Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг шүүх танхимд, нээлттэй явуулахыг шаардаж ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид шаардлага хүргүүлсэн талаар Дархан-Уул аймгийн зарим иргэд болон СХД-ын иргэн А.Жасрайжав нар мэдээлэл хийлээ.
Дархан-Уул аймгийн иргэдийн хувьд Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардан гарын үсэг зурсан 5,000 иргэний төлөөлөл гэдгээ хэлээд “Л.Гансүх гэдэг хүн тус аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдож ажилласан. Тэр найман жилийн хугацаандаа Дархан-Уул аймагт олон бүтээн байгуулалтын ажлыг хийж, иргэдтэйгээ тулж ажиллаж байсан бүтээлч хүн , мөн өөрөө шүүх хурлыг нээлттэй явуулж гэм буруугүй гэдгээ олон нийтэд харуулыг хүсч байгаа учраас шүүх хурлыг үзэж, үнэхээр мөнгө идсэн эсэхийг нь мэдмээр байна.
Шүүх хурлыг үзэж, үнэхээр мөнгө идсэн эсэхийг нь мэдмээр байна.
Хэрвээ шүүх хурлыг шүүх танхимд нээлттэй явуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах талаар хариуг энэ сарын 7-н гэхэд өгөхгүй бол бид жагсана, цуглана, өлсөнө, үе шаттай арга хэмжээнүүд зохион байгуулна. Бид Л.Гансүхийн ах дүү, амраг, садан биш. Бид үнэнийг л мэдэхийг хүсэж байна.
Хуулийн дагуу улс, байгууллага, хувь хүний нууцад хамаарахгүй хэргүүдийн шүүх хурлыг олон түмэнд нээлттэй явуулж хэвших нь нийгэмд байдаг сөрөг хандлагуудыг засаж, иргэд үнэн бодитой мэдээллээр хангагдах боломж бүрдэнэ” гэж үзэж байгаагаа хэлж байлаа.
Харин СХД-ын иргэн А.Жасрайжавын хувьд Нүүрс хөтөлбөр хэрэгжиж байхад борлуулагчаар ажиллаж байсан юм байна. Тэрбээр “Нүүрс хөтөлбөрийн хүрээнд Л.Гансүхийн хийсэн ажил үр өгөөжтэй, цагаа олсон ажил байсан. Байранд амьдардаг хүмүүс мэдэхгүй ч гэр хороололд амьдарч байгаа олон зуун мянган айл үр өгөөжийг нь хүртэж, нүүрсний үнийг буулгаж чадсаныг бид бүгдээрээ мэдэж байгаа.
Л.Гансүх нарт холбогдох хэргийг шалгах явцад АТГ-аас намайг бас гурван удаа дуудаж мэдүүлэг авсан. Дуудах бүртээ “Та ямар ажил хийж байсан, Хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ, Өдөрт хэр хэмжээний нүүрс худалдаж байсан бэ” гээд нэг л зүйлийг давтан асууж байсан. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дахин дахин асуугаад л байдаг байсан” хэмээн ярилаа.
Л.Гансүх нар холбогдох шүүх хурал энэ сарын 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч гэрч, хохирогч ирээгүй гэсэн шалтгаанаар дахин хойшилж, дараагийн шүүх хурлыг энэ сарын 10-нд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр болоод байгаа юм.
Дархан-Уул аймгийн иргэдийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хүргүүлсэн хүсэлт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!