Хагас сайн өдрийн үд болж байв. Манай сэтгүүлийн сурвалжлах баг Blue Sky зочид буудлын 16 давхарт болзсон зочинтойгоо уулзахаар ирлээ. Нэгэн залуу хаалга нээж уриалагханаар орохыг урьж, бичиг цаас болсон өрөөнд оруулав. Холоос ирсэн зочин маань шинээр барьж байгаа гэр жуулчны баазынхаа зураг төслийг өөрөө гаргаад тун завгүй байсан ч биднийг орж ирэхэд ажлаа түр завсарлаад эгээ л Ховд юм уу Увс аймгаас ирсэн эртний танил шиг минь баруун монгол аялгаар ярьж эхлэв. Тиймээ энэ хүн бол Ойрад Монголын тасархай, Халимаг үндэстэн, өдгөө АНУ-ын иргэн Nomadic Expeditions компанийг үүсгэн байгуулагч ноён Жалса юм.
ЦЭНДЖАВЫН ЭНХЖАРГАЛ
1620-оод оны үед ойролцоогоор 400 мянган монгол хүн баруун зүг рүү Каспийн тэнгисийг чиглэн 2,000 миль орчим замыг туулж, мал, эд зүйлсээ аван нүүжээ. Түүнээс хойш 100 жилийн дараа тэдгээр хүмүүсийн тал нь эргэж ирсэн гэх бөгөөд харин тэнд үлдсэн хүмүүс халимагууд хэмээн нэрлэгдэж түүхэнд бичигдэн үлджээ.
Халимаг гэдэг үг “ард үлдэгсэд” гэсэн утгатай турк гаралтай үг гэнэ. Хүний олон үеийг элээх 400 жилийн өмнө тэд нүүгээд явсан ч яах аргагүй бидний мах цусны тасархай, ахан дүүс юм. Магадгүй Чингис хаан энэ цаг үед эргэн ирвэл ар монголчуудаас илүүтэй дэлхийгээр тархан суурьшсан халимаг, өвөр монголчуудтай илүү сайн хэл нэвтрэлцэх байсан байх. Учир нь тэд бидний хэдэн зуун жилийн өмнөх хэлийг өнөө ч хэвээр нь хадгалсаар байгаа юм. Тэд түүхийн урт нугачаанд ямар их зовлон үзсэнийг бид ер нь мэддэг бил үү?
Оросын хувьсгал ид өрнөж байсан үе буюу 1917 онд 10 настай байсан Жалсагийн аав дайн дажнаас зугтан Болгарт иржээ. Тухайн үед мөн тэнд дүрвэж ирээд байсан халимаг гэр бүлтэй ойр танилцаж, хожмоо тэр айлын охин буюу Жалсагийн ээжтэй ханилжээ. Тэд Болгарт суурьшаад удаагүй байтал Дэлхийн II дайн эхэлж баруун зүг рүү буюу Германд ирж цагаачдыг орогнуулах газар байрлажээ. Ингээд хэсэг хугацааны дараа Оросын алдарт зохиолч Толстойн охин Aлександрагийн байгуулсан “Толстой” сангийн тусламжтайгаар цагаан арьстан гэсэн бичиг хийлгэж АНУ-д цагаачилж иржээ.
Тухайн үед ази хүмүүсийг Америк руу оруулах хязгаартай байв. Хэрвээ “Толстой” сангийнхан тэдэнд гар сунгаж туслаагүй бол тэд Сталины тушаалаар Сибирь лүү цөлөгдөж, магадгүй тэндээ алуулах байв.
Солонгосын дайны дараа 500-600 халимаг үндэстэн АНУ-ын Нью Жерси мужид ирж суурьшсан гэдэг.
Солонгосын дайны дараа 500-600 халимаг үндэстэн АНУ-ын Нью Жерси мужид ирж суурьшсан гэдэг. Жалсагийн гэр бүл ч 1951-1952 оны хооронд Америкт ирж амжсан байв. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй оронд ирсэн боловч цагаач иргэд, тэр тусмаа азиуд шороон замтай, ус халаалтгүй байранд хөдөө тосгоноос ялгарахааргүй газар амьдардаг байжээ. Гэвч олон бэрхшээлийг туулж ирсэн халимагууд бие биедээ тус дэм болж, аз жаргалтай амьдардаг байсан гэдэг.
1960 онд хийгдсэн “Монголчуудын түүх буюу Америкт ирсэн халимагууд” нэртэй кино энэ үндэстний Америк дахь амьдралын үнэн түүхийг харуулдаг. Ноён Жалсагийн аав багаасаа хар бор ажил хийж өссөн болохоор бичиг үсэгт тайлагдаагүй ч Монгол үндэстнийхээ түүхийг болоод Жангар туулийг цээжээр мэддэг байжээ. Цэцэрлэгт байх үедээ аавыгаа гэртээ туульс хайлахад америк хүүхдүүдийн хамт ойлгохгүй ч гэсэн шимтэн сонирхдог байж. Ноён Жалсаг 14 настай байхад аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч амьд ахуйдаа хэлж байсан сургаал нь түүнийг монгол угсаатны үргэлжлэл гэдгийг ой ухаанд нь гүн суулгаж өгчээ.
Тиймээс ч тэрээр монгол хүн, монгол үндэстэн гэхээр ахан дүүсээ хэмээн хүндэтгэж, сэтгэл зүрхээрээ туслахыг хичээдэг байна. Түүний хүүхэд нас ядуу зүдүү амьдрал, үндэстний ялгаварлан гадуурхалт дунд өнгөрсөн ч шийдэмгий, зоригтой, ажилсаг нэгэн болж өсжээ. Тухайн үед хар арьстнууд бараг тэднээс илүү сайхан орчинд амьдардаг байсан гэдэг.
Тэрээр нэг хар арьстан найздаа “Чи миний дэргэд бараг цагаан арьстан шиг амьдарч байна даа. Бид нар гадаа бие засдаг бол чи гэр дотроо ариун цэврийн өрөөтэй” гэж хэлэн инээлдэж байжээ. Америкт гадуурхагдана гэдэг ойлгож болох зүйл ч Монголд ирээд монгол хүн гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь бүр ч илүү эмзэглэмээр зүйл гэж тэрээр хэлсэн юм.
Жалса бусад халимаг хүүхдүүдийн адил найман настайгаасаа эхлэн аавынхаа ажилд тусалж мужаан хийдэг байсан бөгөөд 13 настайдаа коллежийн зуны амралтаар оюутнуудыг авч ажиллуулах хэмжээнд хүрсэн байв.
Хэдийгээр Жалса хичээл сурлагадаа сайн, тэтгэлэгтэйгээр коллежид элсэн орсон боловч өнчрөн хоцорсон гэр бүлээ тэжээхээр шууд ажил хөдөлмөрөөр амьдралын гараагаа эхэлжээ. Уг нь социологийн чиглэлээр сурч байсан ч антропологийн хичээлдээ илүү сонирхолтой байв. Гэхдээ коллежид сураагүйдээ огтхон ч харамсдаггүй аж.
Тэрээр “Одоо бодоход би коллежоо төгссөн бол хэн нэгний доор ажилласан хүн болох байсан байх. Харин одоо өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байна” гэсэн юм. Америкт амьдардаг халимагууд байшин барьдгаараа алдартай. Ноён Жалса ч “All Tech Carpentry Contractors” барилгын компанийг байгуулж, АНУ-ын тухайн барилгын салбарт хамгийн том компаниудын нэг болгож чаджээ. Тэдний ажилчид хямралын үед ч компанийнхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж ажилладаг нь ноён Жалса ажилчдадаа санаа тавьж, эрүүл мэндийн даатгал, урамшууллын сайн нөхцөлүүд олгодогтой холбоотой.
Ноён Жалсаг залуу байхад нэгэн хөгжилтэй явдал тохиолджээ. Нэг өглөө авга ах нь Монголын НҮБ-ын төлөөлөгчдөд амьд хонь хүргэж өгөх гэсэн юм, хамт яваач гэв. Ингээд жижигхэн ачааны тэргэн дээрээ хонио ачин бүтэн сайны өглөө Нью Йоркийн хамгийн тансаг гудмаар явсаар Монголын төлөөлөгчийн газарт иржээ. Тэднийг нэг монгол залуу угтаж, нөгөө хонио шинэхэн кадилак машинд хийхэд нөгөөх нь майлж, улмаар хотын оршин суугчид цагдаа дуудчихсан гэдэг. Тэр хөгжилтэй мөчөөс хойш тэрээр дахин монголчуудтай уулзаж, хүсэн санагалзаж байсан Монгол оронтойгоо ажил амьдралаа холбосон юм.
Ийнхүү тэд Жалсад Монголд очих урилга өгч, Жалса анх удаа Монголд иржээ. Ирсэн даруйдаа хэсэг хугацаанд Чойбалсангийн өргөөнд ганцаараа байрлаж байжээ.
Тухайн үед Бямбасүрэн гуай Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд Монголын баруун аймгуудад аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар түүнээс зөвлөгөө авч байв. Жалсагийн хамгийн гол анхаарсан зүйл нь үйлчилгээг сайжруулж, стандартыг дээшлүүлэх явдал байв. Гэвч олон бэрхшээл тулгарна. Нэг удаа шувуу үзэхээр ирсэн жуулчдыг авч явж байтал онгоц нь гурав хоног хоцорч иржээ. Энэ нь түүнд тэвчиж боломгүй зүйл байсан ч хамт ажилладаг хүн нь байдаг л зүйл мэтээр хүлээж авна.
Монголд байх үедээ тэрээр Хужирт орж, зарим нэг жуулчны баазаар явж “Жуулчин” компанийн захиралтай уулзаж, хамтран ажиллахаар болжээ. Мөн тухайн үед ноён Жалса Монгол Америкийн Бизнесийн Зөвлөлийг (NAMBC) хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь зургаан жил орчим ажиллажээ. Монгол Америкийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдаж байсан уг байгууллагын 25 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Барилгын бизнес амжилттай эрхэлж байсан тэрээр 1992 онд Америкт Nomadic Expeditions компаниа байгуулж, улмаар 1996 онд Nomadic Expeditions Mongolia компанид хөрөнгө оруулж, Монгол дахь оффисоо байгуулж байжээ. Тэрээр “Nomadic Expeditions-ийг монгол компаниудтай өрсөлдөх гэж байгуулаагүй. Учир нь би Монголоос явсан ч энэ компани Монголд үлдэнэ. Бидний зорилго бол монгол компаниудыг дэлхийн хэмжээнд гаргаж ирэх явдал байв” хэмээж байв.
Монгол орны үзэсгэлэнтэй дорнын талыг олон жуулчинд харуулахын төлөө тэд дээд зэрэглэлийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх тал дээр нэлээд удаан ажилласан ба байгуулагдсан цагаасаа эхлэн монголчуудыг авч ажилуулах бодлого барьж байв. Америк дахь салбарт нь ч ихэвчлэн монголчууд ажиллана. Ноён Жалса олон жуулчны бааз барихыг урьтал болголгүй Монголын компаниудад туслахыг хичээдэг байна. Тухайлбал 1995 онд зээлийн хүү сарын 22 хувь байхад тэрээр сарын нэг хувийн хүүтэйгээр 250,000 долларыг Улаанбаатар зочид буудалд зээлдүүлж, цаадуул нь ч хугацаандаа эргүүлэн төлсөн гэдэг.
1998 онд ноён Жалса анх удаа Баян-Өлгий аймагт очжээ. Бүргэдээр ан хийдэг тухай өмнө нь сонсож байсан болохоор тэнд очоод 8-10 айлтай уулзав. Гэтэл аймаг даяараа 35-40 орчим айл л бүргэдтэй гэж хэлэхэд нь үнэхээр гайхаж байсан гэнэ. Ингээд өөрөөсөө гадна гурван казак залуутай нийлэн жил бүр бүргэдийн фестиваль зохион байгуулахаар шийдэж, өөрөөсөө 5000 доллар, нөгөөдүүл нь бас тодорхой хэмжээний мөнгө гарган анхны фестивалиа хийжээ.
Тэрээр одоо ч энэ арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцдог ба 16 жил тасралтгүй зохион байгуулсан байна. Одоо бүргэдтэй айлуудын тоо 200-300 болж, энэ наадам Монголын хамгийн том баяруудын нэг болж чаджээ. Тэд эхний зургаан жил ямар ч жуулчид авч очоогүй гэнэ. Учир нь тэр энэ бүхнийг жуулчдад зориулж хийгээгүй, харин нутгийн хүмүүст зориулж уламжлалаа хадгалаасай гэсэндээ эхлүүлж байжээ.
Энэ л фестивалиас төрсөн 13 настай казак охин Ашол Пан National Geography-ийн анхааралд өртөн эрэлхэг бүргэдийг эзэгнэгч охин хэмээн алдаршсан билээ.
Ноён Жалса Three Camel Lodge охин компаниа 2002 онд байгуулж, олон нэр хүндтэй зочныг хүлээн авчээ. Тэдний нэг Холливудын жүжигчин Ричард Гир Монголд хоёр дахь удаагаа ирэхдээ бааз дээр нь дөнгөж нэг хоноод буцна гэж байсан боловч тав хоносон гэдэг. Жалса гадаад дотоодын олон алдартай эрхэмтэй найз нөхрийн холбоотой ба олон улсын нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол орны онгон байгаль, ёс заншлыг байнга сурталчилж байдаг олон улсад нэр хүндтэй хүн юм.
Буурай хөгжилтэй орны тоонд ордог Бутан улс ”Үндэстний аз жаргалын индекс” гэсэн ойлголтыг бий болгож, өвөрмөц онцлогтой, өндөр үнэтэй аялал жуулчлалыг хөгжүүлсэн байдаг. Түүн шиг Монголд үүргэвчтэй аялал биш өвөрмөц онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал ба үүний тулд Монголын аялал жуулчлалын улирлыг уртасгах нь чухал гэдгийг тэрээр онцолж байлаа.
Жишээ нь дэлхий дээр бүх зүйлийг нь мөсөөр хийсэн маш үнэтэй зочид буудлууд байдаг. Нэг өдрийн хэдэн мянган долларын үнэтэй ийм зочид буудлууд 99 хувийн захиалгатай байдаг гэнэ. Three camel lodge компанийн хувьд тавдугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 1 хүртэл ажилладаг. Дэд бүтэц, байшин сав сайн бол жуулчны улирлыг уртасгах боломжтой билээ.
Түүнийхээр бол жуулчдыг авчирна гэдэг нь өөрөө экспорт юм. Монгол янз бүрийн экосистемтэй бөгөөд бас нүүдлийн мал аж ахуйтай тул жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Гэхдээ уул уурхай түшиглэж байгаа энэ үед байгаль орчноо хамгаалах сайн бодлоготой байх хэрэгтэйг тэрээр сануулав. Уул уурхай, аялал жуулчлал хоёрын тэнцвэрийг хадгалахыг дэмждэг тэрээр байгаль орчныг хамгаалах тал дээр өөрийнхөө зүгээс хийж болох зүйлсийг хийсээр иржээ.
Түүнийхээр бол жуулчдыг авчирна гэдэг нь өөрөө экспорт юм.
Ойрын жилүүдэд эдний компани говьд мод тарих хөдөлгөөн өрнүүлж олон мянган мод тарьсан ба одоо заг ургуулах ажилд оролцохоор төлөвлөж байгаа аж. Түүнчлэн олон улсын тогтвортой хөгжлийн, байгаль орчны хөтөлбөрүүдтэй холбоотой ажилласаар иржээ.
Ирвэсийг хамгаалах сан, WWF-ийн төслийн багтай хамтран ажилладаг байна. Орон нутгийн иргэдийн амьдралд туслах, байгаль орчныг нь онгон сайхнаар нь авч үлдэхийг зарчмаа болгосоор ирсэн тэдний компанийн хамт олонд орон нутгийн хүмүүс маш хүндэтгэлтэй ханддаг гэнэ.
Ноён Жалсагийн анхдагч хэл нь Монгол хэл. Америкт үл хөдлөх хөрөнгө, барилгын том бизнесийг, дэлхийд Монголын аялал жуулчлалын брэндийг бий болгож чадсан энэ эрхэм одоо ч Монголд байгуулсан компаниасаа цалин авдаггүй. Түүнийг Монголд хамгийн олон жил тогтвортой бизнес эрхэлж байгаа гадаадын харьяалалтай боловч жинхэнэ Монгол хөрөнгө оруулагч гэж хэлэхэд болно. Монголоо гэсэн сэтгэлтэй, дэлхийн аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн байр суурьтай ийм л нэгэн монгол үндэстэн уугуул улсынхаа аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө тархи оюунаа ажиллуулсаар явна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!