Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ын зарласан ШИНЭ БҮХНИЙГ ЭНДЭЭС…

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Лхагва гарагт буюу манай цагаар урьд шөнө Apple корпораци энэ намрын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаа Apple

  • хоёр шинэ iPhone буюу iPhone 6S, iPhone 6S Plus
  • том хэмжээтэй (12.9 инч) iPad буюу iPad Pro
  • Siri удирдлагатай, өөрийн App Store-той шинэ Apple TV
  • Apple Watch-ын зарим шинэчлэлтүүдийг танилцуулсан юм.

Мөн Apple анх удаагаа стайлус буюу iPad Pro-д зориулсан даралтын мэдрэгчтэй үзэг гаргасан байна.

Шинэ iPhone-уудын хувьд хүмүүсийн төсөөлж байсан шиг даралт мэдрэгч технологи буюу 3D Touch, 12 мегапикселийн сайжруулсан камер, илүү хурдан төв процессортой болжээ. Мөн өнгөний хувьд алтлаг ягаан (rose gold) сонголт шинэ iPhone-д нэмэгдсэн байна.

Ингээд бүтээгдэхүүн тус бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулъя.

 

iPhone 6S, iPhone 6S Plus

 

Мэдээж анх удаагаа ягаан өнгөтэй iPhone гарсан нь сонирхол татаж байна.

 

 

Үүнээс илүү сонирхолтой дэвшил нь яах аргагүй 3D Touch технологи. Аль нэг айкон дээр удаан дарахад янз бүрийн үйлдэлд зориулагдсан шорткатууд гарч ирнэ. Эсвэл арай чанга дарахад тухайн объектын preview гарч ирэх гэх мэт таны хурууны даралтын хүчээс, хугацаанаас хамаарч нэмэлт боломжуудыг харуулах болсон нь энэ технологийн онцлог. Өөрөөр хэлбэл хуруугаар удирдах нь урьд нь хоёр хэмжээст байсан бол одоо гурван хэмжээст түвшинд шилжжээ.

Шинэ iPhone-ууд шинэ A9 чиптэй гарчээ. Энэ нь шинэ iPhone-ий төв процессорын хурд 70 хувь, график процессорын хурд 90 хувь өмнөх загвараасаа нэмэгдсэн гэсэн үг.

Үүнтэй хамт гарах iOS 9 үйлдлийн систем нь News, Apple Music аппликэшнуудыг шинээр багтаасан.

Шинэ “Hey Siri” боломжтой болсон нь Siri-г ашиглахын тулд заавал Home товчин дээр удаан дарахгүй, зүгээр л "Hey Siri" хэмээх шидэт үгийг утсандаа хандан хэлдэг болгожээ.

Камерны хувьд 12 MP багтаамжтай болсон нь өмнөх загварынхаас 50 хувь илүү цэг агуулдаг, 4К видео бичих чадвартай, маш хурдтай авто фокустай болгожээ.

Шинэ камер нь бас Live Photos гэдэг шинэ боломжтой болсон бөгөөд цуврал олон зургаар GIF маягийн хөдөлгөөнт дүрс үүсгэдэг болсон байна. Ингэхэд танаас ямар нэг чадвар шаардахгүй, утас тань авсан зурагны өмнөх болон дараах 1.5 секундын дүрсийг дуутай нь бичиж аваад эвлүүлдэг програмтай болсон гэсэн үг. Авсан зурган дээрээ удаан дарахад л автоматаар ийм хөдөлгөөнт дүрсийг үүсгэнэ.

Ингэж үүсгэсэн хөдөлгөөнт дүрсээрээ утсандаа хөдөлгөөнт ханын цаас (animated wallpaper) хийх боломжтой болсон.

Эдгээрээс гадна эх бие нь 7000 series aluminum буюу тусгай хайлшаар хийгдсэн тул өмнөх загвар шиг хүчтэй даралтанд нугарах асуудал үүсэхгүй. Нүүрний шил нь ч өнөөдрийн хамгийн бат бэх хийцтэй технологиор бүтээгджээ.

 

 

iPhone 6S, iPhone 6S Plus утаснууд өмнөх загвартайгаа ижил үнэтэй гарна.

iPhone 6S, iPhone 6S Plus-ийн урьдчилсан захиалга есдүгээр сарын 12-нд эхэлж есдүгээр сарын 25-наас худалдаанд гарч эхлэх гэнэ.

Харин iOS 9 хувилбарыг есдүгээр сарын 16-наас татаж авах боломжтой болно.

 

iPad Pro

 

Шинэ iPad Pro нь 12.9 инчийн том дэлгэц, тоглоом, энтертайментын өргөн боломж, бүтэн харагдах софт гарны товчлуур, олон програм зэрэг ажиллах горим (multi-tasking) зэрэг дэвшлүүдийг багтаажээ.

Цэгийн хэмжээс нь 2732 х 2048 буюу нийтдээ 5.6 сая цэгтэй. Энэ нь Retina MacBook Pro-гоос ч илүү нягтралтай дэлгэцтэй гэсэн үг.

 

 

64 битийн А9 чиптэй тул өмнөх загваруудаас 1.8 дахин хурдан. iPad Pro нь бүтэн цэнэглэлтээр 10 цаг ажиллах баттерейтэй. 6.9 мм нимгэн, 680 грам жинтэй, 8MP камертай.

iPad Pro-той цуг ухаалаг гарны товчлуур (smart keyboard) гарах ба энэ нь соронзоор төхөөрөмжиндөө наалддаг. Мөн Apple Pencil хэмээх үзэг гаргаж байгаа бөгөөд түүнийг Lightning портоор цэнэглэдэг гэнэ. Уг үзгээр энгийн үйлдлүүд хийж болохоос гадна тодорхой тооны зураг боловсруулах аппликэшнууд дээр ажиллахад зориулагджээ.

 
 

 

Нэг үгээр хэлбэл Apple нь iPad төхөөрөмжиндөө мэргэжлийн боломжуудыг нэмснээр Майкрософтын Surface төхөөрөмжтөй өрсөлдөх хэмжээнд хүргэсэн байна.

 

 

iPad Pro-гийн үнийн хувьд 32GB, WiFi only загвар нь $799-аас эхэлнэ. 128GB WiFi нь $949 бол 128GB WiFi+3G загвар нь $1,079 байх гэнэ.

Apple Pencil $99, ухаалаг гарны товчлуур нь $169 үнэтэйгээр 11 дүгээр сард худалдаанд гарна.

iPad Pro-той цуг $399 үнэтэй iPad mini 4-ыг дуулиан багатайгаар зарласан нь уг жижиг таблетын сайжруулсан хувилбар байлаа.

 

Шинэ Apple TV

 

Apple TV-гийн шинэ загвараа танилцуулахаас өмнө CEO Тим Кук “телевизийн ирээдүй бол аппликэшн гэдэгт бид итгэдэг” гэж хэллээ.

Үүнийг нь батлан шинэ Apple TV Siri хоолойгоор удирдах боломжтой, алсын удирдлага нь Touch мэдрэгчтэй болжээ. Touch мэдрэгч нь түүнийг тоглоом тоглох удирдлагатай болгосон гэсэн үг.

 

 

Мөн эндээс та Apple Photo, Apple Music сангууд руугаа хандан TV дээрээ тоглуулж болно. Удирдлага нь хоолойгоор бас Touch технологиор ажиллах боломжтой болсон нь ажиллахад илүү хялбар болгожээ.

Удирдлага нь нэг цэнэглэлтээр гурван сар ажиллана. Мөн тоглоом тоглоход зориулагдсан gyroscope мэдрэгчтэй болжээ. Дуу хоолойны удирдлага нь тун боловсронгуй болж хүний хэлсэн түлхүүр үг, комманд зэргээр тун мэдрэмжтэй даалгавар биелүүлдэг болсон байна.

Apple TV  энэ удаа цоо шинэ tvOS үйлдлийн системтэй гарсан нь хөгжүүлэгч нарт том дэлгэцэнд зориулсан аппликэшн гаргах боломжийг олгожээ.

Apple TV дээр олон хүн зэрэг тоглоом тоглох боломжтой болсон ба хүн тус бүр өөрийн iOS төхөөрөмжийг удирдлага (joystick) болгон тоглох юм.

Шинэ Apple TV 32GB нь $149, 64GB нь $199 үнэтэйгээр аравдугаар сараас дэлхийн 80 гаруй оронд худалдаалагдаж эхэлнэ. Оны сүүлээр энэ тоо 100 хүрэх юм.

Харин хөгжүүлэгчид өнөөдрөөс tvOS-д зориулан ажлаа эхлэх боломжтой болжээ.

 

Apple Watch

 

Тансаг эдлэлийн Hermes компани гар хийцийн савхин оосорнууд, Hermes-т зориулсан тусгай нүүр бүхий Apple Watch-ын шинэ хувилбарыг гаргахаар болжээ.

 

 

Аравдугаар сард гарах энэ хувилбарын үнэ одоогоор тодорхойгүй гэнэ. Үүнээс гадна энэ намар Apple Watch-ын шинэ алтлаг загварууд, шинэ өнгөний сонголттой оосорны загварууд хуучин үнээрээ зах зээлд гарна. 

Програм хангамжийн хувьд есдүгээр сарын 16-нд цаганд зориулсан Apple-ын анхны бүрэн OS болох WatchOS гарахаар болжээ. Түүнд зориулагдсан аппликэшний сонголтууд ч илүү өргөжсөн байна. Тухайлбал Facebook Messenger уг цаган дээр ажилладаг болжээ.

 

Эх сурвалж: Mashable, TheNextWeb, Business Insider, Apple