“Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жил ямар газруудад хяналт шалгалт хийх тухай төлөвлөгөөгөө өмнөх оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор МХЕГ-аар батлуулж, түүнийгээ олон нийтэд мэдээлнэ” гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1.1-д заасан.
Сүүлийн гурав, дөрвөн жил мэргэжлийн хяналтын байгууллага ийм л хошин шогийн хөтөлбөр өөр ажлаа явуулж байна. “Танайхыг ирэх жилийн төдөн сард шалгана шүү” гэж эртнээс зарлана. Өнөөх хугацаа нь ойртохоор улсын байцаагч нар аж ахуйн нэгжүүдийн үүд хаалгыг балбан, эсвэл утсаа улайстал ийш тийш залган “Танай байгууллагын үйл ажиллагааг бид долоо хоногийн дараа очиж шалгана шүү” гэж өөрсдийгөө илчилнэ.
Шалгуулах гэж байгаа хүмүүс тэр сургаар шинэхэн халаадаа өмсөж, ширээний бүтээлгээ сольчихоод малилзтал мишээж угтахаа эрх биш мэдэлгүй яах вэ. Тэгээд л манай мэргэжлийн хяналтынхан өөрсдөө замыг нь засаж өгсөн газруудаараа зочилж, төрийн хяналт шалгалт гэдэг юмыг ёстой нэг утгаар нь хийж өгнө дөө.
Сүүлийн гурав, дөрвөн жил мэргэжлийн хяналтын байгууллага ийм л хошин шогийн хөтөлбөр өөр ажлаа явуулж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2010 онд шинэчлэн сайжруулах гэж байгаа нь энэ гээд ийн муужруулж, дутуу алсан могой шиг юм болгосон гэдгийг мэргэжлийн хяналтынхан шогширч байна. Сахил хүртээд шал дордов гэгчээр энэ хууль батлагдсанаас хойш мэргэжлийн хяналтын байцаагч нар үнэндээ “шүдгүй арслан” болж хувирсан юм.
Төрийн нэрийн өмнөөс хувь, хувьсгалын аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавих учиртай тэдний үгийг өнөөдөр хэн ч тоож сонсохгүй байна. Улсын байцаагчийн эрх ямбыг үл тоомсорлож, гэлэн гуай гэх нь байтугай гөлөөг ч гэж харьцахгүй байгаагийнх нь төлөө тухайн байгууллагын дарга даамлуудад хариуцлага хүлээлгэх механизм ч манайд үгүй болсон. Үүний ачаар хувийн хэвшлийнхэн, бизнесийн хүрээнийхэн дур дурандаа авирлаж, эхнээсээ толгой дээр гараад суучихлаа.
Эцэстээ Монгол Улсын Ерөнхий сайдаар “Хувийн хэвшлийнхнийг илүү сайн дэмжих хэрэгтэй. Төрийн хяналт шалгалтаар далайлган, тэднийг айлгаж ичээж болохгүй” гэж хэлүүлтлээ тэдний нэр нөлөө талийчихаж. Харамсалтай нь, ямар нэгэн осол гэмтэл гарч, хүний амь, эрүүл мэнд хохироход, олон түмний эд хөрөнгө сүйдэхэд буух эзэн, буцах хаяг манайд олддоггүй. Ийм эмгэнэлт жишээ сүүлийн жилүүдэд өч төчнөөн гарч буй.
Төрийн хяналт шалгалтаас хол, төмөр нударганд нь өртчихөлгүй далдуур хийх ажил, амжуулах тохироо мундахгүй учраас мэргэжлийн хяналтын байгууллагын эрх мэдлийг бууруулах, тэдний уяаг богинохон байлгах сонирхол дээдэст л хамгийн их байдаг гэдэг ортой. Тийм учраас хяналт шалгалтыг нь ил зарлуулдаг болсон нь багадаад, хоёр жилийн өмнөөс 16 хүртэлх давхар барилгын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, 16-гаас дээшихийг Барилга, хот байгуулалтын яам олгодог болгосон.
Дээрээс нь тухайн барилгыг ашиглалтад орохоор хүлээж авдаг Улсын комисст ч мэргэжлийн хяналтын байцаагч байлгахаа больсон. Ингэснээр энд ямар нэг асуудал үүсэхэд хөндлөнгийн хяналт тавих учиртай мэргэжлийн хяналтын улсын байцаагч хамгийн дээд арга хэмжээгээ авлаа гэхэд үйл ажиллагааг нь түр л зогсооно.
“Зөрчлөө хурдан арилгахгүй бол мэргэжлийн хяналтынхан барилгыг маань нураана гээд гэдийчихнэ шүү. Байдал эвгүйдвэл үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг минь ч цуцалчихаж мэднэ” хэмээн эмээдэг байсан барилгын компанийнхан одоо улсын байцаагчийн өөдөөс “Чадахгүй юм байж” гэсэн шоолонгуй харцаар ширэвдэг болж.
Тусгай зөвшөөрөл өгсөн байгууллага нь л эргээд түүнийгээ цуцлах эрхтэй учраас дээгүүр нь мундагдуулчихсан байхад эд яаж ч чадахгүй гэдгийг тэд мэдэж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд салбарын яам болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн ганц ч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй. Харин ч “Манайх зөвшөөрөл өгчихсөн байхад танайх дуугүй л хяналтаа тавиад яв. Хэрэв ямар нэг зөрчилтэй байгаа бол түүнийгээ арилгатал нь тухайн компанийн үүд хавиар эргэлд” хэмээн өөрсдийнхөө шийдвэрийг тулгах байдалтай өдий хүрчээ.
Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй баригдсан орон сууцны барилгын ганц блокийг нураалгах шийдвэр шүүхээр гаргуулах гэж өчнөөн юм болсны эцэст үнэн ялсан ч өнөөхийг одоо хүртэл нураагаагүй л байгаа. Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх, үүрэгтэй газраас нь “Энэ компаниудыг авто замын тендерт оролцуулж болохгүй” гээд хар жагсаалт гаргаад өгөхөөр харьяа яамныхан бас хав дараад өнгөрүүлчихдэг тогтолцоо манайд л байна.
Удаа дараа ноцтой зөрчил гаргачихаад түүнийгээ арилгахгүй “том толгойлоод” байгаа 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа БХБЯ-нд хүргүүлээд шийдүүлж чадалгүй жил дамнасан тухайгаа мэргэжлийн хяналтын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн хэлж байна. Гэтэл үүнд яамны яг энэ асуудлыг хариуцсан газрын дарга нь “Барилгын компаниудаа дэмжихгүй, юм л бол хаана, зогсооно, тусгай зөвшөөрлийг нь цуцална гээд байвал хэн энэ улсыг чинь хөгжүүлэх юм” хэмээн хариулж суух.
Харин Ерөнхий төлөвлөгөөний газрынхан гэж бөөн будилааны хөрөнгө зуурч суудаг нөхөд болохоор “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгодгоороо манайх бүгдийг нь хянаж болно, хамаа алга. Улсын байцаагч эрхээ манайд өгчих.
Улсын байцаагч “Танайх зураг төслөө ингэж зөрчсөн байна” гэх юм бол цаадуул чинь арай өөр хандана. Үгүй ядаж л зөрчлийг нь хэлээд байхад биелүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно шүү дээ. Манай архитекторч, газар зохион байгуулагчид ямар ч эрх байхгүй учраас бидний үгийг үл тоодог” хэмээн аархах юм. Тийм л амархан юм бол хүссэнээр нь хийчихээч дээ. “Мөнгө улаан, нүд цагаан” болсон энэ нийгэмд хэнийг ч тасдан хаяхад бэлэн өлсгөлөн араатнууд шүдээ хавиран шүлсээ залгин ан хайж явна.
Эс бөгөөс төрийн байгууллагууд хоорондоо цаас шидэлцэж байх зуур хэчнээн хүнийхээ алтан амь, эрүүл мэндээр, гэмгүй иргэдийнхээ эд хогшлоор, төрийнхөө өмч хөрөнгөөр “наадаж” дуусах бий вий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!