийн анги орж ирээд суман мөндрөөр шүршсэн хэмээн гэрчүүдийн бүртгэлд бичжээ. Амь голтой үлдсэн заримыг нь жадаар сүлбэж алсан байна.

Оросын Үнэн Алдартны сүмийн зарим гишүүд ДНХ-ийн шинжилгээнд эргэлзэж байжээ. Учир нь ханхүү Алексей болон гүнж Мария нарын цогцос 2007 онд Уралаас олдсон ч бусад цогцоснууд байснаас өөр газраас олдсон аж.

Мөрдөн Байцаах Хорооноос энэ хоёр цогцосыг хэнийх болохыг нь баталгаажуулахын тулд шалгах хэрэгтэй гэж байжээ.

Оросын засгийн газар Алексей, Мария хоёрын цогцосыг гэр бүлийнх нь бусад гишүүдийн хажууд буюу Санкт-Петербургийн Петр болон Павелийн сүмд оршуулахаар төлөвлөж байв. Гэвч цогцоснуудыг дахин шинжилж баталгаажуулахыг сүмийн зүгээс хүссэн байна.

Романовын удмын дөрвөн гүнж, бяцхан ханхүү Алексейн хамт

Аллага болсноос хойш 80 жилийн дараа буюу 1998 оны долоодугаар сарын 17-нд хаан, хатан хоёрыг гурван охиных нь хамт зохих ёсоор нь дахин оршуулжээ. 2000 онд Оросын Үнэн Алдартны сүмийнхэн тэднийг ариун шүтээнүүдийнхээ тоонд оруулсан байна. 

Ханхүү Алексей, гүнж Мария нарыг 100 жилийн ойгоос өмнө буюу 2018 онд ариун шүтээн болгох аж. Тэдний шарилыг одоогоор ОХУ-ын Улсын Архивт хадгалж байгаа юм байна.

Александра хатны эгч,  Елизавета Феодоровнаг Иерусалимд оршуулсан бөгөөд шинээр хийх судалгаанд түүний цогцосноос дээж авахаар болжээ. Одоогоор Оросын шинжээчдэд дээж авах боломжтой өөр зүйлс байхгүй юм байна.

Санкт-Петербургийн ойролцоох Царское Село ордон. 1916 он.Эзэн хаан гэр бүлийн хамт.
Зүүн гар талаас хоёрт Распутин- Романовын ордонд нөлөө бүхий хүн байсан ба санваартан мэт хувцаслаж явдаг байжээ.

Большевикууд түр засгийн газрыг унагахаас өмнөхөн буюу 1917 онд Эзэн хааны гэр бүлийнхэн эрх мэдлээ алдаж, цөлөгджээ.

1918 онд хааны гэр бүлийг хөнөөсөн хэргийн талаарх “White Guards Investigations” нэртэй хавтаст хэргээс авсан баримтуудыг мөн судлах бөгөөд эдгээр баримт нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд л олонд ил болоод байгаа аж.

Оросын эзэн хаан II Александр 1881 онд хувьсгалчдын гарт “ард түмний хүслээр” амь үрэгдсэн бөгөөд түүнийг Петр болон Павелийн сүмд цэргийн ёслолын хувцастай нь оршуулжээ.

Романовын удмын хүн болох Гүнгийн ахайтан Мария Владимировна шинэ судалгааны ажлыг дэмжинэ гэдгээ өөрийн хуульчаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Хуульч Герман Лукьянов “Эзэн хааны гэр бүлийг хөнөөсөн тухай хавтаст хэрэгт бүх асуудлыг нарийн тайлбарлаагүй байна. Бас Үнэн Алдартны сүмийнхэн бүх асуултынхаа хариуг бүрэн дүүрэн аваагүй” гэж хэлсэн тухай Оросын ТАСС мэдээллийн агентлаг онцолжээ.

Гүнгийн ахайтан Екатеринбургээс олдсон цогцоснуудад хийх судалгаа шинжлэх ухааны үндэслэлтэй байна хэмээн найдаж байгаа аж. Тэгж чадвал “Эдгээр цогцос хэнийх вэ?” гэсэн гол асуултанд үнэн хариултыг нь олж болох юм.

 

Эх сурвалж: BBC