Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Гацууртын ордыг ашиглавал бид төр засгаас асуухгүйгээр Ноён уулын булшны тоог нэмнэ"

Г.Номин, iKon.mn
2015 оны 6 сарын 10
www.ikon.mn
Зураг зураг

Гамшгийн эсрэг үндэсний төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, Гацууртын орд, Ноён уулын асуудлаар мэдээлэл хийлээ.

Сентерра Голд ХХК-ийн Гацуурт төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болсныг эсэргүүцэж байгаагаа хурлын үеэр мэдэгдсэн юм.

Энэ үеэр Гал үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундаганай Ноён уулыг ухахгүй байх зайлшгүй шалтгаануудыг танилцууллаа. Үүнд :

  1. Ноён уул бол Монголчуудын хоймор, хийморь, шүтээн
  2. Ноён ууланд ихэс дээдэс хаадын булш байгаа
  3. Ноён уул бол бидний 2200 жилийн омогшил бахархлыг төрүүлдэг газар
  4. Ноён уул бол зөвхөн монголчуудын асуудал биш. Ноён уулын асуудал бол Түрэг, Уйгур, Жужан их гүрнүүдийн асуудал
  5. Ноён уул бол урт нэртэй хуулийн үйлчлэлд багтсан  ойн сайн бүхий газар.
  6. Ноён уул бол гол мөрний урсац бүрддэг газар. Ноён уулаас 22 гол урсаж гарч байгаа.
  7. Гацууртын ордын орчимд хаан хор гэгдэх хүнцэлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 5,000 дахин их байгаа.
  8. Орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа.
  9. Гацууртын ордыг ашиглах одоогийн гэрээгээр улс орон нэг хувийн л ашиг олно.

"Тиймээс Гацууртын ордыг ашиглаж эхэлбэл бид төр засгаас асуухгүйгээр Ноён уулын булшны тоог нэмнэ гэдгээ мэдэгдье” гэсэн юм. Ноён уулын булшны тоог нэмнэ гэдэг нь ямар утгатай болох талаар түүнээс асуухад "Ноён уулыг уулыг ухуулахгүй байхын төлөө хүний аминд хүрэхээс ч буцахгүй гэж ойлгож болно" гэлээ.

ТББ-уудын зүгээс 2015 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын чуулганаар Гацууртын орд газрыг стратегийн орд болгох шийдвэр гаргаснаар Ноён уулын дархан байдалд халдах боломж бүрдсэн хэмээн үзэж байгаа аж.

“Гацууртын ордыг олборлож эхэлбэл газрын хөрсний мөнх цэвдэгт нөлөөлж, улмаар тодорхой хүрээнд доргилт үүсэн, булш бунхан устаж, хүнцэлийн хор ялгаран, хүн, мал, хөрс, усыг хордуулж эхэлбэл хариуцлагыг хэн ч хүлээхгүй. Тиймээс ямар ч байсан Ноён ууланд гар хүргэхгүй” хэмээн Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар хэллээ.

Хэвлэлийн хурлын дараа ТББ-уудын зүгээс Гацууртын ордыг ашиглах асуудлын гол буруутан гэж үзэж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл онооно гэдгээ мэдэгдсэн юм.