“Залуучуудын иргэний нийгмийн анхдугаар чуулган” энэ сарын 25-нд болох гэж байна. Энэхүү арга хэмжээг залуусыг хөгжүүлэх, чадавхжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагууд Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан хамтран зохион байгуулах аж.
Чуулганы үеэр нийгэмд манлайлагч, амжилттай ажиллаж буй байгууллагын залуус бусдадаа сайн туршлагаасаа танилцуулж, амжилтанд хүрэхэд тулгарсан саад бэрхшээл, гаргасан алдаа оноо зэргээ чөлөөтэй ярилцаж, нийтлэг тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцэх гэнэ.
Залуу хүн гэхээр төрөөс ажлын байр, орон сууц нэхдэг халамжлуулагч, сонгуульд оролцдоггүй идэвхгүй хүмүүс гэсэн ойлголт Монголын нийгэмд тогтсон. Харин энэ чуулганаар залуучууд бол нийгмийг хөдөлгөгч гол цөм, ирээдүй хойч үе учраас залуучуудын байгууллагуудын хөгжлийг дэмжих замаар залуусыг соён гэгээрүүлэх нь нийгэмд эерэг өөрчлөлт авчирна гэдгийг ойлгуулахаар зорьжээ.
Мөн энэ чуулганыг хийснээр залуучуудын байгууллага гэдэг нь голдуу аль нэг намын бөөрөнд орших улс төрийн эрх мэдэлд хүрэх зорилготой хэсэг бүлэг залуусаас бүтдэг гэдэг ойлголтыг өөрчлөж, хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулахын төлөө хүний эрхийн чиглэлээр амжилттай ажиллаж буй олон олон чадварлаг залуучуудын байгууллагуудыг нийгэмд таниулах аж.
Иймд чуулганыг зохион байгуулагчид “Залуус+Оролцоо=>Өөрчлөлт” хэмээн уриагаа гаргасан байна. Учир нь Монгол Улсын хүн амын 70 хувь нь 25-аас доош насныхан юм.
Дашрамд дурдахад, “Залуучуудын иргэний нийгмийн анхдугаар чуулган” энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгад 09.00 цагт эхлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!