Төмөр замын салбарт авах хөнгөлөлттэй зээл улсын өрөнд хамаарахгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийсэн.
АН-ын бүлгийн хуралдаанаар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. “Энэхүү хуулийн төслүүдийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн. Өмнөх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмсэн.
Тэрбээр, “Мөн хуралдаанаар Засгийн газар болон УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тухай ажлын хэсгийн санал, дүгнэлтиийг сонслоо.
Ажлын хэсгээс УИХ болон Засгийн газар хот төлөвлөлт, ажилгүйдлыг бууруулах, шинэ хөдөө гэсэн чиглэлээр ажиллах ёстой гэсэн санал оруулж ирсэн. Энэхүү гурван чиглэлд хийж хэрэгжүүлэх арга хэмжээ болон нөөц бололцоог судлах дэд ажлын хэсгүүд байгуулсан” гэлээ.
Мэдээллийн дараа түүнээс дараах асуултад хариулт авсан юм.
-УИХ-ын чуулганаар Таван Толгойн төслийг хэзээ хэлэлцэх вэ?
-Таван Толгойтой холбоотой асуудлыг хэлэлцээгүй. Учир нь энэхүү төслийг судлах ажлын хэсгээс Засгийн газарт асуулга хүргүүлсэн.
Уг асуулгын хариу ирээгүй байгаа тул санал, дүгнэлтээ нэгтгэзгүй байгаа гэсэн үг. Ажлын хэсгийн санал дүгнэлтийн дараа бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргахад бэлэн байгаа.
-БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авах асуудал ярьж байна. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Хүндэтгэлийн чуулган дээр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди төмөр замын салбарт зээл өгөх талаар мэдээлэл хийсэн. Ер нь төмөр зам болон эрчим хүчний салбарт хөнгөлөлттэй зээл авах нь улсын өрөнд ордоггүй гэсэн хуулийн заалттай.
-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөлд цөөнхийн эрх ашгийг хамгаалах заалт орсон байна гэсэн асуудал хөндөгдөж байна?
-Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол цагдаа, татвар гээд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж ахуйн нэгжийг нэг удаа татвараас чөлөөлж, хэргийг хүчингүй болгох хууль юм. Энэ хуулийг батлах нь эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
