НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН АЛБАН ТУШААЛТАН, АВТОБУС КОМПАНИЙН ГУРВАН ЗАХИРЛЫГ ХОРИЛОО
Нийслэлчүүдэд хөл залгуулдаг нийтийн тээврийн аж ахуйн нэгж өчигдөр ажил хаян, иргэдийг бухимдуулав. Үүнтэй зэрэгцээд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч гурван компани, нийслэлийн Тээврийн газрын нэг албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр энэ салбар олны анхаарлыг бүр ч татлаа.
Эдгээр компанийн удирдлага болон нийслэлийн Тээврийн газрын албан тушаалтан нийлж, төрөөс нийтийн тээврийн компаниудад олгодог нөхөн төлбөрийн мөнгийг хуурамч баримт материал үйлдэн луйвардаж авч байсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү “Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад МТ-150 маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг. Уг төхөөрөмж нь замын хажууд тавьсан хянагч аппаратаар дамжин, нийслэлийн Тээврийн газарт байх төв серверт нь аль компанийн хэд гэсэн дугаартай автобус хаана явж байгаа талаар мэдээллээ дамжуулдаг юм билээ.
Гэтэл нэр бүхий аж ахуйн нэгжийнхэн явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж аваад хувийнхаа суудлын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг бүртгүүлэн, нөхөн олговор авч байсныг ЭЦГ-ын ажилтнууд илрүүлэн шалгаж байна.
Уг хэрэгт холбогдуулж, автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч гурван компанийн захирал, нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэн гэсэн дөрвөн хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэллээ.
Нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэн арай өөр аргаар мөнгө луйвардаж, аж ахуйн нэгжийн удирдлагаас шан харамж авч байсан байж болзошгүй. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд эцсийн буудалдаа очоод цагаа бүртгүүлдэг.
Тэнд байдаг диспитчер нь цагийг нь үнэн зөвөөр, явах ёстой цагаар нь бичсэн баримтаа Тээврийн газарт хүргүүлдэг.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд эцсийн буудалдаа очоод цагаа бүртгүүлдэг.
Харин алах мэргэжилтэн цагийг нь нэмж, илүү цагаар ажилласан мэт харагдуулан нөхөн олговор олгуулж байсан тогтоогдсон.
Жишээ нь, нэг автобус 60-70 цагийн эргэлт хийх ёстой байхад Тээврийн газрын ахлах мэргэжилтэн 100 цаг ажлын гүйцэтгэл бичиж, санхүүгийн албандаа оруулж өгч байсан үйлдлийг шалгаж байна” гэж мэдээллээ.
Төрөөс ахмад настан, оюутан, цагдаагийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулахаар хуульчилж, үүний нөхөн олговорт татвар төлөгчдийн халааснаас татсан мөнгөө өгдөгийг хүн бүр мэднэ.
Ингэхдээ үйлчилгээнд хэчнээн автобус гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж байгаад аж ахуйн нэгж бүрт харилцан адилгүй, цөөхөн автобустайд бага, олон автобус үйлчилгээнд гаргасан бол их мөнгө нөхөн төлбөрт өгдөг юм байна.
Харин нийслэлийн Тээврийн газраас “МТ-150” хэмээх GPS төхөөрөмж, эцсийн буудалд бүртгэхээс өөрөөр хяналт тавих боломж сул байдгаас хонжоо хайгчид үүнийг нь овжноор ашиглаж байсан нь ийнхүү тодорхой болов.
Бидэнд олдсон мэдээллээр нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтнээс гадна Max маркет-Улаанхуаран чиглэлд зорчигч тээврийн “Тэнүүн дэлгэр” компанийн захирал Энхболд, иргэд олноор зорчдог Орбит-Тэнгис, Таван шар-Баянзүрхийн товчоо чиглэлд явдаг “Тэнүүн огоо” компанийн захирал Ганхуяг, тус компанийн охин компани болох ‘Тулга огоо” компанийнхан энэхүү хууль бус, татвар төлөгчдийн мөнгийг луйвардсан хэрэгт холбогдоод байгаа аж.
Зөвхөн нэг “Старекс” маркийн машинд үзлэг хийхэд “МТ-150” маркийн 20 GPS аччихсан, автобуснуудын өмнөөс цагийг нь бүртгүүлж байсан гэнэ. Хувийн машины жолооч нартай нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компанийн диспитчер нь утсаар холбогдон "... чиглэлийн ... дугаартай автобусны GPS-ийг холбоорой” гэж хэлэхэд хөлсний жолооч нь ачиж явсан төхөөрөмжийнхөө хэлсэн дугаартайгийнх нь цахилгааны утсыг аккумлятортой холбоод хөдөлгөөнд оролцож байж.
Ингэснээр замын хажууд суурилуулсан, нийслэлийн Тээврийн газарт мэдээлэл дамжуулагч төхөөрөмжид дохио нь давхцаж, ... дугаартай... чиглэлийн автобус төдөн цагт энд явж байна гэж бүртгэгдэж байж. Уг автомат бүртгэлдээ үндэслэн үнэхээр л хөдөлгөөнд оролцож байсан гэж үзээд нөхөн олговрыг нь олгодог байсан гэнэ.
Түүнээс гадна “Тэнүүн огоо” болон “Тулга огоо”-гийнхон нийслэлийн Тээврийн газраас тавьж өгсөн төхөөрөмжийг нь салгаж, оронд нь нэг мэт харагдавч хоёр ч автобусны цагийг бүртгүүлчихдэг төхөөрөмж суурилуулсан байсан нь шалгалтаар илэрсэн аж. Эдгээр баримт бол дөнгөж эхлэл нь. Үүнээс цааш нарийвчлан шалгасны дараа бүр ч олон үйлдэл, луйвар илрэх магадлалтай.
Түүгээр ч зогсохгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчит аж ахуйн нэгжийнхэн, нийслэлийн Тээврийн газрын удирдах албан тушаалтнуудтай холбоотой мөнгө завшсан, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг гарч ирж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд хэллээ.
Өөр хэд хэдэн эх сурвалжийн хэлж буйгаар GPS төхөөрөмжөө салгаад суудлын автомашинд суурилуулан авч явж байсан хэрэг өнөөдөр ч илэрч байгаа зүйл биш гэнэ. 34 жилийн өмнө хэдэн хэдэн компанийнхан GPS-ээ салгаж, хувийн машинд тавиад цаг, эргэлтийг нь бүртгүүлдэг байсан тохиолдол илэрч, арга хэмжээ авхуулж байсан аж.
Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч болон энэ салбарт оролцогч аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын зөрчлөөс болж иргэд зорьсон газартаа автобусаар очиж чадахгүйд хүрч мэдэх нь. Нийслэлийн Тээврийн газрын учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар “Тэнүүн огоо”-гийн Ганхуяг, “Цахилгаан тээвэр” ХК-ийн захирал асан Жаргалсайхан тэргүүтэй хүмүүсийн хоорондын зөрчил бие биеэ хууль хяналтын байгууллагаар шалгуулахад хүргэсэн аж.
Эхлээд Ганхуяг тэргүүтэй хүмүүс Жаргалсайханыг “Эко автобус” нэрээр төрөөс мөнгө гаргуулж Хятадад бүх бэлдэц, эд ангийг нь хийлгээд Монголд угсарсан автобусыг барууны стандарт хэмээн нийтийн тээврийн компаниудад шахаж байгаа нь хэтэрхий өндөр үнэтэй.
Үүнээс илүү чанартай автобусыг 52 мянган ам.доллараар импортлох боломжтой байхад Монголд үйлдвэрлэсэн нэртэй хятад автобусыг 150 мянган ам.доллараар шахаж байна” хэмээн аудитын дүгнэлт гаргуулж, нэлээд олон хуудас дүгнэлтээ АТГ-т өгч шалгуулж эхэлсэн аж.
Гэвч уг хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгоод өнгөрөөжээ. Харин өдгөө Жаргалсайхан нь Ганхуягийгаа цагдаагийн байгууллагаар шалгуулаад, далимдуулан төрийн албан тушаалд хүрэх сонирхол явж байж болзошгүй гэсэн хардлага Тээврийн газрынханд байгаа юм байна.
Хэрэв ажил хаялт, тэмцэл үргэлжилж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд талцаад эхэлбэл Улаанбаатар хотынхны хөл дүүжилдэг автобус компаниудад ч, иргэдэд ч ашиггүй, харин ч хохиролтой. Тиймээс хууль хяналтын байгууллага үнэн мөнийг нь тогтоотол аядаж байгаасай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!