Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал хэлэлцэхээс гадна Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн, Р.Амаржаргал, Н.Номтойбаяр нарын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа хэлсэн юм.
Ц.Даваасүрэн:
Татвараа төлөөд явж байгаа ААН-үүдээ урамшуулах шаардлагатай.
-Хуулийн төсөлд олон нийт дургүйцэхээр, сэтгэл ханамжгүй хандахаар зарим нэг зүйл байна. Тухайлбал, хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлэг, Авлигын эсрэг хуультай холбоотой заалтууд бий. Энэ нь нийгэмд, нийтэд улс төрийн хэдхэн албан тушаалтнууд өөрсдөдөө зориулсан хууль гаргаж байгаа юм шиг харагдахаар байна. Тиймээс уг хуулийн төслийн Авлигын эсрэг хуультай холбоотой хэсгийг хасах саналтай байна гэв.
Н.Номтойбаяр:
-Эдийн засгийн ил тод байдлыг хангахаар хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн зохицуулалтыг хийхээр хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэрвээ татвараа төлөөгүй, нуусан, далд байгаа хөрөнгөө мэдүүлсэн хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлж байгаа юм бол шударгаар татвараа төлөөд явж байгаа ААН-үүдээ урамшуулах шаардлагатай. Тиймээс байнгын хорооноос тогтоол гаргаж шударгаар татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа ААН-ын нэгжүүдийг урамшуулах, хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа улстөрийн болон төрийн албан хаагчдыг тодорхой хугацаанд албан тушаалын эрх эдлэхгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт чиглэл болгох саналтай байна хэмээв.
Ийнхүү хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хурааж, дэмжигдсэн болон бусад саналуудын талаар байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!