Унаганы хаа, гуя, хондлой зэрэгт халаасан тамгаар хайрч тэмдэг тавихыг унага тамгалах гэнэ. Унага тамгалахтай зэрэгцэн гүүгээ саахаа больж, унагыг эхийнх нь хамт бэлчээрт гаргахыг гүү тавих гэнэ.
Манай орны аль ч нутагт адуу ногоонд цадаж, унага махлах үе буюу зуны дунд сард гүүг барьж, унагаа уядаг. Гүүг намар орой болтол саахад адуунд сойлго орж, унаганы бие чийрэгжин, туурай нь бэхэждэг гэж үздэг. Иймд говь нутагт өвс ургамлын сөл орой тасардаг тул гүүг аажуу бариад өвлийн эхэн сар хүртэл саана.
Харин хангай, хээр талын бүсэд эрт намаршиж өвсний сөл түргэн тасардаг тул намрын адаг сараас хэтрүүлэлгүй гүүгээ тавих нь зүйтэй. Хэрэв гүү тавих хугацааг оройтуулбал унаганы тарга тэвээрэгт муугаар нөлөөлдөг.
Хэрэв гүү тавих хугацааг оройтуулбал унаганы тарга тэвээрэгт муугаар нөлөөлдөг
Малчид гүүгээ тавихтай зэрэгцүүлэн унагаа тамгалдаг.
Унага тамгалахдаа арьс, махыг их хэмжээгээр түлж шархлуулах, том хэмжээтэй эсвэл олон жижиг хэсгээс бүрдсэн тамгыг хэрэглэдэггүй. Мөн хэт гүн тамгалж болохгүй.
Унагаа тамгалж дуусаад гүүгээ тавихдаа тусгай зан үйл хийдэг заншилтай. Тухайлбал, гүү тавих өдрөө сонгож, энэ өдөр бүх адуугаа хурааж гүүн зэлний гадсан дээр сан тавьдаг. Гүүгээ сааж дуусаад унагануудынхаа ногтыг мултлан тавиад зэлээ эвхэн, гадсаа сугалан авч нүхэнд нь сүү дусаан, арвай будаа хийнэ. Ингээд гүүгээ тавьж буй айл, ирсэн зочдыг гэртээ урьж айраг уулган, хоол ундаар дайлж найрлана. Энэ үед ерөөл магтаал, дуу хуур, тоглоом наадам үүсгэн нэгэн жилийн дэлгэр цагийн төгсгөлийн баярыг тэмдэглэдэг заншилтай.
Унага тамгалж, гүү тавих үед зэл, гадас, аргамж, аргал, түлш, тариа будаа, айраг, тамга, сүү, арц хүж зэрэг зүйлсийг хэрэглэнэ. Тамгыг хэрэглэж дуусаад сүүнд дүрээд хадганд боож хадгалдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!