Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

НААДАМ 2015: Дараа жилийн наадам даанч хол байна...

ikon.mn
2015 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НААДАМ 2015: ТОЙМ

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. 

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морь, сур харваа, шагайн харвааны дүн мэдээг iKon.mn нэгтгэн хүргэж байна. 

БӨХ: Улсын харцага Э.Оюунболд 22 насандаа Улсын наадмын түрүүг хүртлээ

Хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат бөх Улсын харцага Э.Оюунболд 22 насандаа Улсын наадмын түрүүг хүртэж, Улсын арслан цолтон шинээр төрөн гарлаа.

Үзүүрт Увс аймгийн Давст сумын харъяат бөх Улсын арслан П.Бүрэнтөгс шалгарлаа.

Их шөвөгт олон түмнээ хоёр Дамба хэмээн хүндлэгдсэн Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Ч.Санжаадамба нар шалгарсан юм. Ч.Санжаадамба заан цолоо гурав дахин баталж байна.

Өнөө жилийн наадамд Арслан цолтон нэг, Харцага цолтон хоёр, Начин цолтон зургаа шинээр төрөн гарлаа.

Э.Оюунболд

 

ХУРДАН МОРЬ: Шүдлэнгийн уралдаанд бүртгүүлсэн 228 үрээнээс 137-г нь эрлийз хэмээн хассан нь энэ жилийн наадмын томоохон дуулиан байлаа

Жил бүрийн наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор эхэлдэг уламжлалтай. Хязаалан насны морьдын уралдаан уламжлалын дагуу болж Архангай аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын халиун үрээ Монгол төрийн их баяр наадамд түрүүллээ.

Энэ жилийн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг баталсантай холбоотойгоор шүдлэн насны морьдын уралдаанд бүртгүүлсэн 228 үрээнээс 137-г нь эрлийз хэмээн хассан нь уяачдын бухимдлыг төрүүлсэн. Гэсэн ч хурдан морьны салбар хорооноос шүдлэн насны хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзлээ.

Бусад насанд буюу азарга, их нас, соёолон, дааган уралдааны үеэр 10-30 тооны морийг эрлийз хэмээн үзэж уралдаанаас хассан.

Ингээд Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд нас насны морьдын айргийн тавд орсон хурдан хүлгүүдийг багцлан хүргэе.

АЗАРГА

  • Түрүү магнай: Архангай аймгийн Их тамир сумын Г.Тэмүүлэнгийн халтар азарга 
  • Аман хүзүүнд: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн Батболдын хээр азарга
  • Айргийн гуравт: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн Батбилэгийн зээрд
  • Айргийн дөрөвт: Хөвсгөл аймгийн харьяат Ч.Болдбаатарын халиун 
  • Айргийн тавд: Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы хээр азарга 

ИХ НАС

  • Түрүү магнай: Ховд аймгийн харьяат Б.Буяннэмэхийн хээр халзан 
  • Аман хүзүүнд:  Завхан аймгийн харьяат Д.Дагвадоржийн зээрд
  • Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын шарга
  • Айргийн дөрөвт: Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хээр
  • Айргийн тавд: Баянхонгор аймгийн харьяат А.Батбаатарын саарал 

СОЁОЛОН

  • Түрүү магнай: Говь-Алтай аймгийн харьяат Д.Ганбаатарын хурдан зээрд 
  • Аман хүзүүнд: Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Х.Пүрэвдоржийн зээрд
  • Айргийн гуравт: ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хээр
  • Айргийн дөрөвт: Дундговь аймгийн Хулд сумын харьяат н.Рэнцэнпүрэвийн халзан
  • Айргийн тавд: Булган аймгийн Монгод сумын харьяат н.Базаргарьдын хээр

ХЯЗААЛАН

  • Түрүү магнай: Архангай аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын халиун үрээ 
  • Аман хүзүүнд: Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Пэлжээгийн Одонбаатарын халиун үрээ 
  • Айргийн гуравт: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Б.Алтан-Очирын сартай хүрэн үрээ
  • Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат уяач н.Бадраагийн халзан үрээ
  • Айргийн тавд: Дундговь Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан үрээ

ШҮДЛЭН

  • Түрүү магнай: Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат уяач Д.Эрдэнэбулганы уяж хурдлуулсан хонгор үрээ
  • Аман хүзүүнд: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Д.Хишигжаргалын халзан үрээ
  • Айргийн гуравт: Дундговь аймгийн Хулд сумын уяач Б.Баярсайханы хул
  • Айргийн дөрөвт: Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Балдоржийн хүрэн үрээ
  • Айргийн тавд: Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы хүрэн үрээ

ДААГА

  • Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Хадбаатарын Бат-Эрдэнийн хээр даага 
  • Аман хүзүүнд: Өмнөговь аймгийн харьяат Б.Бадраагийн даага 
  • Айргийн гуравт: Сүхбаатар аймгийн харьяат М.Ариунбатын хээр даага
  • Айргийн дөрөвт: Төв аймгийн харьяат М.Энхболдын хүрэн даага
  • Айргийн тавд: Төв аймгийн Сэргэлэн  сумын харьяатА.Баярмагнайгийн хонгор даага 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

СУР ХАРВАА: Сур харвааны тэргүүн байрыг нэг гэр бүлийн хоёр хүртлээ

УРИАНХАЙ СУРЫН ХАРВАА:

  • Нэгдүгээр байрт: Харваач Б.Хатансайхан 28 оноо, /“Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК/
  • Хоёрдугаар байрт: Харваач Н.Чулуунбат 27 оноо, /Ховд аймаг/  
  • Гуравдугаар байрт: Хошой мэргэн харваач Б.Мөнхтөр  26 оноо, /“Шинэ налайх” баг/  
  • Дөрөвдүгээр байрт: Харваач З.Баярсайхан 25 оноо, /Ховд аймаг/
  • Тавдугаар байрт: Харваач Б.Бямбажав 25 оноо, /“Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” баг/

ХАЛХ СУРЫН ХАРВАА: /хана харваа 20 сум, хасаа харваа 20 сум /

Халх сурын харваанд нийт 350 харваач оролцож, эмэгтэйчүүдийн төрөлд 90 орчим харваач, эрэгтэйчүүдийн төрөлд 250 харваач өрсөлдлөө.

  • Эрэгтэйчүүдийн төрөлд - Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ЖЕМ интернэшнл компанийн харваач, Монгол Улсын спортын мастер Б.Батбаатар 36 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн боллоо. Харин,
  • Эмэгтэйчүүдийн төрөлд - Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ЖЕМ интернэшнл компанийн харваач, Монгол Улсын мэргэн С.Эрдэнэтунгалаг 36 оноогоор тэргүүлж, улсын хошой мэргэний болзол хангалаа.

ШАГАЙН ХАРВАА: Өмнөговь аймгийн баг хоёр жил дарааллан түрүүллээ

 

Энэ жилийн наадмын шагайн харвааны тэмцээнд  50 багийн 452 харваач, Өмнөговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын баг оролцсон.

Ингээд шагайн харваан эхний гурван байрыг танилцуулья:

  • Нэгдүгээр байрт: н.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын баг 
  • Хоёрдугаар байрт: н.Шинэбаяр ахлагчтай "Уранган" баг
  • Гуравдугаар байрт: н.Болд ахлагчтай "Улаанбаатар төмөр зам" ХК-ийн баг 

Ийнхүү энэ жилийн наадам ярих сонин ихтэй, наадамчин олноо баясгасан сайхан наадам боллоо. 


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт наадамчид аа, Хүндэт зочид оо, 

Наран ургахаас наран шингэх хүртэл уудам газарт эртний түүхтэй монгол төрийн их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс уралдлаа. Мэргэн харваачид маань ончтой сайхан харвалаа.

Монгол наадам хөлөг баатруудын уухай, хүлэг морьдын дөрөөн чимээг дуурьсгаж, мянган мянганы түүх соёлыг сануулан, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэн дээдэлж, үндэс угсаа, хэл соёлоо нандигнан хамгаалж, өрнөх ирээдүйд улам ихийг бүтээх зориг тэмүүллийг хайрлалаа. Бахархах түүхтэй ард түмэнд бүтээх ирээдүй их бий.

Эвийн хүч, шударга ёсыг эрхэмлэн, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ухамсарлаж, эх орноо хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн зүтгэцгээе. Үндэсний үзэл, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанар маргаашийн Монголыг сайн сайханд хөтлөх болно. 

Наадмын маргааш намар эхэлнэ. Хүн бүр ажил алба, амралт зугаалгаа зохицуулж, ирэх өвлийн сорилтыг давахад онцгой анхаарахыг сануулж байна. Өвлийн жавар, хаврын хавсаргыг зуны бэлтгэл, намрын хөдөлмөрөөр гэтлэх болно.

Монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс, хийморь золбоотой байж, эх орон маань цэцэглэн хөгжихийн бэлгэ ерөөл өргөж, үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя.

Төрийн нуруу төвшин, түмний заяа өөдөө байг ээ.

2015 оны 7 дугаар сарын 12


Үндэсний их баяр наадмын фото сурвалжлагууд:

https://ikon.mn/n/igphttps://ikon.mn/p/igwhttps://ikon.mn/p/iha

https://ikon.mn/p/ihehttps://ikon.mn/p/ihjhttps://ikon.mn/p/ihk, https://ikon.mn/p/ihr

Гэрэл зургийг: MPA.mn