Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн анх удаагаа Дэлхийн ванд хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Бараг арав орчим жилийн хугацаанд 4.8 тэрбум км замыг туулсны эцэст НАСА-гийн New Horizons хөлөг Дэлхийн ван (Плуто) одой гаригт хамгийн ойрхон очлоо.

New Horizons нь Дэлхийн вангийн гадаргаас 12,5 мянган км зайнд өчигдөр орой хүрсэн юм. 2006 онд дэлхийгээс хөөрсөн New Horizons хөлгийн зорилго нь Дэлхийн ван гариг, түүний дагуулуудыг судлах байв.

Ийнхүү хамгийн ойр цэгт хүрснийхээ дараа буулгасан маш тод фото зургуудыг дэлхий рүү илгээж эхэлсэн байна.

(Дээрх зураг Дэлхийн вангийн анхны өндөр чанартай фото зураг.)

Илгээсэн зурагнууд нь 15 цаг орчмын дараа дэлхийд ирж байгаа гэнэ.

Анх Дэлхийн ванг хүн төрөлхтөн 85 жилийн өмнө дуран авайгаар илрүүлж байжээ.

Тэр цагаас хойш илүү тодорхой мэдээлэлгүй байсаар өдийг хүрсэн юм. Үнэндээ Дэлхийн вангийн хэмжээг ч нарийн мэдэхгүй байсан. 2006 онд манай нарны аймгийн есөн гаригийн нэг гэгдэж байсан Дэлхийн ванг гаригийн тооноос хассан. Учир нь түүний хэмжээ гаригийн хэмжээнд хүрэхгүй байна гэж үзсэн тул одой гариг хэмээх ангилалд шилжүүлж нарны аймаг нь найман гаригтай болсон юм. Эрдэмтдийн нотолгоогоор нарны аймагт түүнтэй ойролцоо хэмжээтэй олон биетүүд байсан тул гариг гэдэг ангиллаас гаргахаас өөр аргагүй болсон гэнэ.

Харин саяны хэмжилтээр Дэлхийн вангийн хэмжээ 2,370 орчим км диаметртэй байсан нь өмнөх төсөөллөөс арай том хэмжээтэй болж нэмэгдсэн байна.

New Horizons зөвхөн зургийг нь аваад зогсохгүй бусад олон төрлийн хэмжилтүүд хийж дэлхийд илгээснээр манай нарны аймгийн олон нууцууд тайлагдахад дэмжлэг болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Нарны аймгийн гаригууд

Эх сурвалж: NASA