УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Н.Энхболд: Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавьж, шаардлагатай бол хариуцлага тооцдог байх учиртай. Зөв зүйтэй юмаа дэмжиж ойлголцоод явъя гэхээр Засгийн газар нь тоодоггүй.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал бодлоо хэлсэн юм. Тухайлбал,
Ц.Оюунбаатар: Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа нь хэнд ч тодорхой байна. Иймээс гишүүдийн зөв, шударга үг, байр суурийг Засгийн газар ажилдаа сайн тусгаж хэрэгжүүлэх ёстой. Төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлээр нөөц бололцоог бүрэн дайчилж чадахгүй байна гээд Засгийн газар, төрийн байгууллага, албан тушаалтнууд хуулиа дээдэлж, хяналт шалгалтаа сайжруулах хэрэгтэй.
Д.Ганхуяг: Гишүүдийн санал шүүмжлэлийг хүлээн авч ажил хэрэг болгоно гээд улс орны өмнө тулгамдаад байгаа хүндрэлийг хамтдаа даван туулах учиртай.
Н.Энхболд: Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавьж, шаардлагатай бол хариуцлага тооцдог байх учиртай. Зөв зүйтэй юмаа дэмжиж ойлголцоод явъя гэхээр Засгийн газар нь тоодоггүй. Хэрэв олонх нь хариуцлага тооцож чадахгүй бол цөөнх Засгийн газрын асуудлыг дахиж тавихаас аргагүй.
Ж.Батзандан: Төсвийн тодотголоор Хууль зүйн сайд болон онцгой байдал, цагдаагийн байгууллагын төсвийг нэлээд танахаар тусгасныг эргэж харах, ер нь УИХ зөвхөн улсын нэгдсэн төсөв, Нийгмийн даатгал, Хүний хөгжил сангаар хязгаарлахгүйгээр улс орноо бүхэлд нь харж байх нь зүйтэй байна.
С.Баярцогт: Төсвийн тодотголыг ирэх оны төсөвтэй хамтад нь оруулж ирж байгаа нь ирэх оны төсвийг зөв зүйтэй төлөвлөхөд хэрэгтэй юм. Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулснаар яамд хоорондын зохицуулалтыг хийх ёстой байтал тэгж чадсангүй. Одоо төсвийн урсгал зардлыг Сангийн яам нь төлөвлөдөг, харин Эдийн засгийн хөгжлийн яам нь хөрөнгө оруулалтын асуудлыг оруулж ирдэг болоод байна. Иймээс Засгийн газрын бүтцийг эргэн харах нь зүйтэй байна гэсэн юм.
Мөн гишүүн М.Сономпил, О.Содбилэг, Ц.Баярсайхан, Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ, Ж.Эрдэнэбат нар үг хэлснээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!