Кирсан Илюмжинов харь гаригийнханд олзлогдож байсан гэнэ
ОХУ-ын Халимагийн БНУ-ын ерөнхийлөгч асан, Олон Улсын Шатрын Холбооны тэргүүн Кирсан Илюмжинов 2006 онд ерөнхийлөгч В.Путинтэй Кремльд уулзаж байхдаа харь гаригийнханд олзлогдсон түүхээ ярьж байжээ.
Дараа нь 2007 онд тэр Аль Жазира телевизэд өгсөн ярилцлагадаа энэ тухай дэлгэрэнгүй ярьсан байна. Түүнийг 1997 оны есдүгээр сард харь гаригийнхан олзолж байсан гэнэ.
Илюмжинов “Намайг Москвад гэртээ байхад минь харь гаригийнхан хөлөгтөө суулган нэг од руу авч явсан. Тэгэхэд би “намайг гэрт минь буцааж өгөөч” хэмээн хүсч байсан. Тэд бидэнтэй адилхан амьтад. Бидэнтэй ижил үзэл бодолтой, ижил төсөөлөлтэй байсан. Тэдэнтэй ярилцсаны дараа бид энэ ертөнцөд ганцаар биш гэдгийг мэдсэн юм. Би галзуу хүн биш. Намайг энэ тухай Эрх Чөлөө Радиод ярилцлага өгөхөд олон мянган хүн над руу захиа бичиж байсан” хэмээн ярьжээ.
Үүний дараа 2010 онд телевизэд мөн энэ тухайгаа ярьсны дараа Оросын Думын гишүүн Андрей Лебедев түүнийг “төр барих хүн” мөн эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байв.
Лебедев “Хэрвээ тэр үнэхээр олзлогдож байсан бол улсын нууц мэдээлэл задруулсан байхыг үгүйсгэхгүй. Хошигноод өнгөрөхөөс гадна энэ түүхэн үйл явдлыг Кремльд мэдэгдэх хэрэгтэй” гэж ярьж байжээ.
Тэр бас “улсын нууцтай харьцдаг хүмүүст харь гаригийнхантай уулзахдаа хэрхэх тухай нь заасан журам боловсруулах шаардлгатай байна” хэмээн шоглож байсан байна.
Илюмжинов бас “Миний бодлоор шатрыг өөр гаригаас энд авчирсан байх. Дэлхийн хаана ч, Японд ч, Хятадад ч, Катарт ч, Монголд ч , Африкт ч ижил дүрэм, ижил 64 нүдтэй хар цагаан хөлөг ашигладаг шүү дээ. Яагаад гээч? Учир нь тэр өөр гаригаас ирсэн юм” гэж ярьж байжээ.
Ирэх хоёрдугаар сард болох ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Илюмжиновыг өрсөлдөнө гэсэн яриа саяхан гарсан байна.
Харин тэр ФИФА-гийн тэргүүн болчихвол бас дахин харь гаригийнхантай уулзаж хөлбөмбөгийг тэднээс авсан гэдэгт итгэх вий хэмээн хүмүүс болгоомжилж байгаа юм.
Эх сурвалж: Huffingtonpost
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
