Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгойн далд уурхайд ЗУРГААН ТЭРБУМ орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж 40-н асуудал хэлэлцсэн байна. Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Арабын Нэгдсэн Эмират Улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Тус улс ес орчим сая хүнтэй, нэг хүнд ноогдох ДНБ 50 мянга орчим ам.доллар, дэлхийд зургаад ордог баян орон юм.

1970-аад оны дунд үеэс газрын тос, байгалийн хий олборлох нь эрчимтэй нэмэгдсэнээр эдийн засаг нь хөгжиж дэлхийн эдийн засгийн томоохон төв болсон аж. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд тус улсын дэд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Шадар сайд нартай уулзаж эдийн засгийн чуулганд оролцож үг хэлэх аж.

Өчигдөр Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх ёслол  болж гарын үсэг зурсан байна. Оюу толгой 2010 оны долоодугаар сард зэсийн баяжмал үйлдвэрлэж эхэлсэн. Гэсэн хэдий ч 2013 оны наймдугаар сараас үл ойлголцол үүсч түр зогсонги байдалд ороод байсан. Шийдлийн Засгийн газар байгуулагдаж Оюу толгойг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд сүүлийн гурван сар хоёр талд идэвхтэй хэлэлцээр хийсний үр дүнд Оюу толгойн далд уурхайг явуулах ажил эхэллээ.

Оюу толгойн далд уурхай нь нийт уурхайн 80 орчим хувийг бүрдүүлдэг аж. Тус уурхайд зургаан тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд ойрын үед санхүүжилтийн төлөвлөгөөгөө гаргах юм байна. 

Аймгийн Засаг дарга нар Засгийн газрын болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно 

Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд ирэх сарын 2-3-нд болох Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцоно.

Энэ арга хэмжээний дараагаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Засаг дарга нарын семинарыг зургаадугаар сарын 4-5-нд зохион байгуулах юм.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар

  • Орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэхээр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат,
  • Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн зарим ажлын талаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийж,
  • “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох” тухай Засгийн газрын тогтоолын төслийн тухай хэлэлцэхээр төлөвлөж байна.

Мөн орон нутагт чиглэсэн болон тэнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна. Хуралдааны төгсгөлд аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар гарсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулж шалгарсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Шинээр байгуулагдсан гал унтраах, аврах ангийн зардлыг шийдвэрлэлээ

Өмнөговь аймгийн Цогтцэций, Хөвсгөлийн Тариалан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Завханы Тэс суманд шинээр гал унтраах, аврах анги байгуулсантай холбоотойгоор шаардагдах зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэлээ.

2016 оноос эхлэн холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа.

Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага, улсын стандартаар 4,000-аас дээш хүн ам тутамд нэг гал унтраах аврах анги байхаар заасан. Тус стандартын шаардлага болон гамшиг, гал түймрийн давтамж, учруулж байгаа хохирол жил бүр нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд хохирох, гэр, мал эд хөрөнгө өртөж байгаа зэргийг үндэслэн дээрх сумдад гал унтраах, аврах анги байгуулах зайлшгүй шаардлага байжээ.

Манай улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 21 аймаг, нийслэл хотод аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд гал унтраах, аврах 49 анги үүрэг гүйцэтгэж байна.