Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: Өнөөгийн улс төрчид энэ номыг уншаасай

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн,Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр “Тусгаар тогтнолын товчоон” түүхэн цувралаа хэвлэмэл болон аудио хэлбэрээр гаргаж байгаа билээ.

Тэгвэл энэ цувралын гурав дахь дэвтэр болох “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт” номын нээлт өнөөдөр Тусгаар Тогтнолын ордонд боллоо. Энэхүү ном нь 1924-1932 оны Монголын түүхэн үйл явдлыг эссе хэлбэрээр бичсэнээрээ онцлогтой.

Тэрбээр өмнө нь “Талд ассан түймэр “ цуврал 1 /1900- 1915 он/, Ээдрээт цагийн бичээс цуврал 2 /1915-1924 он/ номнуудаа хэвлэж олны хүртээл болгосон.

Доктор Ё.Отгонбаярын “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт” номын тухай Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Академич Жигжидийн Болдбаатар:

Дэлхий их хувьсгалын сүүдэрт” хэмээх 3 дугаар дэвтэр нь он цагийн хувьд 1924-1930 оны дунд үеийг хамарч байна.

Коминтерн 1920 хэдэн оны дунд үеээс Монгол Ардын Намын Үндэсний ардчилсан чиг шугамыг хянан засварлах замд шилжжээ. Энэ үед нийт капиталист орнууд гүнзгий хямралд автагдаж харин Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын нийгэм- эдийн засгийн амьдрал эдийн засгийн шинэ бодлогын үр дүнд нааштай өөрчлөлт гарч эхэлсэн нь коммунистуудыг капитализм сөнөж мөхөх тийшээ орлоо гэсэн ойлголтонд хүргэжээ.

Ийм нөхцөлд Коминтерн бүх дэлхийд социалист хувьсгал хийх боломж бүрдсэн хэмээн хэнээрхэлд автсан байна. Коминтерн өөрийгөө бүх дэлхийн хувьсгалыг зохион байгуулагч төв, олон улсын нэгдмэл коммунист нам гэж үзэх болж, улс орон бүрийн коммунист намуудын дотоод хэрэгт шууд оролцох болжээ.

Коминтерн, түүний байгууллагууд өөрийн гишүүн болон талархагч намуудын үйл ажиллагааг хянан, зааж зааварлахаар барахгүй тухайн орны өвөрмөц онцлогийг үл харгалзан нэг хэв загварын шаардлагыг тулгаж, Коминтерны бодлого зааварт эргэлзэгчдийг оппортунист, барууны хэлбэртэн хэмээн шүүмжлэн буруушаах болжээ.

Намуудын Үндэсний ардчилсан үзэлтэн удирдагчдын хувь заяаг Коминтерн шийдвэрлэж, ял зэм тулгаж эхэлжээ. Энэ бусармаг үйлдэлд МАН-ын удирдагчид ч өртөж намын үзэл санаа, үйл ажиллагаанд ортодокс коммунист чиглэлийг тулган хүлээлгэж, Монгол орон зөвлөлт маягийн социализм байгуулах туршилтын талбар болжээ.

БНМАУ Коминтерний шууд шахалт тулгалтаар зүүний нугалаа завхрал, балмад явдалд автан, буруу бодлого явуулснаар Монголын нийгэм гүн хямралд орсон юм. Энэ явдал ардын засгийн эсрэг зэвсэгт бослого дэгдэхэд хүргэжээ.

Доктор Ё.Отгонбаяр энэ бүхний учир шалтгааныг түүхийн шинжлэх ухаан, ялангуяа улс төр, олон улсын харилцааны түүхийн үүднээс дүн шинжилгээ хийж, энгийн ойлгомжтой эссэ нийтлэлийн хэлбэрээр энэхүү бүтээлдээ өгүүлсэн болой” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Гэрэл зургийг MPA.mn

Зохиогч Ё.Отгонбаяр номныхоо тухай “Миний ном гурван онцлогтой. 1990 оноос хойш архивын материалууд их нээлттэй болсон. Түүнийг олонд түмэнд хүргэх ажил тааруухан байгаа.

Тийм болохоор олон түмэнд хүргэх хэлбэрээр гаргая гэж бодсон. Хоёрдугаарт манай түүхийг Монголын хилээр бичээд байх юм. Гэтэл тэр үед Оросд, Хятадад юу болж байсан бэ, тэр нь манай түүхэнд яаж нөлөөлж байсныг гаргах гэж оролдсон.

Гуравдугаарт бид түүхэн үйл явдлуудаар бичээд сурчихсан. Хувь хүмүүс хоорондын харьцаа, хувь хүний түүхэнд үзүүлэх нөлөөг өгүүлэх гэж оролдсоноороо онцлогтой.

Би улс төрч хүн. Өнөөгийн улс төрчид энэ номыг уншаасай. Одоо бид тусгаар улсад юу дуртайгаа хийж амьдарч байна. Тэгэхэд хүний гарт байсан үедээ манай удирдагчид өөрийнхөө бодлогыг яаж явуулж чадаж байсан юм бэ гэдгийг одоо үзээсэй. 

Тэр үеийн хүмүүсийн зүтгэж байсан зорилго, зорилтууд одоо бид нарын хийж буй аахар, шаахар улс төрийн маргааны хажууд асар том юм байсан юм байна, бид ямар өчүүхэн хүмүүс вэ гэдгээ ойлгох ёстой. 

Хүний гарт байсан үедээ улсаа тусгаар болгохын төлөө зүтгэж, амиа өгч чадаж байсан энэ ард түмэн өөрийнхөө эрхэнд байхдаа улсаа сүйдэлж байгааг хараасай гэж өөрийн эрхгүй бодогддог” гэв.