Хенри Элингтон (Их Британий Роберт Гордоны Их сургуулийн сургалт, үнэлгээний төвийн мэргэжилтэн)
Орчуулсан: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Англи хэл, соёлын тэнхимийн багш доктор Ё.Доржсумъяа
Өнөөгийн боловсролын стандартын чанартай уялдан их дээд сургууль, коллежийн лекторууд багшлахаас гадна сургалтын үйл явцыг идэвхитэй зохион байгуулагчийн үүргийг давхар гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Их Британий Роберт Гордоны Их сургуулийн сургалт, үнэлгээний төвийн мэргэжилтэн Хенри Элингтон их дээд сургуулийн түвшинд сайн багш болж хөгжих 7 алтан дүрмийг танилцуулж, улмаар тэдгээрийг практикт хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж бичжээ. Алтан дүрмээс танилцуулахад:
1. Шавь нарынхаа сурах арга барилыг таньж мэдэх
2. Сургалтын зорилгоо оновчтой зөв тодорхойлох
3. Сургалтын оновчтой арга барил хэрэглэх
4. Үнэлгээний оновчтой зөв аргуудыг хэрэглэх
5. Сургалтын үйл явцад хяналт тавьж үнэлгээ өгөх
6. Ажлынхаа гүйцэтгэлийг сайжруулахын төлөө байнга чармайлт гаргах
7. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрийгөө хөгжүүлэх
Их, дээд сургууль, коллежийн лекторуудын ажлын үүрэг хариуцлага өөрчлөгдсөөр байна. Өнгөрсөн үед тэд өөрийн эзэмшсэн мэдлэгээ лекц, семинар, харилцан ярилцлагын хэлбэрээр дамжуулан оюутнууддаа хүргэж заах сургах үүргээ биелүүллээ гэж үздэг байсан бол өнөөдөр тэдний гол үүрэг оюутнуудынхаа суралцах үйл явцад туслах явдал юм.
Түүнчлэн дээд боловсролд нөлөөлж байгаа технологийн дэвшилт ч тэдний ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулсаар байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр их, дээд сургуулийн багш нар дээд боловсролын чанарын бодлоготой уялдан ихээхэн өндөр стандартын шаардлагад нийцэн ажиллах хэрэгтэй боллоо.
1989 оноос хойш Хенри Элингтон өөрийн хамтран ажилладаг нөхдийнхөө хамтаар Их Британий Роберт Гордоны Их сургуулийн багш нарт зориулан “Их дээд сургуульд багшлах нь” сэдэвт төгсөлтийн дараах сертификатын сургалтуудыг маш амжилттай зохион байгуулжээ.
Tэдний сургалт цөөн, товч бөгөөд тодорхой зарчмуудыг мөрдлөг болгосоор ирсэнийг их дээд сургууль, коллежийн багш нарт зориулагдах долоон алтан дүрмээр томьёолж тайлбарлахад илүү хялбар болов уу.
Боловсролын сэтгэл судлаачдын хийсэн олон янзын судалгааг эс тооцвол бид өнөөг хүртэл сургалтын үйл явцын мөн чанарын талаар маш бага мэдлэг хуримтлуулжээ. Гэхдээ бид шавь нар маань хэрхэн суралцдаг болох ялангуяа суралцагч бүр өөр өөрийн сурах арга барилтай болохыг олж мэдсэн билээ.
Тодруулбал зарим суралцагч шинэ мэдээллийг хэсэгчлэн системтэйгээр уншиж ойлгохыг илүүд үздэг бол зарим нь мэдээллийг цогцоор хүлээн авч ойлгохыг эрмэлздэг ( Паск, 1976). Мэдээж энэ хоёр арга хоёулаа тэдний хувьд биелэлээ сайн олдог ч суралцагч бүр нөхцөл байдлаас хамааран энэ хоёр аргыг зөв сонгон хэрэглэж чаддаг болох нь чухал. Аливаа судлагдахууныг гүнзгийрүүлэн судлахад цувраа арга, харин ерөнхийлөн судлахад холистик арга оновчтой гэсэн үг.
Үүнтэй холбоотой өөр нэг жишээ нь судалж байгаа материалаа гүнзгийрүүлэн судлалгүй ерөнхийлөн тоймлон ойлгодог өнгөцхөн суралцагчид байхад судалж байгаа зүйлээ нарийвчлан ойлгож, өөрийн хуримтлуулсан мэдлэг туршлагатайгаа холбон мэдлэгийн хүрээгээ тэлдэг гүн судлаач суралцагчид гэж бий.
Иймээс багш нар шавь нараа өнгөцхөн судлаачаас илүүтэйгээр гүн судлаач болгоход нь туслах тэдгээр нөхцөл боломжуудаар ханган ажиллах хэрэгтэй.
Үүнийг хэрэгжүүлэх нэг арга бол шавь нараа сурах үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцуулах явдал мөн. Сүүлийн үед зарим суралцагчид дээр дурдсан сурах хоёр аргаас огт өөр гуравдагч шинэ аргыг зориудаар сонгох болсон билээ. Тодруулбал тэд өөрсдийн хүчин чармайлтаа хэрэгтэй үед оновчтой хэрэглэн хүссэн дүнгээ авч, хүссэн үр дүндээ хүрэхийг зорьдог болжээ. Тэд тоймлон судлах ба гүнзгийрүүлэн судлах аргуудыг нөхцөл байдалд нь тохируулан хэрэглэж сурах чадвар эзэмшихийг илүүд үзэх болов.
Иймд их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг боловсруулахдаа уг байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Мөн дээрхтэй хамаатай өөр нэг асуудал бол суралцагчдын эзэмшсэн мэдлэгийг тохирсон үнэлгээний аргаар дамжуулан оновчтой зөв үнэлэх явдал чухал болсоор байна.
Суралцагчдын сурах үйл явцын ялгаатай байдлын өөр нэг тал нь насны онцлогтой холбоотой. Тодруулбал насанд хүрэгчид сурах үйл ажиллагаандаа хүүхдүүдээс илүү хариуцлагатай, биеэ даасан бүтээлч байдлаар хандаж, аливаа мэдлэгийг эзэмшихдээ багшийн заасныг гол болгохоосоо илүүтэй амьдралын туршлагаасаа суралцах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвар эзэмшихийг мөрдлөг болгодог. Иймээс их, дээд сургуулийн оюутнуудыг насанд хүрэгчдийн адил сургалтын нөхцөл боломжоор хангах хэрэгтэй. Мэдээж нас биед хүрсэн суралцагчийг хүүхдийн хэмжээнд адилтган авч үзэж сургах аргыг сонгох нь тэдний сургалтаас хүсэн хүлээсэн хэрэгцээ, зорилготой нийцэхгүй сургалтын үйл явцыг гажуудуулах болно. Иймд их, дээд сургуулийн багш нар сургалтандаа дээрх гажуудлыг гаргахгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй.
1992 онд Хани, Мамфорд нар суралцагчдыг өөртөө тохирсон сурах арга барилаа сонгоход нь туслах зорилгоор ангилал бүхий өөрийн үнэлгээний асуулгыг боловсруулсан ба энэ нь суралцагчдад төдийгүй багш нарт их хэрэгтэй юм.
Багш нар сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа суралцагч бүрийн сурах арга барилыг харгалзан үзэж тусгах цаашлаад суралцагчид нөхцөл байдалдаа тохируулан сургалтын төрөл бүрийн аргыг сонгож хэрэглэхэд нь дөхөм болно. Сайн багш болохын эхний алхам нь сурах үйл ажиллагааны олон янзын чиг хандлагуудыг сайтар ойлгож, шавь нарынхаа сурах арга барилыг таньж мэдэх явдал юм.
Сургалтын сайн хөтөлбөрийн гол нууц нь тухайн сургалтын суралцагчдын сурах зорилгыг оновчтой зөв тодорхойлох явдал гэж үздэг. Суралцагчдын сурах зорилгыг тодорхойлсон ялгаатай хоёр чиглэлийг авч үзье. Эхнийх нь уламжлалт чиглэл ба тодруулбал суралцагчдын сургалтын эцсийн үр дүнг тооцохдоо ерөнхий зорилго, нарийвчилсан зорилтуудыг гол болгодог бол ( Персивал 1993) хоёрдахь нь 1980-иад оны сүүл үеэс хөгжиж эхэлсэн чадвахид түшиглэсэн сургалтын чиглэл ( Элингтон, 1995; Нобел, 1999 ).
Суралцагчдын сурах зорилгыг оновчтой тодорхойлохын тулд дэвшүүлж байгаа зорилго нь тухайн сургалт хөтөлбөрийнхөө эцсийн зорилттой яв цав нийцэж, суралцагчдын зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэгээс гадна, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, харилцааны болон мэдээлэл технологийн зэрэг амьдралд хэрэгтэй төрөл бүрийн чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн байх хэрэгтэй ( Нобел, 1999; Рэйс, 1999 ).
Өнөөдөр ихэнхи ажил олгогчид боловсролын системийн хамгийн чухал хэсэг нь хувь хүний хөгжил гэж үзэж байна (Элингтон, 1995 ). Иймд суралцагчдын сурах зорилгыг тодорхойлохдоо тэднийг сургалтын явцад өсч хөгжих бололцоогоор хангасан, үр дүн нь бодитоор харагдахуйц хамгийн гол нь дэвшүүлсэн зорилго нь биелэлээ олох боломжтой байх ёстой.
Сайн багш болохын хоёрдугаар алхам нь сургалтын зорилгыг оновчтой тодорхойлох арга барилд суралцах улмаар өөрсдөө мэдээд зогсохгүй суралцагчиддаа сургалт эхлэхээс нь өмнө ямар зорилгоор юу сурах гэж байгаа талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөх хэрэгтэй. Сургалтын зорилгыг ойлгосноор суралцагчид тогтоосон гүйцэтгэл- үзүүлэлтүүдийн шаардлагад нийцэх хэмжээнд мэдлэг чадвахиа хөгжүүлэхийг хичээн суралцана ( Персивал, 1993 ). Цаашлаад сургалтын зорилгыг оновчтой зөв тодорхойлсноор тухайн сургалтын хөтөлбөрийн ерөнхий чиглэлийг тодорхойлох, сургалтын хэрэглэгдэхүүн, заах арга зүйгээ сонгох улмаар үнэлгээг оновчтой зөв төлөвлөхөд хэрэгтэй.
Суралцагчдын сурах зорилгыг тодорхойлох явцад сургалтын ямар арга зүйг хэрэглэж тухайн зорилгын үр дүнд хүрэх талаар бодох хэрэгтэй. Мэдээж сайн багш нар сургалтын зорилготой нарийн уялдсан сургалтын арга зүйг тогтмол сонгож чаддаг (Персивал, 1993). Дэвшүүлсэн зорилготойгоо нийцүүлэн төрөл бүрийн сургалтын арга зүйг сонгон хэрэглэх нь чухал.
Жишээлбэл лекцийн хичээл нь шинэ мэдлэгийн үндсэн ойлголт, зарчмуудыг танилцуулахад тохиромжтой хэдий ч суралцагчдын танин мэдэхүйн дээд түвшний чадварууд (анализ хийх, үнэлэлт өгөх, асуудал шийдвэрлэх ) болон харилцааны чадваруудыг хөгжүүлж чадахгүй. Эдгээр чадваруудыг хөгжүүлэхэд төсөлт ажил, кейс судлал зэрэг сургалтын идэвхитэй аргууд шаардлагатай.
Судлаачдын бичсэнээр их, дээд сургууль, коллежийн лекторууд сургалтандаа олон төрлийн сургалтын аргуудыг хэрэглэдэг ба Льюс Элтон тэдгээр аргуудыг гурван гол бүлэгт ангилан авч үзсэн.
Эхний бүлэгт лекц, багш төвтэй хичээлүүд, видео танилцуулага хичээл зэрэг массыг хамарсан сургалтууд багтдаг. Эдгээр сургалтанд багш юу заах, ямар материал хэрэглэх, ямар аргаар хичээлээ заахаа өөрөө төлөвлөж, бүх зүйлийг дангаараа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талаас суралцагчид сургалтанд идэвхигүй үүрэг гүйцэтгэж, багшаас бүрэн хамааралтай байдаг. Элтон массыг хамарсан энэхүү сургалтын хэлбэрийг бусдаас хамааралтай сургалтын арга гэж тодорхойлсон бөгөөд эдгээр нь Блүүмын танин мэдэхүйн доод түвшний чадварт хамаатай. ( Бэнжамен Блүүмийн шинэчилсэн таханомоор танин мэдэхүйн доод шатны чадварт- шинэ мэдлэгийг тогтоох, ойлгох, хэрэглээнд оруулах , танин мэдэхүйн дээд шатны чадварт- анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, шинэ мэдэлгийг бүтээх) гэсэн зургаан түвшинд хуваадаг).
Элтоны гаргасан ангилалын хоёрдугаар бүлэгт сурах бичгийн заавраар бие даан судлах, бүх төрлийн нээлттэй сургалтын аргууд, компьютерт түшиглэсэн төрөл бүрийн сургалтууд, оюутны дасгал ажил, төсөлт ажлууд зэрэг бие даасан сургалтууд багтдаг. Эдгээр аргуудын хувьд багш сургалтанд бүхнийг шийдэж төлөвлөдөг уламжлалт үүргээсээ татгалзаж, сургалтын менежер, оюутанд шаардлагатай үед зөвлөгөө өгдөг зааварчлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Суралцагчид өөрсдийн сургалтын үйл явцаа хянаж, сурах арга хэлбэрээ сонгож, сургалтандаа гол үүрэг гүйцэтгэдэг. Элтон сургалтын энэхүү аргыг бие даасан сургалтын хэлбэр гэж томьёолсон. Бие даасан сургалтын хэлбэр нь танин мэдэхүйн цогц чадваруудыг хамардаг учир массыг хамарсан сургалтаас илүү үр дүнтэй.
Ангилалын гуравдугаар бүлэгт багаар хийх ажлууд, ангийн хэлэлцүүлэг, семинар, бүлгээр хийдэг төсөлт ажлууд зэрэг бүлгийн сургалтын аргууд багтдаг. Эдгээр аргуудын хувьд багш бүлгийн сургалтын зохион байгуулагчаар ажиллаж, суралцагчдын сургалтын нөхцлийг бүрдүүлж өгдөг. Суралцагчид сургалтандаа гол үүрэг гүйцэтгэж, бүлгийн хүрээнд бие биенээсээ хамааралтай байдаг. Элтон энэхүү бүлгийн аргыг сургалтын бие биеээсээ хамаарсан хэлбэр гэж тодорхойлсон.
Орчин үеийн бүлгийн сургалтын арга нь 1960-аад оны үед Карл, Рожер зэрэг хүмүүсийн хөгжүүлсэн хүмүүнлэгийн сэтгэл судлалд суурилсан ба түрүү үеийн програмчилсан сургалтын хэлбэрийг үндэслэсэн зан үйлийн сэтгэл судлалаас нэлээд ялгаатай. Үүнээс гадна дээрх арга нь танин мэдэхүйн дээд түвшний чадварууд (анализ хийх, үнэлэлт өгөх, асуудал шийдвэрлэх) болон хувь хүний харилцааны чадварыг хөгжүүлдэг. Сайн багш болохын гуравдугаар алхам нь сургалтын олон төрлийн аргуудтай сайтар танилцаж, сургалтын дэвшүүлсэн зорилготой нийцүүлэн оновчтой арга зүйг сонгон хэрэглэж сурах явдал юм.
Их, дээд сургуулийн багш нарын ажлын хамгийн гол хэсэг нь суралцагчдынхаа гүйцэтгэлийг бодитой үнэлэх явдал билээ. Суралцагчид ангийн хичээл, лекцээ тасалсан ч тухайн сургалтыг дүүргэсээр байгаа. Гэхдээ суралцагч сургалтын үнэлгээний үйл явцад оролцдоггүй (Браун & Найт, 1994). Иймд их дээд сургуулийн багш нар үнэлгээг мэргэжлийн хүрээнд, үр дүнтэй боловсруулж, суралцагчдын хувьд хамгийн хэрэгтэй бөгөөд бодитой болгохыг хичээн ажиллах шаардлагатай. ( Рэйс & Браун, 1998). Сургалтын үнэлгээ нь сургалтын үйл явцын чухал хэсэг. Үнэн хэрэгтээ үнэлгээний аргууд нь сургалтын аргуудтай нэлээд төсөөтэй зүйл. Оюутны үнэлгээ нь дараах таван шинжийг багтаасан байх хэрэгтэй ( Персивал, 1993).
Yнэлгээ хүчинтэй байх ёстой. Тодруулбал юуг үнэлэх гэж байгаа тэр зүйлээ л үнэлэх явдал. Жишээ нь уламжлалт бичгийн шалгалтын хувьд суралцагчдын бичих чадварыг үнэлэх гэх мэт.
Үнэлгээ бодитой байх ёстой. Энэ нь сургалтын янз бүрийн нөхцлөөс үл хамааран ижил үр дүнг гардаг байх мөн ижил ажлыг олон шалгагчаар шалгуулахад үр дүн нь адил байх явдал юм. Эссе гэх мэтийн зарим ажлуудыг үнэлэхэд дүгнэх хэлбэрээ оновчтой боловсруулж гаргахгүй бол нэлээд асуудал үүсдэг.
Үнэлгээний үйл явц практикт нийцтэй байх. Тодруулбал үнэлгээний ажилд зарцуулах цаг зав, ажиллах хүчин, шаардагдах материал төсөв нь тухайн байгууллагын хувьд хэрэгжүүлэх боломжтой байх. Гэхдээ зарим үед үнэлгээний практик байх шинж нь бусад чухал шинжүүдийг багтаах боломжийг хязгаарладаг байна.
Үнэлгээ бүх суралцагчдын хувьд шудрага байх ёстой. Өөрөөр хэлбэл тэдний хязгаараас давсан зүйлийг шалган үнэлэхгүй байх.
Үнэлгээ үр өгөөжтэй байх ёстой. Суралцагчдад үнэлгээний явцад алдаанаасаа суралцах боломжийг нээн өгч, тэдний өсөлт дэвшлийн болон алдаа онооны талаар тогтмол зөвлөгөө өгөх. Багш нар үнэлгээг төлөвлөхөдөө үнэлгээний хэлбэрээс хамааран дараах хэдэн асуултыг өөртөө тавих хэрэгтэй.
Үнэлгээг ямар зорилгоор хийж байгаа вэ ? Энэхүү үнэлгээгээр суралцагчдын ахицын байдлыг тодорхойлж, зөвлөгөө өгөх үү эсвэл тухайн сурагчийн юу эзэмшсэнийг шалгаж, дүнгийн үнэлгээ өгөх үү?
Тухайн үнэлгээг хэн зохион байгуулж явуулах вэ? Гадны байгууллагын төлөөлөл үү аль эсвэл тухайн хөтөлбөрийн багш нар өөрсдөө зохион байгуулах уу?
Багш нар суралцагчдыг өөрөөр нь үнэлүүлэх, мөн бие биенээр нь үнэлүүлэх замаар үнэлгээнд татан оролцуулах нь үнэлгээг бодитой, үр дүнтэй болгодог. Дээд боловсролын түвшинд суралцагчдыг өөрөөр нь үнэлүүлэх мөн бие биенээр нь үнэлүүлэх хэлбэрийг түгээмэл хэрэглэх хэрэгтэй.
Тухайн үнэлгээ нь суралцагчдын гүйцэтгэлийг хооронд нь харьцуулах уу эсвэл бусад суралцагчдын гүйцэтгэлтэй харьцуулахгүйгээр тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу суралцагч бүрийн гүйцэтгэлийг ангилан үнэлэх үү? Дээд боловсролын түвшинд ялангуяа чадавхид суурилсан сургалтын хувьд суралцагч бүрийн гүйцэтгэлийг ангилан үнэлэх нь дээд боловсролын стандартад нийцдэг.
Тухайн үнэлгээ нь сургалтын бүхий л үед тасралтгүй хийгдэх үү эсвэл сургалтын эцэст нэг удаа зохион явагдах уу? Өнөөдөр их дээд сургуулийн ихэнхи сургалтын хөтөлбөр үнэлгээний байнгын тасралтгүй хэв шинжийг тусгасан бөгөөд энэ нь суралцагчдад шалгалтын дарамт мэдрэхийг багасгаж, ахиц гаргахад хэрэгтэй зөвлөгөөгөөр хангадаг. Үүнээс гадна та бүхэн үнэлгээгээ ямар аргаар зохион байгуулахаа бодох хэрэгтэй.
Үнэлгээний олон төрлийн аргуудыг дэвшүүлсэн сургалтын зорилготойгоо нийцүүлэн оновчтой сонгож хэрэглэх нь зүйтэй. Жишээ нь суралцагчид шинэ мэдлэг ойлголт, зарчмуудыг хир эзэмшсэнийг бичгийн тест, богино хариулттай тестээр шалгаж болох бол танин мэдэхүйн дээд түвшний чадварууд болох анализ хийх, үнэлэлт өгөх, асуудал шийдвэрлэх зэргийг нээлттэй хариулт бүхий асуулгаар шалгах, эссе болон төсөлт ажлуудын хувьд тухайн даалгаврыг гүйцэтгэж дуусах үе хүртэл шат дараалан тогмол үнэлгээ өгөх зэргээр үнэлгээгээ явуулах хэрэгтэй. Эдгээрээс гадна практик тестүүд, нөхцлийн үнэлгээ, портфоль үнэлгээний аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй. Сайн багш болох дөрөвдүгээр алхам нь сургалтын үнэлгээний аргуудыг сайтар ойлгож, тэдгээрийг нөхцөл байдалд тохируулан оновчтой сонгон хэрэглэх явдал юм.
Сайн багш нар сургалтын үйл ажиллагаандаа тогтмол хяналт тавьж үнэлгээ өгдөг. Дараах гурван замаар хяналт тавих боломжтой.
Шавь төвтэй сургалтын нөхцлийг бүрдүүлэхэд чиглэн багш нар хувийн төлөвлөгөө гаргаж, заасан хичээл бүртээ анализ хийж, сайжруулах арга замыг эрэлхийлсэн тэмдэглэл тогтмол хөтлөх
2. Оюутнуудаас санал авах, албан бус хэлэлцүүлэг явуулах, ангийн санал асуулга явуулах, оюутны үнэлгээний үр дүнд анализ хийх
3. Хамтран ажиллаж байгаа хүмүүсээсээ зөвлөгөө авах ( хамт олноосоо хэн нэгнийг өөрийн заадаг хичээлдээ урьж суулган тэдний зөвлөгөөг авч, тусгах)
1990 оны эхэн үед Их Британий Роберт Гордоны Их сургууль багш нарынхаа ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлгээ өгөх зорилгоор нарийвчилсан схем боловсруулан гаргасан. Энэхүү схем нь их сургуулийн лекторуудад өөрийн үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийг төлөвлөхөд төдийгүй сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Сайн багш нар хийж гүйцэтгэсэн ажилдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Тэд ямагт үйл ажиллагаагаа сайжруулж боловсронгуй болгохыг эрмэлздэг. Хэрэгжүүлэх нэг арга зам нь их, дээд сургууль, коллежийн боловсон хүчинг хөгжүүлэх албанаас (UCoSDA, 1994a) боловсруулан гаргасан стандартуудтай танилцаж, өөрийн ажлын гүйцэтгэлээ энэхүү стандартын дагуу үнэлэх, тодруулбал тодорхой үзүүлэлт бүрийн 10 онооноос өөртөө оноо өгөх.
Өөр нэг арга нь багш нар хувийн төлөвлөгөө гаргаж, заасан хичээл бүртээ анализ хийж, дараагийн удаа хэрхэн сайжруулж болох талаар саналаа дэвшүүлдэг. Роберт Гордоны Их сургуулиас боловсруулсан багшийн ажлыг үнэлэх схем нь уг аргыг хэрэглэдэг (Элингтон & Росс, 1997 ).
Энэхүү схем нь их дээд сургуулийн багш нарын ажлыг үр дүнтэй болгоход чиглэсэн тодорхой шалгуур үзүүлэлт бүхий стандартад суурилсан.
Зохиогчоос өгсөн сүүлийн буюу 7 дахь зөвлөгөөгөөр сайн багш болохын тулд цаг үеийнхээ мэдээлэлээс хоцрохгүй, мэргэжлийн чиглэлээрээ хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний ажлуудтай тогтмол танилцах тэдгээрийн үр дүнг өөрийн боломж бололцоогоор сургах үйл ажиллагаандаа туршин хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, мэргэжлийнхээ хүрээнд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх явдал хамгаас чухал. Мэргэжлийн холбогдолтой ном сэтгүүл, судалгааны ажлын материалуудыг тогтмол унших, эрдэм шинжилгээний хурал, семинарт илтгэл хэлэлцүүлэх болон сонирхож оролцох, уншиж, сонссон мэдээллээ хамт олонтойгоо хуваалцаж санал солилцох цаашлаад орчин үеийн мэдээлэл технологийн хэрэгслэлийг сургалтанд ашиглах боломжуудыг судалж, хэрэглэх зэргээр багш та өөрийгөө хөгжүүлэх боломжтой.
(Эх сурвалж: Journal of Further and Higher Education, Vol 24)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|