Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович удаан дуугүй явсны эцэст BBC агентлагт ярилцлага өгчээ. Түүнтэй BBC агентлагийн сурвалжлагч Гэбриел Гейтхаус Украины асуудлаар болон одоо хэрхэн амьдарч байгаа талаар ярилцсаныг товчлон хүргэе.
-Та Орост ирэхдээ хэзээ нэгэн цагт эх орондоо эргэн очно гэж байсан. Та энэ найдвараа одоо хүртэл тээсээр байгаа юу?
-Мэдээж би эргэн очихыг хүсч байна. Ямар ч хүн эх орондоо очихыг хүснэ шүү дээ. Яагаад надаас эх орныг минь булааж байгааг би огт ойлгохгүй юм.
-Таныг ирээсэй гэж Украинчууд хүсч байгаа болов уу?
-Би Украины төлөө хариуцлага хүлээж байсан тэр үед би алхам бүрийнхээ төлөө хариуцлага хүлээж чаддаг байсан. Намайг Украинаас явахад Украинд энх тайван оршиж байсан. Би дайн гаргаагүй. Украинд доллар 8 гривень байсан. Украинд хүмүүс цагтаа цалингаа авдаг, улс орон хөгжиж, бид ирээдүйн талаар боддог байсан. Гэтэл одоо юу болов. Байж болох хамгийн муу нөхцөл үүсчихээд байна. Энэ бол зөвхөн зүүдэндээ л харж болох аймшиг, хаа сайгүй дайн, хүмүүс үхэж, зовж, улс орон доройтож байна.
-Тэгэхээр Та Украин руу буцаад алхам бүрийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ.
-Өнгөрсөн жил Майдан дээр болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр олон хүний амь нас хохирсонд таныг буруутгадаг. Та эх орондоо эргэн очиж, Украины шүүхийн өмнө зогсоход бэлэн үү?
-Хэрэг мөрдөлтийн бүхий л материалыг олон нийтэд дэлгэн харуулахыг Ерөнхий прокурорын газраас хүссэн. Ямар ч мөрдөн шалгалт явуулаагүй гэдгийг ард түмэн мэдэхгүй байгаа. Жил хагасын хугацаа өнгөрлөө. Харин ч Майдан дээр үйлдэгдсэн гэмт хэргүүдийн ул мөр устаж байна. Өнөөдөр Украинчууд тухайн үед ард түмнээ бодсон биш харин засаглалын төлөө улайрсан хэт даврагчид энэ бүхнийг үйлдсэн гэдгийг ойлгож байгаа.
-Гэлээ ч Майдан дээр хүч хэрэглэж, цус асгарсан. Ерөнхийлөгч, улс орны ерөнхий командлагчийн хувьд хариуцлага хуваалцах ёстой гэж боддог уу?
-Мэдээж би хариуцлагаас бултахгүй. Гэхдээ надад гурван хувилбар байсан. Надад үнэнч, цэргийн хүчийг татан оролцуулж эх орон болон өөрийгөө хамгаалах, өөрөөр хэлбэл иргэний дайн эхлүүлэх. Гэхдээ би ийм зүйл хийгээгүй. Би цус асгаруулахын эсрэг байсан. Ямар ч засаглал хүний дусал ч цустай тэнцэхгүй гэж боддог. Украинд цус асгаруулахыг эсэргүүцсэн. Тиймээс Украинд дайн гаргахгүйн төлөө бүхнийг хийсэн.
-Майданы асуудлыг шийдэхийн тулд хатуухан арга хэмжээ авах тал дээр танд ямар нэг дарамт шахалт ирж байсан уу?
-Улс төрийн хүрээнд зөвлөгөөн хэлэлцээрийн үеэр янз бүрийн санал гардаг байсан. Гэхдээ ямар ч тохиолдолд цус асгаруулахгүй байх гэдэг байр суурин дээр би хатуу зогссон.
-Майданы асуудлыг шийдвэрлэх тал дээр Оростой харилцаатай байсан уу?
-Би зөвхөн Оросын талтай төдийгүй Европын холбоо, АНУ-тай байнгын холбоотой байсан.
-Оросын тусгай албад, зөвлөх зэрэг олон хүмүүс энэ асуудалд оролцсон гэж ярилцдаг?
-Оросын, Европын , АНУ-ын ч тэр ямар ч тусгай албад байгаагүй.
-Владимир Путинтай энэ үед ярьж байсан уу?
-Ярьсан.
-Тэр юу гэж хэлсэн бэ?
-Нөхцөл байдлыг сонирхож байсан. Дэлгэрэнгүйг би санахгүй байна.
-Путин юу гэж зөвлөсөн бэ?
-Зөвлөх биш санал болгосон, санхүүгийн болон бусад тал дээр тусламж үзүүлэхийг санал болгосон. Энэ үед би янз бүрийн орнуудын удирдлагуудтай холбоотой байсан, Оростой ч тэр.
-Таныг эх орноо орхиж хэрэггүй гэж Путин хэлсэн гэлцэх юм билээ?
-Намайг Харьковоос ярихад тэр үзэл бодлоо илэрхийлсэн. Намайг яагаад Харьковт байгааг асуусан. Ажлаар явж байгаагаа би хэлсэн. Харьковоос Донецк, Донецкоос Крым явах төлөвлөгөөтэй байсан юм.
-Та Украинаас явах шийдвэрээ хэзээ гаргасан бэ?
-Украинд үлдвэл миний амь насанд аюултай байх нөхцөл байдал үүссэнийг олж харсан тэр үед л Украинаас явахаар шийдсэн.
-Энэ нь хэзээ гэсэн үг вэ?
-Хоёрдугаар сарын 23-ны Ням гараг байсан юм. Крымд байхдаа маш олон тагналт мөрдлөг, Ерөнхийлөгчийг устгах зорилго тавьсан талаар олон мэдээлэл авсан. Украинд үлдэж, миний талд байгаа хүчийг ашиглаж иргэний дайн дэгдээх, эсвэл явах гэсэн сонголт үлдсэн. Зэвсэг барьсан хүмүүс Украин даяар намайг мөрдөж, Харьков, Донецкд ч ирж байсан, тэд яагаад ч зогсохгүй. Эдгээр хүмүүс бол хэт даврагчид гэдгийг би ойлгож байлаа. Тэд нөхцөл байдлыг хүндрүүлж, цэргийн эргэлт хийхээр шулуудсан байлаа.
-Танай цуваа руу халдсан гэж та ярьж байсан?
-Тийм ээ, манай цувааны эхний бүлэг Харьков, нөгөө нь Крым рүү явж байсан юм. Эдгээр машинууд намайг бүс нутгуудаар ажлаар явахад зөөдөг машин л даа. Нэг цувааг буудаж, хоёр дахийг нь ч буудсан. Тэд дотор нь хэн байгааг ч мэдээгүй. Ерөнхийлөгчийн цуваа явж байна, тэгэхээр ерөнхийлөгч байгаа л гэж бодсон байх.
-Та тэр цуваанд байгаагүй юм уу ?
-Байгаагүй, би нисдэг тэргээр явсан.
-Таныг Киевээс явж хэрэггүй гэсэн Владимир Путины зөв байсан юм биш үү?
-Хэрэв би Киевт үлдсэн бол...
Тэр шөнө зэвсэглэсэн асар олон хүн манай байрыг эзэлсэн. Намайг байсан бол энэ хүмүүс дайрахад миний хамгаалалтынхан намайг хамгаалах л байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэнд цус асгарах байлаа. Тиймээс тэндээ үлдэж манай байрыг эзлэн авахыг хүлээх үү эсвэл тэндээс явах уу гэсэн хоёрхон сонголт үлдсэн байлаа. Тиймээс 22 цаг 30 минутад тэндээс хөдөлсөн.
-Таныг Украинаас явсны дараа Орос улс Крымийг өөрийн болгосон. Та энэ явдлыг нэгэнтээ эмгэнэлт явдал гэж нэрлэж байлаа. Харин Оросд энэхүү үйл явдлыг түүхэн шударга ёсыг сэргээсэн гэж үздэг. Та өнөөдөр энэ үйл явдлыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Би түрүүхэн танд хэлсэн. Би Крымд үлдсэн бол Крымд мөн л дайн болох байлаа, магадгүй Донбассаас ч хүнд нөхцөл байдал үүснэ. Крымийн оршин суугчдад дайн, энх тайван хоёрын аль нь чухал юм бэ. Аль ч орныг аваад үзсэн, оршин суугчид нь “энх тайван чухал” гэж хариулна. Тиймээс Крымд санал асуулга явуулах үед хүмүүс ирээдүйнхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө санаа зовниж, сэтгэл нь түгшиж байсан. Крым Майданы замаар хэт даврагч үзэл баримтлалыг сонгоогүй.
-Та Крымийг Украиных гэж үздэг үү, Оросын хэсэг гэж үздэг үү?
-Энэ болсон үйл явдал тун муу хэрэг, энэ нөхцөл байдлаас гарах арга зам хайх хэрэгтэй гэж би боддог.
-Тэгэхээр Крымийг Украинд буцаах хэрэгтэй гэсэн үг үү?
-Дайн болж байна. Өнөөдөр Крымийг буцаана гэж ярьдаг. Гэхдээ яаж? Дайн дэгдээж үү? Дахиад дайн хэрэгтэй юм уу? Тэнд таван зуун мянган хүн амьдарч байна. Энэ тухай мартаж болохгүй.
-Энэ болсон үйл явдал эмгэнэлт явдал уу, эсвэл түүхэн шударга ёсыг сэргээсэн хэрэг үү?
-Мэдээж энэ бол Украины төрийн эмгэнэл. Та бүхэн харж байгаа шүү дээ. Улс орно хуваагдсан. Хүмүүс нь ядуу тарчиг.
-Төрөлх хотдоо болж буй үйл явдлыг хараад та юу мэдэрдэг вэ?
-Энэ бүхнийг зүрх эмзэглэхгүйгээр харж чаддаггүй. Ийм зүйлийг байнга харж чаддаггүй. Тиймээс хаа нэг л хардаг, зүрх өвддөг. Танил царай, танил хот, эвдэрч сүйрсэн танил байшинг харах үнэхээр хүнд. Тэнд миний өвөг дээдсийн булш байгаа. Эцэг эх, ахан дүүс, ойр дотныхон, найз нөхдийг минь тэнд оршуулсан. Мэдээж энэ аймшигтай эмгэнэлт явдал. Аймшигтай. Ер нь Донбасст болж буй үйл явдлыг үй олноор хөнөөж байгаа хэрэг гэж би боддог.
-Хэнийг үй олноор хөнөөж байна гэж?
-Ард түмнийг. Донбассын ард түмнийг үй олноор хөнөөж байна.
-Энэ геноцидыг хэн үйлдэж байгаа вэ?
-Тийшээ танк, их буу оруулж, энгийн иргэдийг буудаж эхэлсэн хүмүүс. Эвлэрэл зарласнаас хойш хэчнээн хүн амиа алдсаныг та бүхэн харж байгаа. Таван зуу гаруй энгийн номхон иргэн амиа алдсан. Хамгийн ихээр хохирч байгаа нь энгийн иргэд байна шүү дээ. Үүнд л гол эмгэнэл оршиж байгаа юм.
-Ерөнхийлөгч Порошенко энэ үйл явдлыг иргэний дайн биш харин Оростой хийж байгаа жинхэнэ дайн гэж нэрлэсэн байдаг. Та үүнтэй санал нэг байна уу?
-Өнөөдөр энэ сөргөлдөөнд дэлхий даяараа татагдан орчихоод байна.
-Украины нутаг дэвсгэр дээр хаанахын цэргүүд дайтаж байгаа талаар ярилцъя?
-Украины нутаг дэвсгэр дээр Оросын цэргүүд байрлаж байгаа тухай мэдээлэл надад огт алга.
-Энэ талаарх мэдээлэл олон байдаг шүү дээ?
-Маш олон сайн дурынхан байгаа. Гэхдээ сайн дурынхан Украины армид ч байгаа шүү дээ.
-Крымд болсон үйл явдлын дараа ч энэ бүх цэргүүд сайн дурынхан гэдэгт та итгэсээр байгаа юм уу?
-Орос улстай хил залгаа оршиж байгаа нутаг дэвсгэр дээр болж буй үйл явдалд Орос өөрсдийгөө хамааралгүй гээд суухгүй.
-Тэгэхээр Оросын цэргүүд байх нь …
-Байх боломжгүй. Оросын хүн амын доод тал нь 30 хувь нь Украинчуудтай удам угсаа нэгтэй байдаг.
-Орос улс Украины нутаг дэвсгэр дээр дайтах эрхтэй гэж та хэлж байна уу?
-Үгүй ээ. Би хүмүүсийн талаар, хүмүүсийн холбоо харилцааны талаар ярьж байна. Орост амьдарч байгаа хүмүүс Украинд болж буй үйл явдлыг хараад харамсдаг, туслахыг хичээдэг, юугаа ч хайрладаггүй. Зарим нь Украинаас ах дүүсээ дуудан ирүүлж байгаа бол зарим нь туслахаар явж байна.
-Гэхдээ Орос улс Донбассд цэрэг, зэвсэг нийлүүлж байгаа тухай үй олон нотолгоо байгаа шүү дээ?
-Би тантай юу дуртайгаа яриад байж чадахгүй. Гэхдээ баталгаа хэрэгтэй, ойлгож байна уу, бүх зүйлд баталгаа хэрэгтэй.
-Донбассд Орос улс гол үүрэг гүйцэтгэдэг гэж та үзэж байна уу?
-Орос улс зүгээр хараад суухгүй гэж бодож байна.
-Таныг Киевт ч тэр Европд ч тэр авлигыг асар ихээр нэмэгдүүлсэн гэж буруутгадаг. Мөн таныг улсын хөрөнгө завшсан гэж буруутгаж байсан. Энэ нь ч таныг ерөнхийлөгчийн албанаас буухаас өмнө яригдаж байсан асуудал. Хүмүүс таны Межигорье дахь байранд хэрхэн амьдарч байсныг хараад ихэд бухимдаж байсан?
-Украинд авлига Януковичоос өмнө ч байсан, Януковичийн үед ч байсан , бид тэмцэж байсан. Януковичийн дараа ч авлига байгаа. Олон улсын байгууллагуудын дүгнэлтийг та бүхэн хараарай. Хямралын жилүүдэд авлигын түвшин 20 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ асуудалтай нийтээрээ тэмцэх ёстой гэж ярьж байсан. Харин ерөнхийлөгчийн байрны тухайд гэвэл энэ бол технологи, ойлгож байна уу, ердөө л технологи. Би Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан, олон улсын уулзалт хэлэлцээр зөвлөгөөн явуулах газартай байх ёстой. Тэр байрыг би эзэмшдэг байсан, одоо бол үгүй.
-Путинтэй харилцдаг харилцааны тань талаар ярья. Та Орост зочин шиг л амьдардаг. Путинтэй ямар харилцаатай байдаг вэ? Та түүнтэй байнга холбоотой байдаг уу?
-Бид хэчнээн удаа холбогдож байгааг би тоолдоггүй, гэхдээ миний хувьд хангалттай.
-Та хоёр юуны тухай ярьдаг вэ?
-"Сонин юутай, бие сайн уу, ямар асуудал байна?" гэх мэт зүйл л ярьдаг.
-Та Европын холбоонд нэгдэх гэрээнд гарын үсэг зурахгүй гэж 2013 онд шийдвэр гаргасан нь Орос болон Барууны хооронд хүйтэн дайн дууссанаас хойших хамгийн том хямралд хүргээд байна. Та энэ тал дээр ямар үзэл бодолтой явдаг вэ?
-Би тантай санал нийлэхгүй байна. Нэгдүгээрт, намайг гэрээнд гарын үсэг зураагүй гэж та буруу ярилаа. Бид энэ хэлэлцээрийг хэсэг хугацаагаар хойшлуулж, тэр хүртэл зохих ажил явуулахаар шийдсэн. Би ердөө л тийм нөхцөлд Украины засгийн газар хэлэлцээрт гарын үсэг зурж болохгүй гэж үзэж байсан. Гүйцэт боловсруулж, гарын үсэг зурснаас хойш үүсэх эдийн засгийн асуудлуудыг тодруулах хэрэгтэй байсан юм.
-Энэ шийдвэр л өнөөдрийн хямралд хүргэсэн шүү дээ.
-Энэ шийдвэрийг ашиглаж Майдан дээрх хүмүүсийг хуурсан. Янукович гарын үсэг зураагүй гэж хэлсэн, гэтэл үнэндээ бид татгалзах биш хойшлуулсан юм.
-Ялаагүй, гарын үсэг зураагүй л гэсэн үг.
-Тэгээд юу өөрчлөгдсөн юм бэ. Тэр хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурчихсан байгаа юу. 2016 онд л гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болно шүү дээ. Энэ жил хагасын хооронд юу болов. Дайн болж, Украин Крым, Донбасс, олон мянган хүний амь насыг алдлаа. Улс орноо эвдэн сүйтгэж, Европ, Орос, АНУ гээд дэлхий дахиныг сөргөлдөөнд татан орууллаа. Хүмүүст зориудаар буруу ойлголт өгч, Украинд цэргийн эргэлт гаргасан Майданы технологийг хууль ёсны гэж нэрлэх аргагүй.
-Энэ үйл явдалд таны буруу бий юу?
-Мэдээж би буруутай. Би ямар нэг зүйл дутуу хийсэн. Би итгэл үнэмшилтэй хөдөлж чадаагүй байх.
-Намайг Майдан дээр, цус асгарсан үйл явдал болохоос өмнө очиход энгийн хүмүүс Европ, Оросын талаар биш харин авлигын тухай ярьж байсан. “Бид энгийн, хэвийн улсад амьдармаар байна, тиймээс энд байгаа” гэж хэлж байсан?
-Одоо тэднийг юу ярихыг нь сонсоорой.
-Майдан танай Засгийн газрын авлигатай холбоотой байсан юм биш үү?
-Энэ бол технологи байсан. Янукович явангуут авлига шууд л 50 хувиар буурна гэж ярьж байсан уу. Гэтэл миний дараа авлигын түвшин 20 хувиар нэмэгдлээ. Энэ тухай олон улсын байгууллагууд гэрчилж байна.
-Гэхдээ Майдан танай засгийн газрын авлигын эсрэг чиглэгдсэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
-Авлига байсан, үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ жил хагасын хугацаа өнгөрлөө. Засгийнханд бүх арга зам нь байна. Януковичийн данс хаана байгааг хэлээдэх л дээ. Ийм данс байхгүй, хэзээ ч байгаагүй. Миний тухайд бол ийм байна, харин улс орны тухайд олон олон жил авлигатай тэмцэх шаардлагатай болно.
-Гэхдээ та баян хүн шүү дээ. Нэг их өндөр биш улс төрчийн цалингаар ийм баян болно гэж байх уу?
-Би яагаад баян гэж?
-Таны өргөөг харсан юм?
-Бусдын хөрөнгийг тооцох дуртай юм уу? Минийхийг тоол тоол.
-Би таны өргөөг харсан, гэтэл та өөрийгөө ядуу гэх гээд байна уу?
-Ямар өргөө яриад байна аа? Би тантай хэдийн ярьсан шүү дээ. Би тэр өргөөтэй ямар ч хамааралгүй. Надад ганцхан байр байдаг.
-Тэгэхээр та баян биш гэсэн үг үү?
-Би бүх насаараа ажилласан, сайн ч цалинтай байсан учраас би хангалуун амьдардаг хүн. Өнөөдөр сайхан, хэвийн амьдрахад миний цалин хангалттай хүрнэ. Би 26 настайдаа үйлдвэрийн дарга болж байсан хүн шүү.
-Өнөөдөр та хаана, ямар нөхцөлд амьдарч байна?
-Орост амьдарч байна.
-Ямар хотод вэ?
-Миний найзууд, танилууд гээд олон хүн Орост байгаа учраас Ростовт ихэнх цагаа өнгөрөөдөг. Москва болон Оросын бусад хотуудад ч байх дуртай.
-Дүрвэсэн Ерөнхийлөгчийн амьдрал ямар байна. Таныг хамгаалалт дагалддаг уу?
-Миний хаагуур явахыг зөвхөн хувийн хамгаалалтынхан л мэддэг. Учир нь Украинд намайг мартаагүй, тиймээс урьдын адил миний аюулгүй байдал амь нас тулгамдсан асуудал болоод байгаа учраас би хамгаалалтын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна. Би Украины нөхцөл байдал өөрчлөгдөхийн төлөө бүхий л хичээл зүтгэлээ зориулах болно. Нэн тэргүүнд дайн дуусаасай гэж хүсч байна. Үлдсэнийг нь Украины ухаант ард түмэн өөрсдөө шийдчихнэ. Хүмүүс өнөөдөр олон зүйлийг ойлгосон. Украинд болж буй үйл явдалд харамсаж, өнөөдрийн Засгийн газар түр зуурынх гэдгийг ойлгосон. Бид бүгд энх тайвныг хүсч байна. Өнөөдөр санааг минь зовоож байгаа гол асуудал бол энэ. Энхтайван тогтоох явцыг зөв голдрилоор явуулахын төлөө би бүхий л хүчин чармайлтаа гаргана.
Эх сурвалж: BBC.co.uk
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!