Бүрэн шаталттай 45000 зуухыг нийслэлийн зургаан дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнэээр өгөхөөр болсон билээ. Энэ дагуу энэ сарын 15-наас эхлэн зуухыг борлуулах ажил эхэлжээ.
Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших лабораторийн туршилтаар орсон 15 төрлийн зуухнаас бүрэн шаталттай Сэлэнгэ констракшн ХХК-ны “Өлзий” зуух, Роял Өүшн ХХК-ны “Том дөл” зуух, Элмеко ХХК-ны “Талст” зуух, Их тэнгэрийн хүч ХХК-ны “BEKAS-107” зуух шалгарчээ.
Өмнө нь бүрэн шаталттай зуух авч байгаагүй, амьдарч буй хороондоо бүртгэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж зуух авах юм байна.
- Хас банкны гэр цэгт очиж зуухаа сонгож, төлбөрийн нэхэмжлэл авна.
- Хас банкны тооцооны төв рүү очиж, нэхэмжлэхийн дагуу төлбөрөө тушааж, төлбөрийн баримтыг авна.
- Төлбөрийн баримтаа үзүүлж, гэрээ байгуулна.
Харин гэрээ байгуулсны дараа үйлдвэрлэгч шинэ зуухыг айл өрхүүдэд суурилуулж өгөх юм. Айл өрхүүдийн хувьд хуучин зуухаа заавал тушаах бөгөөд зааврын дагуу зуухаа хэрэглэвэл агаар цэвэршиж, уушгаа хамгаалахаас гадна зуухны үнийг 93 хувиар, түлшний зардлаа 30 хувиар хэмнэж, цахилгааны зардлаа 50 хувиар хөнгөлөх боломжтой аж.
Нийслэлийн ЗДТГ-ын төслийн нэгж Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан Цэвэр агаарын сантай хамтарч энэхүү зуухыг олгож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!