Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

АЛБАН МЭДЭГДЭЛ, УРИАЛГА: ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ –МОНГОЛ

ikon.mn
2015 оны 8 сарын 13
iKon.MN

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалттай хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг ил тод бусаар батлан хээл хахууль авсан, зуучилсан, албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн,  төсвийн  хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан авлигын гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр одоо шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг болон авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдүүдийг хамааруулахаар боллоо.  

Өршөөлийн тухай хуульд албан тушаалын буюу "цагаан захтны" хэмээн олон нийтэд нэрлэгддэг гэмт хэргүүд хамрагддаггүй дэлхий нийтийн чиг хандлагыг бид хатуу баримтлах ёстой. Гэтэл саяхан батлагдсан уг хууль энэхүү олон улсын зарчмыг зөрчсөнөөр албан тушаал, авлигын гэмт хэргийг улам бүр өөгшүүлж улмаар эрүүгийн ял завших боломжийг нээж өгч байгаагаараа манай нийгэмд туйлын сөрөг үр дагавартай үйл явц болж байна.

Энэхүү хуулийг УИХ-ын баталсан бүрэн агуулгаар нь хэрэгжүүлбэл шударга ёсыг хамгаалах болон хууль сахиулах байгууллагууд, шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдал, төрийн хууль тогтоох ажиллагаанд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэн, авлига болон ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн төрийн болон төрийн бус байгууллагуудын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна.

Бүх төрлийн гэмт хэргийг хавтгайруулан Өршөөлийн тухай хуульд хамруулж батлан гаргаснаар авлига болон албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх улс төрийн хүсэл зориг эрх баригчдад байхгүй байгааг нотлон харуулах төдийгүй Монгол Улсын нэр төрийг олон улсад унагааж улмаар авлигын түвшин тогтоох шалгуур индекст сөргөөр нөлөөлөхүйц явдал боллоо.

Авлигатай тэмцэх олон улсын хүлээн зөвшөөрсөн түгээмэл зарчмыг гажуудуулсан, нийгмийн шударга ёсыг үгүйсгэсэн энэхүү хуулийн холбогдох заалтуудад хориг тавихыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, улмаар уг хоригийг хүлээн авч Өршөөлийн тухай хуулийг залруулахыг УИХ гишүүдэд тус тус уриалж байна.

 

Транспэрэнси Интернэшнл авлигын эсрэг олон улсын

иргэний нийгмийн эвслийн  Монгол дахь үндэсний салбар 

WWW.TRANSPARENCY.ORG