Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн багийнхан Агрокомплекс ХХК-тай хамтран Төв аймгийн Борнуур суманд “Талбайн өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.
Тогтвортой Хөдөө аж ахуй төсөл нь ХААИС-тай хамтран Монгол орны хөрс, байгаль цаг уурын нөхцөлд шинэ төрлийн үр тариа, тосны ургамлуудыг турших ажлуудыг хийсээр ирсэн юм. Энэ ажлынхаа хүрээнд Агрокомплекс ХХК-ийн талбай дээр энэ жил улаанбуудай, рапсын хэд хэдэн сортыг тариалсан бөгөөд ингэхдээ үрийн болон бордоо, ургамал хамгааллын бодисын нормыг олон янзын аргачлалаар туршсан билээ. Мөн өөрийн үндсэн чиглэл болох улаанбуудай, рапсаас гадна сэлгээний зорилгоор Монгол орны нөхцөлд нэн шаардлагатай байдаг зарим нэгэн тэжээлийн тарималуудыг тариалжээ.
Сүүлийн жилүүдэд зах зээлд хамгийн өргөн хэмжээтэй, хүчтэй түрж орж ирж байгаа ургамал бол рапс юм. Гэхдээ тариалагдаж байгаа рапсын сортуудын ургалтын хоног, ургац, сортын нэр, рапсын ямар төрөл болох, хүнсний эсвэл техникийн зориулалттай эсэх тал дээр хийсэн судалгааны ажлынхаа үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүднээс төслийн багийнхан ХААИС-ийн Агробиологийн сургуультай хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн талбайн өдөрлөг дээр төслийн туршилтын талбайд тариалсан рапсын сортууд, тэдгээрийн технологийн онцлогийн талаар ХААИС-ийн Агробиологийн сургуулийн багш др. дэд проф. Мөнхжаргал, улаан буудайнд хийсэн бордооны туршилт, хөрсний судалгааны үр дүнгийн талаар др. дэд проф. Одгэрэл танилцуулсан юм.
Ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дан ганц тохиромжтой сорт, техник хэрэгслийг сонгох нь хангалтгүй бөгөөд бордоо, ургамал хамгааллын бодисын зүй зохистой хэрэглээ нь ургацын хэмжээнд шууд нөлөөлж байдаг. Энэ жил төслийн талбайд ХБНГУ-ын БАСФ ХХК-ийн хэд хэдэн ургамал хамгааллын бодисын туршилтыг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хийсэн тухай эрдэмтэн нарийн бичгийн дарга проф. др. Отгонсүрэн энэ үеэр ярьж байлаа.
Эх сурвалж: ХХААЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|