Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

NASA дэлхийн бөмбөрцгийн гэрэл зургийг хиймэл дагуулаас авчээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 21
IKON.MN

Сансрын гүнээс цаг уурыг ажиглах зориулалттай Deep Space Climate Observatory хиймэл дагуул дээр байрлах NASA-гийн камераар анх удаагаа дэлхийн бөмбөрцгийн нар туссан талыг бүхлээр нь буулгажээ. Уг хиймэл дагуул нь дэлхийгээс 1.6 сая километрийн зайнд байгаа юм.

Энэ зургийг бүтээхдээ NASA гурван зургийг эвлүүлж гаргасан байна. Өөрөөр хэлбэл камер нь 10 өөр нарийн зурвасын шүүлтүүрээр нил ягаанаас эхлээд хэт улаан туяаны завсарт олон хэсэг зураг буулгажээ. Харин дээрх зургийг гаргаж авахдаа улаан, ногоон, хөх өнгөний зурвасын зургуудыг эвлүүлсэн байна.

Зургийг энэ сарын 6-нд Хойд болон Төв Америкийн дээрээс авсан байна.

Удахгүй хиймэл дагуул тогтмол мэдээлэл цуглуулж эхлэхээр NASA дэлхийн бөмбөрцгийн өдөр тутмын цаг уурын өөрчлөлт, үзэгдлүүдийг харуулсан хөдөлгөөнт хэлбэрийн мэдээлэл түгээж эхлэх гэнэ. Үүнийг мэдээлэх сайт ирэх есдүгээр сард ажиллаж эхлэнэ.

Зурган дээр дарж дэлхийн бөмбөрцгийг томоор хараарай.