ОРИГ, ХУЛХИ гэдэг хоёр үг монгол хэлний үгийн сангийн энгийн үг шиг болтлоо хэрэглээнд байраа эзэлжээ. “Ориг” гэдэг нь “оригинал/original” гэх гадаад үгээс үүссэн хар ярианы, “хулхи” гэдэг нь хуурч мэхлэх буюу “хулхин дээр нь цэцэг ургуулах” гэсэн этгээд хэллэгээс үүссэн бүдүүлэг үгс билээ.
Хэл яриа хүнийг тодорхойлдог болохоор хэр баргийн хүн эдгээр үгийг хэрэглэх нь зохисгүй юм. Тэгвэл үүнтэй утгын хувьд тэнцэх уугуул монгол үгс бид л хэрэглэдэггүй болохоос байж л байдаг ажээ.
ЖААД – Юмны яс чанар муу, сайн бус, хуурамч: жаад алт (хольцтой муу алт), жаад хүн (хүн чанаргүй, яс муутай хүн), жаад эд (чанаргүй эд)
ЖИНД – 1. Эд бодосын жинхэнэ сайн, чанартай нь, хуурамч бус, бодтой: жинд алт (тунгаамал шижир алт), жинд төмөр (цэвэр махан төмөр), жинд нүүрс (асалт сайтай нүүрс), жинд торго (сайн чанарын торго)
2. Цэгц шударга, лавтай: жинд хүн (мөс чанар сайтай найдаж болохоор хүн) Ориг, хулхи гэсэн хар ярианы үгийг гайхалтай сайхан орлуулж болох эх хэлний үг байсаар атал бид харин хэрэглэдэггүй нь гайхалтай.
“Ямааны гурав”
Ямар учиртай вэ?
“Ямааны гурав шиг” гэхээр “чөргөр, маш туранхай” гэж мэдэх боловч яагаад тэгж хэлдгийг социализмын үед ямааны мах худалдаж авч идэж үзээгүй орчин үеийн залуус төдий л мэдэхгүй биз ээ. Тэгвэл өмнөх нийгмийн үед хонь ямааны махыг зэрэглэлээр 1-тарган, 2-дундаж, 3-туранхай гэж ялгаж худалдаалдаг байсан бөгөөд “ямааны гурав” гэгч нь хамгийн туранхай, хямдхан мах байдаг байсантай зүйрлэж ингэж хэлэх болсон ажээ.
Жишээ: Сүүлийн үед охид бүсгүйчvvд ямааны гурав шиг туранхай байх тусмаа төгс төгөлдөр байдалд дөхөж очдог гэсэн ойлголттой болчхоод, тэрхүү “гоолиг” биеэ олж авахын тулд нойр хоолоо хасан байж, маш их чармайдаг болжээ. /CAAK.mn. Нийгмийн сэтгэлзүйд хандсан реклам/
Товчилсон үгсийг тодруулбал:
BBQ – Barbeque /Шорлог/
EXPO – Exposition /Үзэсгэлэн/
CD – Compact Disk /Компакт Диск/
CV – Curriculum Vitae /Товч намтар/
DANIDA – Danish International Development Agency /Данийн олон улсын хөгжлийн агентлаг/
FIFA – Federation Internationale de Football Association /Олон улсын хөл бөмбөгийн холбоо/
FM – Frequency Modulation /Богино долгион/
HВ – Hard Black /Хатуу балтай харандаа/
IQ – Intelligence Quotient /Оюуны чадамж, ухааны чансаа/
ISBN – International Standard Book Number /Олон улсын стандартын номын дугаар/
ISO – International Standards Organization /Олон улсын стандартын байгууллага/
LCD – Liqued Crystal Display /Шингэн талст дэлгэц/
ЭХ СУРВАЛЖ:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!