Таван Толгой, Оюу толгойн ордыг ашиглах түүхэн гавьяаг хуваалцахгүй гэсэндээ ч юм уу /тийм л байгаасай/, аль эсвэл өөр шалтгаанаар МАН-ыг “хөнжлөөсөө” өшиглөж гаргасан Ардчилсан нам ИЗН, бие даагчидтай хамтраад шинэ засаг байгуулчихна чинээ санаад том эндүүрсэн билээ.
Энэхүү эндүүрэл нь тэдэнд тун ч үнэтэй тусч байх шиг байна. Учир нь тэд засагт хамтарсных нь төлбөр болгож МАХН-ын дарга Н.Энхбаярт улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгөхөөс аргагүй байдалд орчихлоо. Үүнийгээ ч хийлээ. Гэхдээ яаж өөрсдөө хоосон хоцрох вэ, өөрсдийн дураар ярьж байгаад цөөнгүй албан тушаалтнуудыг өршөөлийн хуульд хамруулах болж байна.
Өршөөлийн хууль батлагдсанаар, нийтдээ 2,500 гаруй хоригдол суллагдаж, 250 орчим албан тушаалын гэмт хэрэгтнүүд өршөөгдөхөөр болж байна. 2,500 хоригдлын тоонд эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн 170 гаруй хоригдол багтаж байгаа бол албан тушаалын хэрэгтнүүдийн дунд “Нүүрс” хөтөлбөрийн Л.Гансүх Цэвэр агаар сангийнхан, ТЕГ-ынхан байгаа сурагтай.
Хуульд оруулж өгсөн онц хүнд, хүнд хэрэгтэй зарим нэг хүнийг хамруулна гэсэн заалтын цаана нэр бүхий хүмүүс байсан, тэднийг нэр цохон оруулж ирж, хаалттай хуралдаанаар хэлэлцсэн гэсэн мэдээллийг Ц.Оюунгэрэл нарын гишүүд өчигдөр хийсэн мэдээлэлдээ дурьдсан билээ. Тэдгээр нэрсээс хамгийн тод “кадр” нь мэдээж хэрэг , ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байсан юм.
МАХН-ын хувьд Засагт хамтрахаасаа илүү намын гол тархи, стратегич болох Н.Энхбаярыг улстөрд гаргаж ирэх нь чухал байсан. “Манай намын хувьд, Өршөөлийн тухай хуульд онцгой ач холбогдол өгч байгаа. Сайд нарын асуудал чухал биш” хэмээсэн З.Баянсэлэнгэ гишүүний үг үүнийг баталж өгсөн юм.
Үнэхээр Өршөөлийн хууль дөнгөж батлагдмагц л “МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр эх орондоо ирнэ”, “Н.Энхбаяр Шадар сайд болно” гэсэн мэдээлэл цуварч эхэллээ.
Тэрбээр үнэхээр Монгод буцан ирж, улс төрийн ажил эхлүүлбэл маш сонирхолтой үйл явдал болох нь тодорхой. Гэхдээ яг ямар алхам хийх талаар таамаг дэвшүүлэх гээд үзье.
Нэгдүгээрт, МАХН-ыг хүчирхэгжүүлнэ. Улс төрд өндөр албан тушаал хашиж байсан хүн ард түмний дунд нэр хүндтэй байдаг бичигдээгүй хууль бий. Тиймээс түүний эхний алхам нь Засгийн газарт аль болох олон хүнээ оруулахад оршино. Сайд нарын асуудал албан бусаар аль хэдийнэ эхэлж, МАХН “Хоосон байгаа зургаан суудлаас дөрвийг нь манайх авна” хэмээн зүтгэж байгаа сурагтай. Хэрвээ энэ үнэн бол Н.Энхбаяр төлөвлөгөөгөө хэргжүүлээд эхэлжээ. Төрийн сайд, УИХ-ын гишүүд, экс ерөнхийлөгчөөс бүрдсэн хүчирхэг баг сонгуульд өрсөлдөх эхлэл ийнхүү тавигдах юм.
Хоёрдугаарт, тэрбээр намдаа их цэвэрлэгээ хийнэ. МАХН-ын талаар “Удирдлагын аппаратадбагтсан хэсэг бүлэг хүмүүс, жирийн гишүүд гэсэн хоёр хэсэгт хуваагдчихаад эвлэрч чадахгүй болсон, өөрөөр хэлбэл ялзарч байгаа улстөрийн хүчин” гэсэн яриа гарах болсон нь нууц биш. Энэ ч үнэний хувьтай юм билээ. “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр, даргыгаа эзгүйд эрх дураараа авирлах болсон дарга нараа жирийн гишүүд нь зүхэж, “Дарга ирээсэй” хэмээн мөрөөдөж суудаг талаар нэг бус эх сурвалж өгүүлж байна.
Н.Энхбаяр ирснээр нам доторх энэ хагарал үгүй болно. Тэрээр ямар ч хагарлыг үгүй болгох нөлөөтэй удирдагч юм. Үүнийхээ дараа ганц, нэгээр тогтохгүй “эсэргүүн”-ийг дэргэдээсээ зайлуулах биз. Үр дүнд нь МАХН нэгэн зүгт чиглэсэн, бат удирдлагатай улстөрийн хүчин болж хувирна. Яах вэ, зарим хүн “Нэг хүний дарангуйлалд байгаа хөөрхий амьтад” гэсэн хоч өгч магадгүй ч энэ бол чадварлаг удирдагчийн бодлогод нөлөөлж чадахгүй.
Ингээд 2016 оны сонгууль хаяанд ирлээ гэж бодъё. Энд хүртэл тэрбээр жинхэнэ зорилгоо хэнд ч мэдэгдүүлэхгүй. Чухам юу хүсч байгааг нь хэн ч мэдэхгүй. Энэ талаар зөвхөн таамаг л явдаг. Тэдгээр таамаглалын нэг нь Н.Энхбаяр өшөө хонзонгоо тайлах хүслээр жигүүрлэн МАН-ыг нэгтгэж авах тухай. Хэрвээ энэ үнэн гэвэл Н.Энхбаяр эхлээд эвсэж, дараа нь хамт засаг барилцаад улмаар нэгдэх гэсэн арга замаар явах нь ойлгомжтой юм. 2012 оны өмнө хоёр нам бараг л эвсэхээ шахаж байж билээ. Сонгуульд авсан суудлыг тооцоод үзвэл, энэ нэгдэл нь хоёр намын аль алинд ашигтай гэдэг нь харагдсан. Сөрөг хүчин болсон давуу тал байгаа болохоор 2016 оны сонгуульд энэ хоёр эвсвэл баараггүй ялна. МАН үүнийг мэдэж байгаа.
Үнэндээ энэ хоёрыг угаасаа л тусдаа нам гэж итгэлтэй хэлэхэд хэцүү. Хоёрдугаар сарын 2-нд гэхэд л хоёулаа Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх гээд төв талбай дээр мөргөлдчихөж байгаа юм. Нэг хүн хоёр нам үндэслэн байгуулдаггүй л байхгүй юу. Нарийн яривал, энэ хоёр намын дэмжигчид нь ч нэг. МАХН МАН-аас /МАН, МАХН-аас ч юм уу/ өрх тусгаарласан цагаас хойш дэмжигчдээ “энерги хадгалагдах хууль”-ийн дагуу шилжүүлж байгаа.
Ойлгомжтойгоор хэлбэл, өнгөрсөн хугацаанд МАН-аас гарсан, МАХН-д элссэн гишүүдийн тоо яг тэнцэнэ. Чухам ийм учраас хоёр нам сонгуульд эвсч орох нь ашигтай гэсэн үзэл санаа аль, алинаас нь одоо болтол цухалздаг.
2012 оны сонгуулийн дараа улс төрийн намуудын чансааг Ардчилсан нам тэргүүлж, МАН хоёрдугаарт, МАХН гуравдугаарт эрэмбэлэгдэх болсон. МАН, МАХН нэгдсэн тохиолдолд тэдний нэр хүнд АН-ынхаас давах магадлал бага ч гэсэн байгааг олон судалгаа харуулж буй юм.
Ингэхгүйгээр, тус тусдаа өрсөлдлөө гэхэд МАН дангаараа Засаг байгуулах суудал авч чадаа ч үү, үгүй ч үү. Энэ тохиолдолд МАХН дахиад л Засагт эвсэх чухал тоглогч болж хувирна.
Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой.
Өөр бас нэг таамаг нь Ерөнхийлөгчийн тухай. Тэрбээр одоо хүртэл өөрийгөө Ерөнхийлөгч гэж бодсоор яваа бололтой байдаг. Хорихын эмнэлэгт Нямдоржийг дуудсан зэрэг үйлдлээс нь үүнийг харж болно.
Н.Энхбаярын тактикч, стратегич чанар нөлөөлж, үнэхээр нэр хүндээ өсгөж чадаж гэмээ нь 2016 оны сонгуульд заавал аль нэг намтай эвсэхгүйгээр бие даан оролцохыг ч үгүйсгэх аргагүй. Хэрвээ түүний зорилгыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх явдал гэж тодорхойлбол, түүнд аль нэг намтай эвсээд байх шаардлага үгүй.
УИХ-д суудал авахад л болно. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл ялах магадлал мэдээж байгаа. Ялсан тохиолдолд олны яриад байдаг “өшөө авах” ажиллагаагаа жинхэнэ утгаар хэрэгжүүлж магадгүй юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог болох тухай олонтаа ярьж байгаа нь үүнтэй холбоотой ч байж мэднэ. Тэрбээр Өршөөлийн хууль батлагдан гарсны дараа олон нийтийн сүлжээнд:
Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид, УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.
Дээрх үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй..." хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байсан юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!