ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гарамгайбаатар: Таван толгойн асуудлыг АН-ын бүлэг хэлэлцээгүй

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. 

Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “АН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, хоёрдугаарт УИХ, Засгийн газрын түвшинд бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар бүлгээс гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөл Засгийн газраас өргөн баригдаад нэлээн удаж байна. Манай бүлэг энэ хоёр хуулийн төслийг зэрэг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт яг энэ хуулийн төслүүдээр холбогдох яамдын сайд нараас асуулга асуухтай холбогдуулаад энэ асуудал хойшлогдсон. Энэ тав дах өдөр Хууль зүй, Сангийн сайд нараас дээрх хоёр хуулийн талаар асуулга асууна. Үүний дараа хууль цаашаа явах эсэх шийдвэр гарна. 

Дээр асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан. Бизнес эрхлэгчидтэй уулзаж, хүндрэлтэй, тулгамдаж байгаа асуудлыг судлах тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү ахлах юм. 

Хоёрдугаар асуудал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын ахалсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Тус ажлын хэсэг УИХ, Засгийн газрын түвшинд бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, анхаарч ажиллах асуудлуудыг багцалсан. Үүнд гурван чиглэлээр ажиллах ёстой гэсэн дүгнэлт гарч ирлээ. Үүний дагуу дэд ажлын хэсэг байгуулж, тодорхой хугацаанд нарийвчлан судлах зүйл байна гэж үзлээ. Хот төлөвлөлт, Ажилгүйдэл, Шинэ хөдөө гэсэн гурван цогц ажлын хэсгийг байгууллаа

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Эдийн засгийн өршөөлийн тухай хууль үндсэндээ нийт аж ахуй нэгжүүдийг хамрахгүйгээр хэсэг бүлэг хүмүүсийг хамарсан хууль болж байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Хямралын уршгаар аж ахуй нэгжүүд татвараа төлж чадахгүй байна. Тэдгээр аж ахуй нэгжүүдийг хамруулах тухай хуульд тусгасан уу? 

Б.Гарамгайбаатар: Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэсэн хоёр багц хууль УИХ-д орж ирсэн байгаа. Ил тод байдлыг дэмжих тухай хууль төсөл үндсэндээ урагшлаад эхэлсэн. Одоо ил гаргаагүй хөрөнгийг мэдүүлэгтээ тусгах тухай асуудлыг тусгасан.

Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол цагдаа, татвар дээр юм уу эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад янз бүрийн торгуультай аж ахуй нэгжүүдийг чөлөөлөх эсэхийг шийдвэрнэ. Тиймээс энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой гэж үзээд байгаа юм. Харамсалтай нь улс төрийн ашиг сонирхлоор энэ хуулийг мушгин гуйвуулах явдлаас болгоомжилж уг хуулийн төсөлд их няхуур хандаж байна.

Энэ Баасан гарагт С.Бямбацогт гишүүний асуулга явагдана. Энэ үеэр хоёр хуулийн төслийн чиглэлийг асуулгын дараагаар хэрхэн яаж шийдэх вэ гэдэг асуудал яригдана. Ямар ч байсан Эдийн засгийн өршөөлийн тухай хууль зайлшгүй гарах ёстой хуулийн төслийн нэг гэдгийг АН дэмжиж байгаа

Ш.Түвдэндорж: Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч одоогийн байдлаар хэчнээн аж ахуй нэгжүүд татварын дарамтад ороод байгааг судалж байна. Хууль зүйн сайдын хэлж байгаагаар 11 мянга гаруй аж ахуй нэгж татварын дарамтад орсон гэсэн тоог хэлээд байгаа.