Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Их Хурал /1996-2000 он/

open.parliament.mn
2015 оны 7 сарын 9
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийг нэг мандат бүхий 76 тойргоор явуулж сонгуулийн дүнд МҮАН, МСДН, НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал авч сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэн төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн онцлогтой парламент байгуулагдсан юм.

Олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, засгийн эрх барих нам, хүчний байр суурьт эргэлт болсон билээ.

1996-2000 оны Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын даргаар Раднаасүмбэрэлийн Гончигдорж, дэд даргаар 1996-1998 онд Цахиагийн Элбэгдорж, 1998-2000 онд Догсомын Ганболд нар сонгогдон ажиллажээ.

 

1996 онд Монгол Улсын Их Хурал бүтцийн хувьд Төрийн байгуулалтын, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын, Нийгмийн бодлогын, Хууль зүйн, Хөдөөгийн бодлого, байгаль орчны гэсэн таван байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Үүнд:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга /дарга нь С.Зориг/

2.Төсөв, санхүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хороо / дарга нь А.Ганбаатар/

3.Нийгмийн бодлогын байнгын хороо /дарга нь Х.Хулан/

4.Хууль зүйн байнгын хороо /дарга нь С.Батчулуун/

5.Хөдөөгийн бодлого, байгаль орчны байнгын хороо /дарга нь Ц.Баярсайхан/

Харин 1997 онд Улсын Их Хурлын байнгын хороодын бүтцийг шинэчлэн нийт долоон байнгын хороотой болж, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн, Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороог тус тус байгуулжээ.

 

Энэ удаагийн парламентын үед Засгийн газрыг огцруулах тухай хоёр удаа санал гарч, 1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн нэр бүхий 24 гишүүний гаргасан саналыг УИХ хэлэлцэн олонхийн саналаар Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газарт итгэл хүлээлгэжээ.

Харин 1998 онд УИХ дахь ардчилсан хүчний олонхийн нэр бүхий 11 гишүүний гаргасан мэдэгдлийг үндэслэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдлийг УИХ хэлэлцэн гишүүдийн 98.3 хувийн саналаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан байна.

Энэ нь Монголын төрийн түүхэн дэх ардчилсан засаглалын тогтолцооны хариуцлагын нэгэн хэлбэр болж тогтсоноороо онцлог байв.

1996-2000 оны Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд шинээр 173 хууль баталж, давхардсан тоогоор 255 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 32 хуулийг хүчингүй болсонд тооцжээ. Мөн олон улсын гэрээ, конвенци 71-ийг соёрхон баталсан байна.

 

Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд энэ удаа Банкны тухай, Дампуурлын тухай, Даатгалын тухай, Компанийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Ашигт малтмалын тухай, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай, Орон сууц хувьчлалын тухай зэрэг эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн бататгахад зарчмын ач холбогдол үзүүлсэн олон хууль батлан гаргажээ.

Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн Төрийн бус байгууллагын тухай хуулийг баталжээ.

 

Энэ удаагийн УИХ-аас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтож УИХ-ын тогтоол гаргасан юм. Энэ дагуу 1996 оны есдүгээр сарын 10-нд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаан Сүхбаатарын талбайд болж, Монголын төр, ард түмнийхээ өмнө анх удаа уучлал гуйсан байна.

Түүнчлэн УИХ-аас баталсан Ажлын таван өдөртэй долоо хоногт шилжих тухай хуулийн дагуу 1998 оноос Монгол Улс ажлын таван өдөртэй долоо хоногт шилжжээ.


 


                                    Улсын Их Хурлын Тамгын газрын

                       Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс