Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс “Паз” автобус унасан байна.
Уг автобус нь Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд 35 хүнтэй зорчиж явсан бөгөөд “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийнх аж. Осол зургаадугаар сарын 08-ны 03:00 цагийн орчим болсон бөгөөд энэ тухай дуудлагыг өнөөдрийн 06:40 цагт Онцгой байдлын Ерөнхий газарт өгчээ.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч нарын баг Архангай аймаг руу алсын дуудлагад явсан бөгөөд одоогоор гэмтэж бэртсэн хүмүүсийг нийслэлд авчраагүй байгаа аж.
Дээрх мэдээллийг тодруулахаар Архангай аймгийн Авто тээврийн төвийн дарга Д.Оюунбилэгтэй холбогдлоо.
Тэрбээр "Ослын улмаас хүний амь нас хохироогүй. Одоогоор найман хүнийг аймгийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Дөрвөн хүн ил харагдах гэмтэл шархтай, хоёр нь тархиндаа хөнгөн гэмтсэн, нөгөө хоёр нь хөнгөвтөр гэмтэлтэй байна гэсэн мэдээллийг аймгийн нэгдсэн эмнэлгээс ирүүлээд байна. Харин бусад зорчигчдыг Хотонт суманд байлгаж байгаа. Үлдсэн 27 зорчигч болон жолооч нар гэмтэж бэртсэн зүйлгүй зүгээр байна гэсэн. Өнөө өглөөний 09:00 цагийн үед аймгаас автобус гаргаад Хотонт суманд байгаа зорчигчдыг авахаар явуулсан. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсны дараа эндээс очсон автобусанд зорчигчдыг суулгаад Увс аймаг руу явуулна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт байгаа найман хүний биеийн байдал гайгүй гэж үзвэл тэр автобусанд суулгаад явуулна” гэлээ.
Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтсийнхэн Хотонт суманд ажиллаж байгаа аж.
Цагаан сүм голын гүүр нь нэлээн өндөр, хоёр даланг холбосон бетон гүүр байдаг аж. Тухайн автобусны жолоочийн ярьснаар зургаадугаар сарын 8-ны 04:00 цагийн үед Цагаан сүм голын гүүрийн дөнгөж гарах гэж байхдаа осолдсон гэсэн тайлбарыг өгч байгаа гэнэ. Жолооч нь ослын улмаас цочролд орсон байгаа тул өөр зүйл яриагүй байна.
Осолдсон “Паз” автобус нь Увс аймгийн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийнх бөгөөд тус компанийн захирал н.Сэнгэсамбуу Архангай аймгийн Авто тээврийн төвийн даргатай холбогдож ослын талаар мэдээлэл авсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!