Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэрэгт буруутган 2014 оны долдугаар сарын 29-нд 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. Гэсэн хэдий ч Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх тус хэргийг 2014 оны 10 дугаар сарын 28-нд хянан хэлэлцээд Л.Гансүхийг батлан даалтад гаргасан байсан.
Тэгвэл дээрх шүүх хурал он дамжиж, удаа дараа хойшилсоны эцэст өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч гэрч, хохирогч ирээгүй гэсэн шалтгаанаар дахин хойшиллоо.
Харин батлан даалтад гараад байсан Л.Гансүхийг дахин цагдан хорих шийдвэрийг шүүх гаргав.
Шүүх хурлын үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж дараах байр суурийг илэрхийлэв.
-Шүүх хурал хоёр шалтгаанаар хойшиллоо.
Нэгдүгээрт, шүүхээс дуудсан гэрч, хохирогч нар ирээгүй. Уг нь шүүх өөрөө гэрч нарыг авчирах үүрэгтэй байгууллага. Энэ үүргээ биелүүлсэнгүй. Тэгсэн хэрнээ Л.Гансүх нарыг цагдан хорьж байна. Энэ нь шүүхэд ашиг сонирхлын зөрчил байгааг харууллаа.
Ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар асуудлыг шийдэж байна.
Хоёрдугаарт, шүүх хурлыг шүүх танхимд л хийх ёстой. Гэтэл дараагийн шүүх хурлыг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хийнэ гэсэн асуудлыг тавилаа. Энэ нь цаанаа хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх хуралд оролцуулахгүй байх, цаашлаад энэ хэргийн үнэн мөн чанар болох АТГ-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн зохион байгуулалтыг далд, нууц хэлбэрээр өнгөрүүлэх гэж байна.
Өнөөдөр шүүх Л.Гансүхийг цагдан хорьж байгаа үндэслэлээ ч тайлбарласангүй. Хүнийг ямар үед цагдан хорьдог вэ гэхээр шүүх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлж болзошгүй тохиолдолд л хорьдог. Гэтэл өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцъя гэсний төлөө, шүүх өөрийн дуудаж авчирах ёстой гэрч, хохирогчоо дуудаж авчирч чадаагүйнхээ төлөө хүнийг цагдан хорьж, эрүүдэн шүүж хүний эрхийг ноцтой зөрчлөө.
Энэ бол шүүхийн шинэчлэлд ухралт болж байгаа хэрэг. Энэ шүүхээс, шүүгч нараас бүгдээс нь татгалзая. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар асуудлыг шийдэж байна.
Тухайлбал, Х.Идэр шүүгчээр хэргийг шийдүүлмээргүй байна. Энэ шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа бөгөөд шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарч мэдэх юм. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!