УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд МАН Өршөөлийн тухай хууль дээр ямар байр суурьтай байгаагаа ирэлхийлсэн юм.
Энэ үеэр бүлгийн дарга С.Бямбацогт,
-УИХ Өршөөлийн тухай хуулийг баталсан.
Өмнө нь зургаан удаа өршөөлийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиудад насанд хүрээгүй хүүхэд, жирэмсэн эх, өндөр настай, бие мах бодийн хувьд ял эдлэх чадваргүй болсон, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлдэг байсан. Уг нь Засгийн газраас барьсан төсөл яг энэ дагуу орж ирсэн. Энэ төслөөр нь бид дэмжиж байсан.
Эрүүгийн хуулийн бүх заалт энэ өршөөлд бүрэн хэмжээгээр хамрагдах алхам хийлээ.
Харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн саналаар албан тушаалтны гэмт хэрэг, авлигал хээл хахууль авсан хүмүүсийг хамруулж өршөөх болсон нь буруу гэж МАН үзэж, анхны болоод эцсийн хэлэлцүүлэгт оролцоогүй.
Ер нь бол ээлжит бус чуулган анхнаасаа хууль бус байсан. Бид оролцоогүй. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх Комисс байгуулагдсан байгаа. Гэхдээ МАН-ын зүгээс энэ комиссод гишүүдээ оролцуулж, ажиллах боломжгүй гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,
-Ордон дотор төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо. Ингэхдээ ээлжит бус чуулган гэх халхавчийн дор Өршөөлийн хуулийг хүчээр баталлаа.
Эрүүгийн хуулийн бүх заалт энэ өршөөлд бүрэн хэмжээгээр хамрагдах улс төрийн алхам хийлээ. Монгол Улсын одоо мөрдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй, 78 зүйл нь ерөнхий ангидаа хамаардаг, 227 зүйл нь тусгай ангидаа хамаардаг. Энэ 227 зүйлээс ангиас авлигачид, албан тушаалтнуудад хариуцлага тооцох 10 зүйл байдаг. Тэр 10 зүйлийг энэ хуульд оруулж, бүхэлд нь өршөөхөөр шийдвэр гаргалаа гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!