Зургаадугаар сарын 20-ны өдөр Оросын хамгийн их “пиардсан” олон улсын арга хэмжээ болох Петербургийн эдийн засгийн форум өндөрлөлөө.
Энэ форумын түүх 1997 оноос эхтэй ч 2005 оноос эхэлж л үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч оролцох болсон юм. Тиймдээ ч энэ үеэс эхлэн энэ арга хэмжээ “Ерөнхийлөгчийн зиндааных” болж, дэлхийн өнцөг булан бүрийн улс төр эдийн засгийн лидерүүд цуглах болсон.
Өнгөрсөн жилийн форумыг бүтэлгүйтсэн гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Украинд болж буй үйл явдал, Крымийг нэгтгэсэнтэй холбоотойгоор Барууны лидерүүд Санкт-Петербургт айлчлахаас татгалзаж байсан бол энэ онд байдал өөрчлөгджээ. Өнгөрсөн жилийн хугацаанд хориг арга хэмжээ үндэснийх нь эдийн засаг, валютыг устгаж чадаагүй, харин “Дорныг чиглэсэн” бодлого баримталсан нь хөгжлийн шинэ боломжуудыг нээж өгсөн гэдгийг Орос улс баталж чадлаа.
2015 оны форумын үеэр 293.4 тэрбум рублийн үнийн дүнтэй 205 гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Форумд 120 орны 10 мянган хүн төлөөлөгчөөр оролцсон, тэр дундаа 2,000 сэтгүүлч ирж ажилласан нь энэ форум хэр далайцтай явагдсаныг гэрчилнэ. Түүнчлэн дээрх үнийн дүнд зарим гэрээ хэлэлцээрийн дүнг оруулаагүй бөгөөд арилжааны нууц гэж үзэн үнийн дүнг нууцалсан олон хэлэлцээр байгуулагджээ.
Орос, Турк хоёр “Туркийн урсгал”-ын бүтээн байгуулалтын талаар тохиролцсон бол Грек улс төсөлд нэгдэх талаараа мэдэгдсэн юм.
Ингэснээр Европын орнууд Оросоос хий авах боломжтой болж, Европын хориг арга хэмжээ Оросын хийн салбарт хамаарсан ч Грек энэ хоригоос үл хамааран Оросын хийг хэрэглэх боломж үүсчээ.
Өөр томоохон итгэл найдвар төрүүлсэн хүмүүс нь форумд оролцсон Хятадын төлөөлөгчид байлаа. Тэд дэд бүтцийн шинэ шийдэл төдийгүй санхүүгийн хэрэглүүрүүд, IТ технологи, хүнд үйлдвэрлэлийг өөртөө багтаасан “Агуу торгоны зам” шинэ төслийг танилцуулсан юм.
Орос улс хямралыг даван туулж чадаж байгаа
Энэ форум дээр Путины хэлсэн үг онцгой анхаарал татаж байлаа. Тодруулбал Орос улс хямралыг даван туулж чадаж байгаа, Оросын эрчим хүчний компаниуд газрын тосны үнийн уналтад, хөдөө аж ахуй нь хориг арга хэмжээнд дасан зохицсон гэдгийг тэрбээр онцолсон юм. Мөн Европын үйлдвэрлэгчид хориг арга хэмжээний улмаас 100 тэрбум гаруй ам.долларын хохирол амссан гэдгийг Путин цохон тэмдэглэж байв. Ерөнхийдөө, ОХУ-ын төрийн тэргүүний хэлсэн үг өөдрөг өнгө аястай байсан бөгөөд Оросын эдийн засагт хямрал нүүрлэсэн гэж хүлээн зөвшөөрсөн ч удалгүй энэ хямралаас гарна, эдийн засгийн өсөлтийн хэмнэлийг 3.5 хувьд хүргэнэ гэж амлаж байлаа.
Хэдийгээр форум амжилттай болж өнгөрсөн ч сөрөг хандлагууд ч ажиглагдаж байсан юм. Гадаадын орнуудын төрийн тэргүүд форумыг үл тоомсорлосон бол Европын компаниуд ч энэ форумд өргөнөөр оролцсонгүй. ХБНГУ-ын Элчин сайдын яамны өндөр албан тушаалын дипломатын мэдэгдсэнээр Оросын эсрэг хориг арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар сунгахаар болсон байна. Тиймээс ийм нөхцөлд гэрээ хэлэлцээр хийх нь эрсдэлтэй гэж үзсэн Европын компаниуд энэ форумд нэг их ач холбогдол өгсөнгүй.
Энэ форумд Саудын Арабаас төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүн ирж оролцлоо. Сүүлийн үед Эр-Рияд зэвсэг, цэргийн техник, цөмийн технологи худалдаж авах зэргээр олон салбарт Оростой хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. Харин Иран улс Ойрх Дорнод дахь Оросын стратегийн түнш хэдий ч сүүлийн үед Орос, Ираны хоорондын эдийн засгийн харилцаа буурч, тиймдээ ч энэ удаагийн форумд Иран цөөхөн бүрэлдэхүүнтэйгээр ирж оролцжээ.
Форумыг тун нааштайгаар хүлээж авсан хүмүүсийн нэг нь Грекийн Ерөнхий сайд А.Ципрас байлаа. Тэрбээр форумын үеэр үг хэлэхдээ бүгд салахыг хүсэхгүй байгаа Европ төвтэй дэлхийн үзэл баримтлалын төгсгөл ирж байгаа гээд хүчний шинэ төвийг хайх хэрэгтэй хэмээн онцолжээ. Грекийн Ерөнхий сайдын үзэж байгаагаар энэ шинэ төв нь Орос болон БРИКС-ийн бусад орнууд гэнэ.
Гэвч одоогоор Орос улс энэ шинэ төв байж чадах эсэхээ хараахан баталж чадахгүй байгаа юм. Ямартай ч Грек энэ форумд ихээхэн ач холбогдол өгч, олон чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуран, Оростой харилцах харилцаандаа дахин дэвшилтэт алхам хийсэн юм. Орос улс Грекд зээл олгож магадгүй нөхцөл байдал үүссэн нь АНУ-ыг “сандаргасан” тухай Финаншиал Таймс мэдээлжээ.
Өмнө нь Грекийн дампуурал эдийн засгийн хувьд ноцтой үр дагавар авчирна гэж АНУ эмээж байсан бол одоо улс төрийн үр дагавраас санаа зовниж байгаа гэнэ. Грекд дефолт нүүрлэснээр тус улс Европын орнуудад “дайсагнасан” байдлаар хандах нь Орос улсын хувьд энэ улсад нөлөөлөх нөлөөллөө хүчирхэгжүүлэх боломж олгоно, энэ нь Оросын хувьд “геополитикийн бэлэг” байх болно гэж Америкийн Олон улсын харилцааны зөвлөлийн шинжээч онцолжээ.
Эх сурвалж: Финаншиал Таймс, news.ru, ria.ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!