Одоогоос хорин жилийн өмнө Төвдийн бурхны шашны хоёр дахь том хүн болох Панчин ламын хойд дүрээр нэгэн хүүг Далай лам тодруулж байсан юм.
Одоо 26 настай байх ёстой Панчин ламыг хойд дүрээр зарламагц Хятадын эрх баригчид баривчилж тэр цагаас хойш сураггүй болжээ.
Харин Ням гарагт болсон хэвлэлийн хурал дээр сэтгүүлчийн асуултанд Төвдийн Өөртөө засах Орны албаны хүн Норбу Дүнзүб “Панчин ламыг сурч боловсрон, эрүүл саруул амьдарч байгаа бөгөөд тайван амьдралыг нь бусниулахгүй байхыг хүсч байгаа” гэж хариулжээ.
Тэр цааш нь Далай ламын Панчин ламыг тодруулсан ажиллагаа нь түүхэн уламжлалыг эвдсэн, хууль бус үйлдэл байсан гэлээ.
1995 онд Хятадууд Далай ламын тодруулсан дүрийг баривчилмагц өөрсдөө 11 дүгээр Панчин ламаар Гялцэн Норбуг өргөмжилсөн ч Төвдүүд түүнийг хуурамч богд хэмээн үзэж хүлээн зөвшөөрдөггүй юм.
Ийнхүү Хятадын Коммунист Нам хэдийгээр шашингүй үзлийг номлодог ч хувилгаадын хойд дүрийг зарладаг болсон шалтгаанаар 14 дүгээр Далай лам өөрийн хойд дүрийг тодруулалгүй энэ дүрээрээ эцэс болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Далай лам өөрийнх нь дараагийн дүрийг тодруулахад Хятадын эрх баригчид мөн ийм үйлдэл хийнэ хэмээн болгоомжилж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!