ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн Засгийн газраас нэг тэрбум долларын зээл авах нь улcын өрийг нэмэгдүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, мөн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээллийн эхэнд, “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр болсон УИХ-ын хүндэтгэлийн чуулганы үеэр нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо дуулгасан. Бид сайн нөхрөөсөө урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авч болно. Гэхдээ хөнгөлөлттэй зээл болгоныг “шар тос” гэж хүлээж авч болохгүй” хэмээн онцлоод ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн цаана тодорхой бүлэглэлийн ашиг сонирхол явж байдаг. Зээлийн цаана тодорхой тулгалт шаардлага явж байдаг. 

Ер нь МАНАН-гийн Засгийн газрын үед энэ хөтөлбөрт хамрагддаг нь гайхал төрүүлж байна. Өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 40 хувьд барина гэж амласан ч өнөөдөр 60 хувьд хүрээд байна. Зээл гэдэг бол өнөөдөр хэрэгтэй ч улс орны ирээдүйд хохиролтой. Бид 2017 оноос өр зээл төлж эхэлнэ. Гэтэл өнөөдөр Монгол Улс нэг тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байна. Хоёр нам өнөөдөр улс орны улстөржүүлсэн байдалтай авч явж байна.

Намууд сандал ширээ булаалдах түвшинд ажиллаж байгаагаас эдийн засгийн хямрал нүүрлэчхээд байна. Ер нь Засгийн газар дотоодын нөөц боломжийг ашиглахгүй, зөвхөн зээл тусламжид дулдуйдаж ажиллаж байна. Засгийн газар ажиллахгүй байна” гэв. 

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ долоо хоногт хэлэлцэх зарим хуулиуд дээр бие даагчдын санал бодлыг мэдээлсэн юм.

Тэрбээр, “Энэ долоо хоногт 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 төсвийн төсөөллийн хэлэлцүүлэг болно. Эдгээр хуулиуд дээр эдийн засгийн өсөлт болон төсвийн үзүүлэлтийг яаж авсан бэ гэдэг өнгөрсөн оны үзүүлэлтээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай гэж гарсан. Гэтэл Энэтхэгийн Ерөнхий сайд өчигдөр хэлсэн үгэндээ Энэтхэг улс дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, 7.4 хувийн өсөлттэй байна гэж хэлсэн. Бид эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэхээр харагдаж байгаа юм. Гэтэл бид яагаад хямраад байгаа юм.

Энэ нь Оюу толгойн баялаг манай улсын ДНБ, экспорт дээр тооцогдож байгаа ч валютын орлого дээр байхгүй. Валютын орлого дээр Оюу толгойн нийт борлуулалтын орлогын 5 хувь нь орж байгаагаас бид тэргүүлэх хөгжилтэй эдийн засагтай орон гэгдэж байгаа ч зээл авч байна, хямарч байна.

Мөн хоёр нам Засгийн газарт хамтрахдаа улсын өрийг нэмэгдүүлэхгүй улсаа хөгжүүлнэ гэж байсан ч одоогийн ажиллаж буй арга барилыг харахад өр тавих сэтгэхүйгээр ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байгаа ч дэд сайдын орон тоогоо хөдөлгөхгүй байна. Цалин төсвийн орлогоос хамаарна гэсэн нь цалин тэтгэвэр нэмэхгүй гэсэн нь адил уншигдаж байгаа юм. Өнөөдөр яагаад эдийн засаг хямарч байна вэ гэдэгт хариулт өгөх хэрэгтэй.

Нэгдүгээрт баялгийн мөнгө Монголд орж ирэхгүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, баялгийн мөнгөө 1.5 саяын хувь хишигт тараасан, тэр мөнгөө зээлээр босгосон. Гуравдугаарт, үнэ тогтворжуулах хөтөлбөрөө оновчгүй зохион байгуулсан. Сонгуулийн амлалтаар улс орноо хөгжүүлнэ гэсэн. Энэ маягаар явбал монголын өр их хэмжээтэй болох нь ээ” гэлээ. 

"Энэ долоо хоногт Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг баримт бичиг нь өнөөгийн тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхээр тусгасан ч хамгийн гол нь бие даасан эрчим хүчний системтэй болох асуудлыг бүрэн дүүрэн тусгаж өгөх шаардлагатай гэж бие даагчид үзэж байна. Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд дээр нийтийн аюулгүй байдлыг хангасан байх гэсэн шаардлагыг анхаарч ажиллана" гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.