Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт-Ухаа 1” хороолол 120 хүүхдийн ортой цэцэрлэгтэй боллоо

ikon.mn
2015 оны 8 сарын 13
iKon.MN

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан  “Буянт-Ухаа 1” хороолол өнгөрсөн онд ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээж авсан. Тус хорооллын дотоод зохион байгуулалтад нийт 120 хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилгыг шийдэж барьсан. Улмаар 2014 оны есдүгээр сард улсын комисс хүлээж авчээ.  Харамсалтай нь дээрх хоёр цэцэрлэгийг худалдаж авахад шаардагдах хөрөнгө 2015 оны улсын болон нийслэлийн төсөвт суугдаагүйн улмаас үйл ажиллагаагаа явуулж чадалгүй нэг жилийн нүүрийг үзсэн юм.

Харин Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар дээрх хоёр цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хөрөнгийг 2016 оны төсөвт тусгахыг холбогдох албан тушаалтанд даалгасан. Үүний дагуу Нийслэлийн болон ХУД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд “Буянт-Ухаа 1”  хорооллын хоёр цэцэрлэгтэй танилцаж, ирэх даваа гарагт хүлээж авахаар боллоо.

ХУД-ийн 16-р хорооны 223-р цэцэрлэг нь хоёр барилгаас бүрдэж байгаа бөгөөд тус бүр хоёр давхар юм.  Давхар тус бүрдээ хоёр бүлэгтэй. Нэг бүлэгт 15 хүүхэд хүмүүжих хүчин чадалтай юм.  


 

223-р цэцэрлэг хүүхдүүдээ хэзээ хүлээж авахад бэлэн болох талаар ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

- Цэцэрлэгийн бүртгэл эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд цэцэрлэгийн тоног төхөөрөмж, хэрэгцээт зүйлсийг бүрэн бэлтгэж амжих уу?

- Бид Боловсролын яаманд тоног төхөөрөмж шаардлагатай зүйлсийн талаар хандсан байгаа. Хүүхдүүдээ наймдугаар сарын 25-нд албан ёсоор бүртгэж эхэлнэ. Бусад цэцэрлэгийн адил есдүгээр сарын нэгэнд үйл ажиллагаагаа явуулна.

- Цэцэрлэгийн хүртээмж нийслэлийн хэмжээнд дутмаг байгаа. ХУД-ийн хувьд хэчнээн хүүхэд сургуулиас өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна вэ?

- ХУД-т төрийн өмчит 23, төрийн бус өмчит 53 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд 2-5 насны нийт хүүхдүүдийн 79 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадсан. Энэ жилийн тухайд манай дүүрэгт таван цэцэрлэг шинээр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлээс 3, Дүүргээс 1, ТОСК-с 1 цэцэрлэг нийт 620 хүүхэд нэмж цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр нийт цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 83 хувь нь сургуулийн өмнөх насны боловсрол эзэмших юм.

- 2016 онд хэчнээн хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох вэ?

- Ирэх онд дүүрэгт нийт дөрвөн цэцэрлэг  ашиглалтад орно. Үүнээс 16-р хороонд 240 хүүхдийн нэг цэцэрлэг ашиглалтад орно. Мөн “Буянт-Ухаа 2” хороололд баригдаж байгаа 240 хүүхдийн 4 цэцэрлэг ашиглалтад орох талаар сая бидэнд мэдээлэл өглөө. Тэгэхээр ачаалал харьцангуй багасна гэж харж байна. 

- “Буянт-Ухаа 1” хорооллын 223-р цэцэрлэгт зөвхөн тус хорооллын хүүхдүүд хамрагдах уу?

- “Буянт-Ухаа1 ” хороололд цэцэрлэгийн насны 400 орчим хүүхэд байна гэсэн албан бус мэдээлэл байгаа. Тиймээс яагаад ч бүгд хамрагдах боломжгүй. 223-р цэцэрлэг 16-р хороонд харъяалагдах учраас дан ганц тус хорооллын хүүхдүүдийг авах боломжгүй юм. Тэгэхээр эцэг эхчүүдийг товлосон хугацаанд амжиж хүүхдээ бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Дан ганц манай хороонд бус нийслэлийн аль ч дүүрэг хороонд цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хүнд байгаагаас болж жил бүрийн бүртгэл хүнд явагддагийг аав ээжүүд маань сайн мэдэж байгаа байх. Тиймээс бид бүртгэх өдөр, цаг, шаардлагатай бичиг баримтыг цэцэрлэгийн гадна тавих болно үүний дагуу бүртгүүлэхийг зөвлөж байна.
 

Эх сурвалж: ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба