Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тэд мартаагүй, бид ч мартах учиргүй...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн билээ.

Энэ үеэр хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалыг баталсан. Энэ түншлэлийн хүрээнд Монгол улсаас өргөн бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээллийн баг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн урилгаар тус улсад долоо хоногийн ажлын айлчлал хийлээ.

1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс биднийг Жанчхүүгийн даваанд байрлах Монгол-Зөвлөлтийн амь үрэгдсэн цэргийн дурсгалын цогцолборт зочлуулсан юм. Бид үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.


Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотоос хойш 250 километрийн зайд орших Хэбэй мужийн Жан Бэй хотын өмнөд хэсэгт орших Жанчхүүгийн даваанд 13 Монгол дайчны бунхан бий.

Лувсанцэрэнгийн Аюуш

Магсар Жанчив

Б.Сахьяа

Манлайн Жүгдэр

Пэлжээгийн Нямаа

Гомбосүрэнгийн Дашдондог

Тувааны Самданжамц

Цэрэннадмидийн Маамуу

Доогийн Дагва

Гүнээгийн Лхамрагчаа

Галсангийн Чулуунбат

Сандагийн Шагдар

Батын Пүрэв

хэмээн чулуун дээр кирилл үсгээр сийлсэн нэрс нүдэнд тод харагдана. Тэд бол Монгол төдийгүй Хятадын ард түмний баатрууд...

Монголын ардын армийн 21 мянга гаруй хувьсгалт цэрэг 1945 онд Японы түрэмгийлэгчдээс Хятадыг чөлөөлөх дайнд Эрээн-Жанчхүү, Долонуур-Жэхэ гэсэн хоёр чиглэлээр оролцсон байдаг.

1945 оны Чөлөөлөх дайны хамгийн хүнд, ширүүн тулаан Жанчхүүгийн даваанд болсон бөгөөд Монголын ардын армийн эрэлхэг баатар Аюуш, Жанчив зэрэг 13 дайчин энэ тулаанд амиа алдсан билээ.

Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, Японы цэргийн томоохон бүлэглэлийг устгах ширүүн тулалдаан наймдугаар сарын 19-21-нд болсон юм.

Гэрэл зургийг Ч.Болорчулуун

Орой дээр нь “Монгол-Зөвлөлтийн холбоот цэргийн үрэгдсэн баатруудын дурсгалын цамхаг, бунхант цэцэрлэг” хэмээн ханзаар бичсэн энэ цогцолбор нийт 13 га газрыг хамрах бөгөөд байнгын зургаан ажилтантай.

Харин гэрэлт цамхагийн эргэн тойронд “Монгол-Зөвлөлтийн дайчид өнө мөнх оршино”, “Эрхэм дээд найрамдал, ариун улаан халуун цус” хэмээн бичсэн байх юм.

Цамхагаас цааш 100 метр явахад үрэгдсэн баатруудын бунхан байх бөгөөд энд зургаан Монгол, 54 Орос, нийтдээ 60 хүний шарил бий.

Хөшөөг дайн дууссаны дараа буюу 1945 онд байгуулж 1957 онд төрийн зөвлөлийн урилгаар ахин шинэчилсэн байна.

Харин энэ жилийн хувьд Жанчхүүгийн давааны тулалдаанаас үлдсэн дурсгалтай холбоотой музей байгуулж байгаа бөгөөд биднийг очиход барилгын ажил нь явагдаж байв.

Орон нутгийн удирдлагуудаас энэхүү дурсгалын цогцолборт ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд хөшөө рүү тод өнгийн хувцастай, баяр наадмын өнгө аяс бүхий байдалтай гардаггүй ажээ. Биднийг очиход ч ийм шаардлага тавьж байсан юм.

Мөн музейн тайлбарлагчид Хятадыг чөлөөлөх дайнд Монголын дайчдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй гэдгийг онцолж байв.

Ямартай ч БНХАУ-ын ард түмэн Монгол-Зөвлөлтийн дайчдын гавъяаг мартаагүй байна. Мартах ч бүү хэл улам таниулан сурталчилж, хүндэтгэн биширсээр байна.

Японы түрэмгийлэгчдээс Хятадын ард түмнийг чөлөөлөх дайнд гавъяа байгуулж, Монгол цэргийн ур чадвар, яруу алдрыг Жанчхүүгийн даваанд тунхагласан тэдний алдрыг бид ч бас мартах учиргүй.